21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ятгын ХАТАН ХААН Ч.Мөнх-Эрдэнийн амь насыг аварцгаая

2017 оны 06 сарын 11 нд

Монголын хөгжмийн урлагт хар багаасаа дурлаж, үндэсний хөгжмийн хөгжилд өөрийн бүхий л авьяас билэг, амьдралаа зориулан ажилласан ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ хүнд өвчтэй болсноо саяхан мэджээ. Ходоодны хорт хавдрын гуравдугаар шатанд орсноо гэнэтхэн мэдсэн тэрээр одоо бие сэтгэлийн хүнд байдалд байна.

Өдөр хоног, хормоор хэмжигдэж эхэлсэн түүний амьдралыг, хатан ятгын эгшиглэнг таслахгүй гэж найз нөхөд, гэр бүлийнхэн нь өгөөмөр сэтгэлт монголчуудынхаа тус дэмийг эрж, хандивын аянаа эхлүүллээ. Түүний өвчнийг анагаахын тулд БНСУ-д цаг алдалгүй богино хугацаанд мэс засалд оруулах шаардлагатай бөгөөд эмчилгээний зардал нь нийт 100 мянган ам.доллар буюу 240 сая төгрөг болж байгаа аж. 

Ч.Мөнх-Эрдэнэ нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, бага нас нь 100 айл орчимд өнгөрсөн. Багаасаа хөгжим, дуунд дурлаж, анх ятганд гар хүрч, ятгын эгшиглэнг сонссон цагаасаа л түүнд татагдан 35 жил нөхөрлөжээ. Үүнээс хойш тэрээр Монголын үндэсний ятга хөгжмийн тоглоочийн ур чадварт бодитой шинэчлэл хийж, ноотлох тэмдэглэгээ зохиож, эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг сэргээн хөгжүүлэхэд гар бие оролцов.

Мөн БНХАУ-д 120 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжимтэй “Хос эрвээхэй” бүтээлийг тоглож, эх орныхоо нэрийг гаргаад зогсохгүй монгол ятгын онцлогийг дэлхий дахинд харуулан, гадаад дотоодын үзэгч олны хүндэтгэл, баяр талархлыг хүлээсэн юм.

ytga

Ч.МӨНХ-ЭРДЭНЭ: ХҮН БОЛГОНД АЗ ЖАРГАЛ БАЙДГИЙГ БИ МЭДНЭ

Түүний хүсэл мөрөөдөл ятга л байв. Хоёрдугаар ангид байхдаа аав, ээждээ ч хэлэлгүй ангийнхаа охинтой хөтлөлцөөд, ятга хөгжмийн дугуйланд очиж анхны багшийнхаа гараас атгажээ. Бяцхан охины авьяас, ятга хөгжим тоглоход яг тохирсон гар, түүнд үнэн сэтгэлээсээ дурлаж байгаа байдлыг нь багш нь анзаарч, мэргэжлийн ятгачин болох замналд нь хөтөлсөн З.Нарантуяа багштай нь уулзуулж, Хөгжим бүжгийн коллежид оров. Үүнээс хойш түүний ятгын эрдэм, авьяас нь олон хүнд танигдаж төгсөх курсэд байхдаа Хөгжмийн бүжгийн дээд сургуульдаа багшилж, Морин хуурын чуулгад ятгачнаар, Улсын ардын дуу бүжгийн чуулгад гоцлол хөгжимчнөөр ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд тэр АЖ Д.Түмэндэмбэрэл, Зууны манлай уртын дуучин АЖ Н.Норовбанзад гээд түүх домог мэт яригддаг дуучидтай мөр зэрэгцэн ажиллаж, нэгэн тайзан дээр гарч байсан тухайгаа хуучлан ярилаа.   

Ингээд 1994 оноос хойш Ч.Мөнх-Эрдэнэ Европын улс руу гарч ардын хөгжмийн “Эгшиглэн” хамтлагийн урилгаар монгол ятгын гайхамшигт тоглолтыг олон улс оронд таниулан сурталчилж эхлэв. 2000-2008 онд өөрийн хань, их хуурч Д. Ганпүрэвтэйгээ хамтран “Бөртэ” хэмээх хамтлаг үүсгэн байгуулж, дэлхийн 20 гаруй улсад аялан тоглолтоо хийж, дотоод гадаадын мянга мянган үзэгчдийн сонорыг мялааж байна.

ytga

Энэ цаг үед түүнийг “Ятгын хатан хаан” хэмээн өргөмжилсэн билээ. Тэрээр энэ тухайгаа “Жаахан туйлширсан байж магадгүй. Европт тоглолт хийхээр очиход олон улсын хэвлэлүүдэд “Азийн ятгын хатан хаан монгол бүсгүй ирлээ” гэсэн нийтлэл гарсан. Түүнийг манай герман менежер уншаад бөөн баяр болж “Чулуунбатын Мөнх-Эрдэнэ ятгын хатан хаан” гэж билээ. Үүнээс хойш энэ нэрийг олонтаа сонсч байна” хэмээв.

Эх орныхоо, элгэн садан түмнийхээ нэрийг гаргаж, уянгат ятгын эгшгээр олны зүрх сэтгэлийг догдлуулж, саяхан л эрүүл саруул явсан ятгачин бүсгүйд маань хэлж биш хийсч ирдэг зовлон тохиожээ. “Хүн болгонд аз жаргал байдаг гэдгийг би мэднэ. Тиймээс тэр аз жаргалыхаа төлөө итгэлтэй байгаарай” хэмээсэн түүний үг бидэнд нэгийг бодогдуулна.

Нээрэн тийм, одоо бүсгүйд элгэн садан түмнийх нь итгэл л хэрэгтэй байна. “Одоо л нэг уран бүтээлийнхээ санг баяжуулж, өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон юм чинь хувийн амьдралдаа анхаарах хэрэгтэй, хоёр сайхан үртэй болсон, тэдэнтэйгээ хамт байх нь юу юунаас илүү” хэмээн саяхан л ярьж байсан, одоо энэ гэр бүлд элэг бүтэн амьдрал хамгаас чухал.

ytga

-ХҮНИЙ АЛТАН АМЬ САР ЖИЛЭЭР БИШ, ӨДӨР ХОНОГ ХОРМООР 
ХЭМЖИГДЭЖ БАЙНА-

Сайн үйлсийн аяныг зохион байгуулагчдын зүгээс “Өгөөмөр сэтгэлт эрхэм хүмүүн таныг авьяас билэгт охиныхоо амь насыг аврах аянд нэгдэхийг уриалж байна. Хатан ятгын эгшиглэн тасрашгүй, дундрашгүй юм шүү. Урлагт хайртай, урлагийн ахан дүүс маань хандив өргөж эхэллээ. Өчигдөр “Хөсөгтөн” хамтлаг Мөнх-Эрдэнэ эгчийнхээ эмчилгээний зардалд нэг тоглолтынхоо цалинг хандив болгон өргөлөө.

Олны хүч оломгүй далай. Хүний алтан амь сар, жилээр биш, өдөр хоног хормоор хэмжигдэх ийм үед өглөгийн гараа сунгаж, зүрх сэтгэлээрээ нэгдэж туслаж байгаа найз нөхөд, уран бүтээлчид, байгууллага хамт олон, түмэн олон та бүхэндээ хэмжээлшгүй их талархаж байгаагаа илэрхийлье. Хамтдаа улам олноороо нэгдье” гэлээ.

Ч.Мөнх-Эрдэнийн хань Д.Ганпүрэв “Манай гэр бүлд маш хүнд асуудал тохиолдоод байна. Тэвдэж явахад санхүүгээр туслах боломжтой тэнхлүүн нэгэн өглөгийн гараа сунгаарай. Сарын дараа бүх асуудлыг дуусгаж тусалсан хүмүүний сэтгэлийн тусыг насан туршдаа санаж, үр удамдаа хэлж долоон үеэрээ буян санаж амьдаръя” гэлээ.

Ятгачин бүсгүйд хандивын гараа сунгаж, сайн үйлсийн аянд нэгдэхийг хүсвэл  ХААН банкны 5107037626 Ч.Мөнх-Эрдэнэ нэрээр түүнд хандив өргөж болох нь ээ.

Б.ГЭРЭЛ 

ЭХ СУРВАЛЖ:http://medee.mn/main.php?eid=93699



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
Ganaa 
/ 2017-06-12 19:33:54 /
Сайхан хүн шүү. Амжилт