21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Бусдын биед гэмтэл учруулсан гэмт хэргийн мөрөөр сурвалжиллаа

2017 оны 06 сарын 21 нд

        Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар бусдын бие махбодид гэмтэл учруулах буюу танхайрах гэмт хэрэг 11416 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан боловч энэ нь төдийлөн баярлаад байх үзүүлэлт биш юм. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Гүнчин-Ишийн хэлж буйгаар, нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 30 гаруй хувийг бусдын биед гэмтэл учруулах буюу танхайрах гэмт хэрэг эзэлдэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулсанаар нийт гарч буй гэмт хэргийн тоо буурна хэмээсэн юм.

-ИРГЭН Б СОГТУУРСАН ҮЕДЭЭ ЭХНЭРИЙНХЭЭ ТОЛГОЙД 
ГЭМТЭЛ УЧРУУЛСАН БАЙВ-

Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа хамгийн том шалгаан бол архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ. 2017 он гарсаар эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн 71,6 хувь нь гэр, орон сууцанд үйлдэгдсэн нь иргэд гэр орондоо архи согтууруулах ундаа их хэрэглэдэг, цаашлаад гэр бүл, ахуйн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болж байна гэж үзэж болохоор юм.

Энэ төрлийн гэмт хэргийн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад олноор ирдэг болжээ. Оройн 19:00 цагаас хойш нөхцөл байдал ямар байдгийг уншигч та бүхэнд харуулах зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн жижүүрийн бүрэлдэхүүнтэй хамтарч гэр бүлийн хүчирхийллийн нэгэн дуудлагад очлоо.

Шөнийн 23 цагийн орчимд тус цагдаагийн хэлтэст “Манай хажуу айлын хүн танхайрч эхнэрийнхээ толгойд гэмтэл учруулсан байна” гэх мэдээлэл ирсэн юм. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчидтай хэргийн газар очиход иргэн Б архидан согтуурсаны улмаас 38 настай эхнэрээ зодож, биед нь гэмтэл учруулсан байлаа. Тиймээс түргэн тусламж дуудаж, эхнэрийнх нь толгойд оёдол тавьж боолт хийлгэв. Харин эхнэрээ гэмтээсэн иргэн Б-г түр саатуулахаар цагдаагийн хэлтэс рүү авч явсан юм.

Дуудлагаар очсон Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Сайндаагийн хэлж буйгаар тус цагдаагийн хэлтэст Баянзүрх дүүргийн найман хорооны нутаг дэвсгэр хамаарагддаг байна. Улмаар 100 мянга гаруй оршин суугчтай уг хэлтэст хоногт 150-180 гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирдгийн 40 орчим хувь нь зөвхөн бусдын бие махбодид гэмтэл учруулах буюу танхайрах гэмт хэрэг эзэлдэг гэж байлаа.

-ИХЭВЧЛЭН 24-35 НАСНЫ ЗАЛУУС ЭНЭ ТӨРЛИЙН 
ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДДОГ-

Бусдын биед гэмтэл учруулах гэмт хэргийн дийлэнх буюу 60 гаруй хувь нь оройн 19:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл үйлдэгддэг нь цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааны мэдээлэлд дурдагджээ. Нийслэлд дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд хүн амын нягтрал ихэссэн, ажилгүйдэл нэмэгдсэн, зүй бус архины хэрэглээ их болсон, иргэдийн ухамсар, ёс суртахуун суларсан, хүн хүндээ хүндэтгэлтэй хандахгүй байгаа зэрэг нь нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Түүнчлэн 24-35 насны ажилгүй, хөдөлмөр эрхэлдэггүй залуучууд бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах гэмт хэрэгт холбогддог аж. Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний таван сарын байдлын судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хийе гэж бүртгүүлсэн 28500 ажилгүй иргэний 58,1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй тоон мэдээлэл байгаа юм.

Бусдын бие махбодид гэмтэл учруулах, танхайрах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүчин зүйлд хувь хүний стресс, уур бухимдал нөлөөлдөг байна. Тухайлбал манай иргэд замын хөдөлгөөний зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эгнээ байраа зөв эзлээгүй, бие биенээ хүндэтгэн зам тавьж өгөөгүй, тэвчээргүй байдлаас болж маргалдан хэрүүл зодоон үүсгэж, улмаар бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргүүд ч цагдаагийн байгууллагад нэлээд бүртгэгдэн шалгагдаж буй.

-БУСДЫН БИЕД ГЭМТЭЛ УЧРУУЛВАЛ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 99-Р ЗҮЙЛД 
ЗААСНААР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ-

Энэ төрлийн гэмт хэргийн 22,9 хувийг Эрүүгийн хуулийн 99-р зүйлд зааснаар Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж байгаа гэмт хэрэг эзэлж буй бөгөөд энэ хэрэг нь хохирогчийн гомдлоор бүртгэгдэж, шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэгддэг байна.

Эрүүгийн хуулийн 99.1-д “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

99.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Б.ЦЭЛМЭГ

ЭХ СУРВАЛЖ: http://medee.mn/main.php?eid=94178



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0