21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ГЭР БҮЛЭЭ АЛДСАН ГЭРЧ ОХИН ХАМААТНЫДАА АМЬДАРЧ БАЙНА

2017 оны 06 сарын 20 нд

            Нэвтрэхийг хориглосон туузаар хашааг нь битүүмжилж, өрхийг нь бүтээсэн нэгэн айл, тэнд болсон харамсалтай хэргийн дүр зургийг одоогоос сар орчмын өмнө сурвалжлан хүргэж байсан билээ. Хатаахаар өлгөсөн хүүхдийн хувцас, эмх замбараагүй тавьсан эд зүйлс эзэнгүй хөглөрч үлдсэн ослын газарт дахин очлоо. Хашаа, хаалгыг битүүмжилсэн туузыг авч, гэрийнх нь өрхийг татан, хаалганд нь цоож зүүжээ. Энэ айл бол нэг “Гурван хүүхэд, эхнэрээ хэрцгийгээр хөнөөж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн” гэх хэрэгт сэжиглэгдсэн талийгаач залуугийнх. 

             Хэргийн газарт харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн Цагдаагийн I хэлтэс ажиллаж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Нэг сарын дараа буюу /2017.06.20/ өнөөдөр хэрэг илрүүлэлт ямар шатандаа явааг эргэн сурвалжлахад гэр бүлээрээ амь үрэгдсэн эл хэргийг Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлснийг олж мэдэв. Гэхдээ таван хүний амь настай холбоотой хэргийг Цагдаагийн байгууллагаас прокурорт шилжүүлсэн гэх албан бус мэдээлэл ч сонсогдов. 

            Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, өрхийн тэргүүн буюу талийгаач, 39 настай Х гэр бүлийнхнээ хөнөөсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдвол гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан тул хуулийн дагуу энэ хэрэг хэрэгсэхгүй болж магадгүй аж. 

            Олныг сэрдхийлгэсэн энэ хэрэг гарсан өдөр эхнэр, нөхөр болон дөрөв, зургаа, 11 настай гурван хүүхэд нас барсан юм. 

             Хэрэг гарсны дараа болсон явдлын цорын ганц гэрч гэгдэх, талийгаач залуугийн 16 настай дагавар охиныг цагдаагийн хамгаалалтад аваад байсан юм. Тэгвэл түүнийг удалгүй хамгаалалтаас гаргаж, охин хамаатныдаа амьдрах болжээ. Талийгаачдыг нутаглуулах ажил явдал өнгөрсөн долоо хоногт дууссан байна. 


Хэргийг эргэн сануулъя. 

          2017 оны тавдугаар сарын 22-ны /Ням гариг/ шөнө 02:00 цагийн орчимд СХД-ийн Цагдаагийн I хэлтэст хэргийн тухай дуудлага ирсэн байдаг. 

          Хэргийн тухай анхны дуудлагыг 16 настай дагавар охин өгсөн гэдэг бөгөөд тэрбээр “Хойд аавыгаа согтуугаар гэр бүлийнхнээ хүчирхийлж, охин энэ үеэр гэрээсээ зугтан гарч, хөршүүддээ мэдэгдэн, цагдаад хандсан” гэх мэдээлэл байдаг. 

          Цагдаагийнхан хэргийн газарт очиход нэг гэр бүлийн таван хүн амьсгал хураасан байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа эхлэх үед гэрийн эзэн гэх талийгаач залууг эхнэр, хүүхдээ хөнөөсөн гэж дүгнэж болохгүйг тайлбарлаж байлаа. 

          Хэргийн газарт дүүргийн цагдаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч, шинжээч, прокурор, хөндлөнгийн гэрчүүд 10 цаг гаруй ажиллаж, гэмт хэрэгтэй холбоотой бүх нотлох баримтыг цуглуулж, талийгаачдын гэр, хашааг битүүмжилсэн юм. 

           Ингээд өнгөрсөн сарын хугацаанд цогцост задлан хийж, гадны нөлөөтэй эсэхийг нотлох, шинжлэх ажил үргэлжилсэн ба одоогоор дээрх шинжилгээний хариу гарсан эсэх нь тодорхой бус байна. 

Өмнөх сурвалжлагыг ЭНД дарж уншина уу.

Д.УУДАМ 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

ЭХ СУРВАЛЖ: https://www.news.mn/?id=3260



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0