21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хүний нутгийн дээс давж хүнд ачаагаа буулгаж орхисон МОНГОЛ ЖОЛООЧ харьж явна

2017 оны 06 сарын 21 нд

      Ayanga.mn "Онцлох мэдээллийн сайт" өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн нутгаар дамжин Гашуун сухайтын хилийн боомтыг зорьж, дэлхийн түүхэнд ховор гэгдээд буй 100 гаруй км үргэлжлэх том оврын авто машины түгжрэлийг үзэж сурвалжлахаар явсан юм.

2017-06-16-ны өдөр 17:33 цаг

Өмнөговь аймаг Таван толгойн уурхайн нүүрс ачилтын талбай.

Энэ талбайд хүнд даацын 1000 гаруй авто машин багтдаг ажээ.

 

       Уурхайн аманд ачилтын талбай руу нэвтрэхээр дугаарласан машины цуваа 5 орчим км үргэлжилж байлаа. Жолооч нар энэ дугаарлалтыг "зориудаар үүсгэсэн" дугаарлалт хэмээн тайлбарласан юм.

          Тэд хэлэхдээ: "Ямар нэгэн өндөр дээд албан тушаалтнуудыг энэ зүг рүү ирэх үед хилийн боомтоос нааш үүсдэг өнөөх 40-110 км урт цувааг түр саринуулахын тулд уурхайн аманд гацаа үүсгэдэг" гэв. Энэ хооронд дарга нарыг өөр замаар зорчуулж нүүрс тээвэрлэлтийн зам ачаалалгүй, хилийн боомт дээр дугаарлалт үүсдэггүй мэт харагдуулах нөхцлийг зохион байгуулдаг ажээ.

           Тухайлбал биднийг очсон өдөр олон жолооч "Очер энэ талдаа гарсныг бодоход хэн нэгэн дарга ирэх нь ээ" хэмээн ярилцаж байсан юм. 

 

        Ачилтын талбайгаас гарах машинуудад манифест буюу гаалийн бүрдүүлэлтийн бичгийг цувуулж биш бөөнд нь олгодогоос жолооч нар хурдан морьд гараанаас гарах мэт өөр хоорондоо уралдан, их очерийн төгсгөлд нэгнээсээ өрсөж очихыг хичээдэг. Зарим тохиолдолд энэ нь осол гарах үндсэн нөхцөл болдог байна.

 

          Нүүрс тээвэрлэлтийн замд том оврын авто машинууд осолдох, хүний амь эрсдэх тохиолдолууд ч цөөнгүй. Зөвхөн нэг өдрийн дотор бидэнтэй 17 удаагийн осол, гэмтэл таарсан юм.

 

         Унасан машины жолоочоос ослын шалтгааныг тодруулахад "Халуунд дугуй буудчихдаг юм. Хятад эзэндээ дуулгасан. Хүмүүс явуулж машинаа авах байх" гэсэн. 

       Нүүрсний тээвэрлэлтэнд дунджаар 6000 гаруй хүнд даацын авто машин явдаг. Албан ёсны зөвшөөрөлтэй Монгол компаниудаас гадна хятадууд өөрийн эзэмшлийн авто машинаа Монгол жолооч хөлслөн бариулдаг байна. Монгол компанийн жолооч нар тухайн компанитай албан ёсоор гэрэээлэн, нийгмийн даатгал төлж ажилладаг бол олон жолооч хятад эздийн ямар ч баталгаагүй машиныг гэрээгүйгээр, рейсийн мөнгийг бэлнээр тооцон авч /1 рэйсийн мөнгө 1000 юань, урьдчилгаа 50%, машинтай нүүрсээ хил гаргаж өгөөд үлдсэн 50% - ийг авдаг/ тохиролцон ажилладаг байна.

(Энэ бүхэн ямар ямар эрсдлүүд дагуулдагийг дэлгэрэнгүй сурвалжилгаар хүргэх болно)

 

        2017 он гарсаар нүүрс тээвэрлэлтийн замд ослоор 6 хүн амиа алдаж, цөөнгүй хүн гэмтэж бэртсэн тухай сонссон юм. Мөн хэдхэн хоногийн өмнө ослын улмаас нэгэн жолооч хөлгүй болжээ.

 

              Осол гарах бас нэгэн шалтгаан нь замын эвдрэлийг тойрч гарахын тулд эсрэг урсгал руу шилжих явцад мөргөлдөх, онхолдох нь түгээмэл, мөн халсан дугуй хагарсан замын хурц ирмэгт зүсэгдэн машин унадаг байна.

 

Ослын тэмдэглэгээг буруу байршуулсан

 

Зам чөлөөлөх боломжгүй ослын зогсолт

 

         Хүнд даацын машинууд 22 дугуйтай. Нэг дугуй нь 550 мянгаас 1 сая төгрөг. Дунджаар 650 мянган төгрөгийн үнэтэй дугуй авдаг. Монгол компаниуд авто машиныхаа засвар арчлалтыг кэмп дээрээ хийдэг бол хятад эзэд эзэмшлийнхээ машиныг Ганц модны боомтод аваачин засуулдаг байна.

 

          Зам дагуу засвар үйлчилгээний цэг байхгүй. Хятад эзэнтэй машин барьж буй жолооч нар авто машины эвдрэл гэмтэлд огт санаа тавьдаггүй, энэ нь эргээд өөрсдийнх нь амь насанд эрсдэл учруулж болзошгүй. Учир нь хятадын авто тээврийн даатгалын систем сайн, нөхөн олговор өндөр олгогддог учраас хятад эзэд авто машиндаа ч, монгол жолооч нарын амь насанд ч хайхрамжгүй ханддаг тухай цөөнгүй иргэд мэдээллэсэн юм.

 

        Нарийн замд жолооч нар өмнөх машинаа гүйцэж түрүүлэх оролдлого хийх үед осол гарах магадлал өндөр. 

 

             ЗАМ БОЛ ТАМ...

          Говийн халуун наранд чанаргүй тавьсан авто зам хайлж, ийм нөхцөл байдал үүсдэг. 6000 гаруй авто машин энэ л замаар "өрний нүүрс" тээвэрлэн өмнөд хөршийг зорьж байна.

 

          Монгол улсын төрийн далбаагаар нүүрс хучсан мэт дүр зураг харагдсан тул бид ойртон очиж ажиглахад...

 

      Хэсэг газар зам засварын ажил хийгдэж байв. Харин өвлийн улиралд хагарч муудсан замын нүх рүү нүүрсний хог болон шороо хийн дүүргээд, ус асган хөлдөөж аргацаадаг тухай жолооч нар ярьж байлаа. 

 

          Хил гарч нүүрсээ буулгаад буцаж буй жолооч нартай таарч, тээвэрлэлтийн замд тохиолддог олон олон саад бэрхшээлүүдийн тухай тодруулга ярилцлага авах гэсэн ч "Ярилцлага өглөө гээд асуудал шийдэгдэх биш дээ. Хятадуудын машин барьдаг жолооч нарт бүүр ч их асуудал тулгардаг байх. Тэдэнтэй уулзсан нь дээр. Ер нь энэ зам дагуу мөнгө дагасан сайн, саар маш олон асуудал бий" гэсэн юм. 

       

            Энэ бол Гашуун сухайт хилийн боомтоос 30 км-ийн наана, Цагаан хадны шалган нэвтрүүлэх 3-р пост. 

            Хилээр гарах машины очер эхлэж байгаа нь.

 

            Авто тээврийн үндэсний газраас нүүрс тээвэрлэлтийн очерийг багасгах зорилгоор хилийн боомт уртгасан цагаар ажиллаж байгаа гэж мэдэгдсэн ч газар дээр нь очиход хэрэгжилт үгүй байв.

 

          /2017-06-17-ны өдөр/  +33 хэмийн халуун...  

          "Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэн хилийн цэргийн командлагчтай ирээд явсан. Тэднийг ирэхээс өмнө очерийг уурхайн талд гаргаж, дарга нарт энэ их түгжрэлийг мөн л харуулаагүй. Төр засгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс бодит байдлаас ангид үлддэг юм" хэмээн тээвэрчид дурьдсан.

 

           Жолооч нар +30-40 хэмийн халуунд хилийн наана 3 хоног дугаарлаад, хилийн цаана мөн л 2 хононо. Амралтын өдрүүд тохиовол нийтдээ 7 хоногт ганцхан удаагийн тээвэрлэлт хийдэг байна. /Нэг удаагийн тээвэрлэлт 350 мянган төгрөгөөр үнэлэгддэг/

          Авто зам дээрх очероос гарах эрхгүй хэд ч хонож мэдэх жолооч нарын машины бүхээгт бүх зүйл нь агуулдаг. Тухайлбал: Авто машины тос масло, сэлбэг хэрэгсэл, тогоо шанага, борц боорцог гээд хэрэг болох бүхий л зүйлс тэнд бий.

 

            Жолооч нар түгжрэлийн тухай хэлэхдээ: "Оргил ачааллын үед 100-110 км, дундаж нь 60 км, харин 30-40 км-ийн дугаарлалтыг очергүй гэж үздэг" гэсэн юм.

 

            Тээвэрчдийн ярианаас анзаарахад тэд Монголоос гарч буй нүүрсийг "Цагаан хад" хэмээх газарт буулгах сонирхолтой юм билээ. Жолооч нар олон хоногийн урт дарааллаас залхжээ. 

          "Цагаан хад"-нд нүүрсээ буулгасан тохиолдолд Хятадын тал түүнээс цаашхи тээвэрлэлтээ өөрсдөө хариуцаж, үүнээс үүдээд монгол жолооч нарын орлого эх орондоо үлдэнэ гэж тэд ярьж байв. Тухайлбал: Цайны газар, авто засвар болоод бусад олон төрлийн дагалдах үйлчилгээний чанарыг сайжруулах, олон хүнийг ажилтай орлогтой болгох боломжтой талаар ч хэлж байлаа.

            Харин Цагаан хадны сууринд тээвэрчдэд үйлчилгээ үзүүлдэг төвлөрсөн хэсгийн одоогийн нөхцөл байдал энэ...

         Говь нутагт Монгол орны өнцөг булан бүрээс амьдрахын эрхэнд боломжийн цалин хөлстэй ажил хайгч олон аавын хөвгүүд зорин ирж, буцан нүүдэллэсээр...

 

           2017-06-17-ны 19:48 цаг "Цагаан хад"-ны суурин. 

         Улаан шороо эргэсэн ийм нөхцөлд Монголын 6000 гаруй жолооч нар цаг агаарын таагүй нөхцөлийг ч үл хайхран амь амьдралаа залгуулахаар бэрхшээл бүрт дасан зохицож, үүнээс өөр боломжит сонголтгүй мэт ирж очин амьдарсаар байна.

 

        Хүний нутгийн дээсийг давж, хүнд ачаагаа буулгаж орхисон тэсвэр хатуужлын туйл болсон монгол жолооч харьж явна.

   

      Тэн тэнгийн ачаатай тэмээн жингийн цуваагаа 

      Тонн тонн ачаатай том оврын машинд шилжүүлсэн 

      Энэ цагийн Монгол төрийн эргүүлж төлөх их өрийг

      Тээж хүргэсэн тээвэрчдийн халуун амь ямар үнэтэй вэ?

 

Хилийн босгонд хүрээд сэтгүүлчдийн баг ингээд буцлаа.  /2017-06-18/

Аянга.мн Онцлох мэдээллийн сайт

Сэтгүүлч, редактор Ю.Шүрэнцэцэг

Фото сурвалжлагч Л.Баасансүрэн

 

Таван толгойн уурхайн аманд нүүрс ачихаар хүлээж буй том оврын авто машины цуваа 5 км гаруй үргэлжилсэн байлаа.                                                    



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 9
Otgonbayar  
/ 2017-11-05 03:17:25 /
Sain bainuu ta hed daxiad 1 end irex xeregtei baina daa end buur xetsuu bolchloo ajliin amjilt xusie xurdan ireerei.
Мөөгий Чээгий 
/ 2017-07-28 01:32:48 /
үнэхээр үнэн бичжээ манай нөхөр ажилдаг бсан юм би энэ оны 5сарын сүүлээр очиж 1 рэсс цуг явсан.Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй зам гэхэд юу вэ? л юм билээ, ийм бж болдынму гэж бодоод бгаа арай л дэндүү.Хэдэн эрчүүдээ ямар их өрөвдсөн гэж бодно.Дуртайдаа л тийм газар ажилхавдээ.За тэгээд монгол талын Цагаан хад,Хятад талын Ганцмод 2ын ялгаа асар их хятад хүмүүс гайхдаг юм билээ "Манай танайд маш их мөнгө өгч энэ нүүрсийг авдаг танайх тэр мөнгөө яачдын" гэж асууж бхыг сонсоод их ичсэн.МИНИЙ ТЭНД ОЧООД ТӨРСӨН СЭТЭГДЭЛ МААНЬ ХЯТДЫН ТА "ҮР ХҮҮХЭДДЭЭ АНХААРАЛ САЙН ТАВЬДАГ" ЭЦЭГ ЭХТЭЙ ХҮҮХДҮҮД ХАРИН МАНАЙ ТАЛ ЭЦЭГ ЭХГҮЙ ХЭДЭН ХҮҮХДҮҮД БОР ЗҮРХЭЭРЭЭ ХИЙХ ХИЙХГҮЙ ЮМ ХИЙЖ ЯВДАГ ХАРАА ХАЯНАЛТГҮЙ БУЖИГНАСАН ХЭДЭН ХҮҮХДҮҮД ШИГ Л САНАГДСАН.Яг энэ мэдээг хүн болгонд яримаар санагдаад бачимдаад бсын энэ мэдээг томчуудад л хүргэмээр бна яадын билээ.Ийм голыг нь олсон мэдээ хийсэн та бүхэнд үнэхээр их баярлалаа илүү ихийг хийж заавал томчуудын анхаарлын татаж өшөө өөр олон санаа санаачлагыг гаргаж ард түмнийхээ дуу хоолой болж амжилтанд хүрхийг хүсэе баярлалаа та бүхэгдээ.
Аааа 
/ 2017-06-23 00:40:51 /
Баяр хүргэе маш үнэн бичсэн байна. Хужаад ороод Хужаа цагдаа хужаа дарга нартаа зодуулж бэртэх тохиолдол ч их бас. Ямар нэг том дарга ирхэд хил оочиргүй болж уурхай дээр шөнө унтуулахгүй оочирлуулж тамалдаг.
Аааа 
/ 2017-06-23 00:40:50 /
Баяр хүргэе маш үнэн бичсэн байна. Хужаад ороод Хужаа цагдаа хужаа дарга нартаа зодуулж бэртэх тохиолдол ч их бас. Ямар нэг том дарга ирхэд хил оочиргүй болж уурхай дээр шөнө унтуулахгүй оочирлуулж тамалдаг.
хүн байна 
/ 2017-06-22 15:56:06 /
Баяр хүргэе та бүхэн сайн ажиллаж. Ийм үнэн мэдээ умшаагүй удажээ
ayanga.mn 
/ 2017-06-22 15:48:05 /
Олхунуд овогт Баясгалангийн Даваасүрэн Таньд баярлалаа. Бид хичээж ажиллах болно оо.
Олхунуд овогт Баясгалангийн Даваасүрэн 
/ 2017-06-22 15:28:57 /
Дүү нартаа баяр хүргэе! Өнөөдөр тэр болгон ингэж явж, газар дээрээс нь бодит байдлыг сурвалжлан хүргэж байгаа сэтгүүлч цөөхөн байна. Ийм нөхцөлд ингэж сэтгэл гарган явж ирсэнд гүнээ талархая.
zochin 
/ 2017-06-22 12:00:40 /
Bodit baidal iim baidag ym uu estoi iim gej tusuulj ch bsngui poooooxxxx
Naraa 
/ 2017-06-22 02:02:31 /
Sain muu buhniig il gargahaar zorison ih uils ni butemjtei baij unshigchdiin nud chih ni bolj yavaarai. Ta buhend amjilt husie