21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МОНГОЛ СОЁЛОО ӨВЛӨН СУРАЛЦАГЧ Б.СЭБАСТИАН

2022 оны 10 сарын 06 нд

             Навчис хөглөрсөн намрын түмэн өнгө дундуур хөг, хэмнэл нэмсэн бяцхан хүүгийн эвлэгхэн хөөрхөн дуу сонор мялаав. Ажин түжин нь сандаачигдсан өнөөгийн нийгмийн альхан хавиас ийм тунгалаг, гэгээхэн шинэ үе “ургаж” байна вэ хэмээн анзаарвал хилийн чанад руу хөтөллөө.

Бөмбөрцгийн бөөрөнд зэрэгцэн орших атлаа заримдаа бид ямар ч олон зүйлсийг мэдэхгүй, анзаарахгүй эсвэл хайхрахгүй өнгөрнө вэ? Эл бодолдоо хөтлөгдөн хэдэн өдрийн өмнөөс нэгэн гэр бүлийн дотоод руу алсаас чимээлснээ та бүхэнтэй хуваалцъя.

         Сэтгүүлч миний цахим талбарт олон жил зэрэгцэн оршсон хөдөлмөрч атлаа эгэл даруухан нэгэн гэр бүл байх. Өрхийн тэргүүн Б.Баасансүх, түүний хань А.Рэгзэдмаа нар дөрвөн хүүхдийн ээж аав. Тэд бусдын адил аж амьдралдаа шинэ жим мөр гарган 2001 онд Швед улсыг зорьж, харийн улсад бизнесийн талбарт хөл тавьсан анхны Монгол залуусын нэг.

Залуу хос тэр үеэс зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг “Euro Mon AB” компаниа үүсгэн байгуулж, өдгөө суши рестораны таван салбартаа 40 гаруй монгол ажилтан ажиллуулж, аж амьдралын бат найдвартай ар тал нь болж иржээ.

Б.Баасансүхийн том охин Стокхолмын их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж, мастерийн зэрэг хамгаалсан. Дөрвөөс 11 насны гурван дүүг нь эгчийнх нь нэгэн адил чанартай боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ Монгол хэл соёл, ёс уламжлалаа өвлөн тээгч, язгуур чанараа эрхэмлэгч иргэд болгон өсгөж хүмүүжүүлэхэд зорьдогоо онцолсон юм.

Тэд Швед улсад ажиллаж амьдардаг Монгол багш, бүжигчин, дуучин, хөгжимчин, гэрэл зургийн студи, сэтгүүлч, зураглаач нартай хамтран ажиллаж, хүүхдийнхээ авьяас чадварыг дэмжин, сонирхсон чиглэлүүдээр нь дугуйлан, сургалтуудад идэвхтэй хамруулснаар иржээ.

Гэргий А.Рэгзэдмаа хэлэхдээ:Хүүхэд гэдэг зааж сургасан бүхий л зүйлийг төвөггүй сурчихдаг гайхалтай ертөнц. Энэ бүхэнд мэргэжлийн чадварлаг багш нарын заах арга зүй хамгийн чухал гэдгийг манай гэр бүл онцлон хэлэхийг хүсч байна. Таны тодруулж асуусан “Хүүхэд морь хоёр”, “Хотгойдын унага” дууны үгийг цээжлүүлэх, Монголоор цэвэр зөв дуудуулж сургах, аялагыг нь засах зэрэгт маш их хөдөлмөр, цаг хугацаа, хичээл зүтгэл шаардсан. Тухайлбал үг нэг бүрийн утгыг тайлбарлаж, зарим үед үйл хөдлөлийг зураг, бичлэгээр үзүүлж тогтоолгохыг хичээсэн. Ятгын “Цэнхэр залаа” ая ч мөн адил. Бага насны хүүхдэд нэлээд хүнд, хурд шаарддаг зохиол. Эдгээр уран бүтээл дээр ноднин намраас эхэлж бэлдэн яг нэг жилийн дараа хүү минь бүтээлүүдийг өөрийн болгосон. Энэ их хичээл чармайлт, багш нарынхаа хөдөлмөр зүтгэлийг баримтжуулж, урлаг талаас нь бүтээл болгоё гэж ярилцаад бид энэ намар Монгол руу шуурхайлан хөдөлж , клипний зураг авалтаа хийгээд буцсан.

Эх орондоо очсоны дараа Монгол хүний зөн совин, омогшил, хийморь хүнийг ямар өөр болгодгийг анзаарлаа. Хэдийгээр хүүгийн минь нас бага ч цог золбоо, илүү ихийг таньж мэдэх хүсэл эрмэлзэл, эх орноо гэсэн сэтгэл, “ Би монгол эр хүн” гэсэн мэдрэмж нь гал дөл мэт дүрэлзэж байгааг мэдрэх гайхалтай байсан.

Манай гэр бүлийн эх орноо зорьсон энэ удаагийн аялал бидний амьдралд мартагдашгүй сайхан дурсамж болж үлдсэн. Монголын Улсын урлаг соёлын голомт болсон хүүхдийн ордонд хүүгээ дагуулж очсондоо үнэхээр баяртай байгаа.

2020 оны хөл хорионы үед Монгол Улсад хүүхдийн дууны элч, МУ-ын гавъяат багш С.Батболдын “Хэн сайн дуулах вэ?” тэмцээнд хүүгийнхээ бичлэгийг явуултал дэд байрын шагнал хүртэж Монголд болох Гала концертонд тоглох урилга авсан нь бидэнд маш их урам зориг өгсөн юм. Швэд улс дахь элчин сайд Т.Жанабазар хүүг маань багш Д.Отгонцэцэгийн хамт хүлээн авч, шагналыг гардуулж өгсөн нь миний хүүгийн анхны шагнал байсан” хэмээн онцолсон юм.

Б.Сэбастиан хүүгийн эрдэм мэдлэгийг зааж сургадаг багш нарыг танилцуулья.

Ятга хөгжим, дууны багш Д. Отгонцэцэг 

Mongol улсын соёлын элч Л. Энхмэнд 

Төгөлдөр хуурын багш Б.Эрдэнэсувд 

Бүжгийн багш Б. Анар Д. Ариунаа 

Эх хэлний багш М .Дуламсүрэн 

Гэрэл зургийн баг “ Bellas team”

Ийнхүү дэлхийгээр тархан суурьшсан Монгол үндэстний нэгээхэн хэсэн тус гэр бүл үр хойчсынхоо боловсол мэдлэг, хүмүүжил төлөвшил, зан заншил, ёс суратахуунд онцгойлон анхаарч хаана оршихоос үл хамааран хичээл зүтгэл гаргасаар байгааг та бүхэнд баяртайгаар уламжилж байна. Авъяаслаг бяцхан Б.Сэбастиан хүүгийн эрдэмт багш нарт Багш нарын баярын мэнд дэвшүүлье! 

Та бүхэн хилийн чанадад амьдарч, суралцаж буй авьяаслаг Монгол хүүгийн уран бүтээлүүдтэй дараах холбоосоор танилцаарай. https://www.facebook.com/bellasvarld

Дараах холбоосуудаар уран бүтээлтэй танилцана уу.

https://fb.watch/f_6hja1dHa/

https://fb.watch/f_6iG9S5XE/

https://youtu.be/Mf5O5GOlz4Y

Сэтгүүлч У.Марал



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0