21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Цагдаагийн байгууллага та бидний гар утсыг чагнаж, И-мэйлийг уншиж байдаг юм биш биз

2017 оны 06 сарын 20 нд

              Энэ сарын 15-нд МАН-ын нэр бүхий удирдлагуудын төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум босгох, Тавантолгойг гадныханд зарах замаар мөнгө угаах талаар ярилцаж буй бичлэгийг олон нийтэд ил болгосон Д.Доржзодовыг саатуулахаар цагдаагийнхан ажиллаж эхэлсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай мэдээлж эхэлсэн. Энэ үеэр нэлээн удаан хугацаанд мэдээлэл хийгээгүй, хаалттай байсан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс гэнэт хэвлэлийн бага хурал зарласан юм.

-ХУРАНДАА П.БАТБААТАР ПРОКУРОРЫН ЯМАР Ч 
ЗӨВШӨӨРӨЛ ХАРУУЛСАНГҮЙ-

            Тус хурлын үеэр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар Д.Доржзодовын асуудлаас гадна хэд хэдэн хэрэг мөрдөн шалгаж буйгаа дуулгасан. Тодруулбал, сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу хар машиныг худалдаж авах зорилготойгоор цахим ертөнцөөр мессэж бичиж, сонгуулийн үйл ажиллагааг будлиантуулах гэсэн “Шинэ яармаг” хорооллын захирал Н.Ууганбаяр гэх этгээдэд Эрүүгийн хуулийн 130-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг этгээд тухайн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг Канад улсын компани руу “Санал тоолох төхөөрөмж хэдэн төгрөг вэ, худалдаж авъя, түрээслэх боломжтой юу” гэх мэт тодорхой мессэж бичсэн байсан” гэв.

            Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг шуугиан тарьсан “Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлэгт улс төрийн тоймч Ш.Гантулгын хэлсэн “200 хүний толгойг авч тойрон бүжиглэнэ, цусаар цэвэрлэгээ хийнэ” гэж хэлсний төлөө, мөн  Б.Түвдэнбалжир гэх хүнээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд хятад гаралтай гэсэн нэвтрүүлэг хийж, олон нийтэд цацсан тул уг нэвтрүүлгүүдийг бэлтгэсэн “Херо энтертайнмент” студийн захирал Б.Баатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв.

            Улмаар мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Одоо нөгөө газраа хүрээд ир, одоо нөгөө юмаа ярина, одоо ингэж хэлнэ” гэх зэргээр Б.Түвдэнбалжирт үүрэг даалгавар, зааварчилгаа өгсөн мессэжийг олж тогтоосон хэмээн ярьсан юм. Гэвч эдгээр хүмүүсийн бичсэн мессэжүүдийг ямар шугамаар олж авсан, прокурорын байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авсан эсэхээ огт ярьсангүй, ямар нэг зөвшөөрөл харуулсангүй.

          -ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮНИЙ ЗАХИДАЛ ХАРИЛЦААНЫ НУУЦАД ХАЛДАХ НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ-

           Хэн нэгний гар утсыг тагнаж, чагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх нь манай улсын хоёр байгуулагад байдаг юм байна. Нэг нь Тагнуулын ерөнхий газар бол нөгөөх нь цагдаагийн байгууллага. Гэхдээ цагдаа нар улс эх орны аюулгүй байдалд заналхийлсэн, эсвэл онц хүнд гэмт хэрэг хийхээр төлөвлөж байгаа этгээдэд заавал прокурорын зөвшөөрөл авсны дараа гүйцэтгэх ажиллагаа хийх эрх үүсдэг юм байна.

           Түүнээс биш санал тоолох төхөөрөмжийн үнэ ханш асуусан нэгэн хувийн компанийн захирлыг хаашаа, ямар мэйл, мессэж бичиж байгааг тагнах зөвшөөрлийг прокурорын байгууллагаас олгох нь өөрөө хуулинд хориотой байдаг аж. Тэгэхээр цагдаагийн байгууллага прокурорын ямар ч зөвшөөрөлгүйгээр бусдыг тагнаж чагнаад, хэн рүү юу гэсэн мессэж явуулж буйг хараад сууж байдаг байж таарах нь.

           Энэ бол хуулиар хориотой гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 135-р зүйлд “Иргэний захидал, харилцааны нууцын  халдашгүй байдлыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

           135.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж, эсхүл тусгай техник хэрэгсэл ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заажээ.

-ТАНЫГ ТАГНАЖ ЧАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ УХААЛАГ УТСААРАА 
ШАЛГАЖ БОЛДОГ ГЭВ ҮҮ-

           “Монгол Улсын иргэний хувийн болон албаны захидал, харилцаа халдашгүй дархан байна” гэж Монгол Улсын үндсэн хуулийн 13 дугаар зүйл заасан байна. Гэтэл ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатарын ярьсан дээрх зүйлсээс үүдэлтэйгээр цагдаагийн байгуулага дуртай хүнийхээ хувийн захидал харилцааны нууцыг хараад сууж байдаг юм биш биз гэх хардлага төрж байна.

             Үнэхээр та биднийг тагнаж чагнаж байдаг байж болзошгүй гэх мэдээллийг IT чиглэлээр ажилладаг мэргэжилтэнүүд ярилцдаг аж. Тодруулбал, ухаалаг утастай хүн бүр *#62# гэж залгахад таныг тагнаж чагнаж байгаа гэх утгатай үгүүд гарч ирдэг бололтой. Та бүхэн шалгаад үзэхэд илүүдэхгүй биз.

             Ямартаа ч цагдаагийн байгууллага эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүйгээр таны захидал харилцааны нууцад халдсан байвал гомдол гаргах эрх нь нээлттэй юм байна. Эрүүгийн хуулийн 133.1-д “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

Б.ЦЭЛМЭГ

ЭХ СУРВАЛЖ: http://medee.mn/main.php?eid=94117



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0