21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

М.Энхболд: Алд цэнхэр хадаг барин шударга өрсөлдөхийг хүссэн

2017 оны 06 сарын 27 нд

               Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Энхболд сонгуулийн дараах анхны мэдэгдлээ хийлээ.

              Тэрбээр хэлэхдээ: -УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж дууслаа. Гарсан дүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо үр дүнгээ танилцуулсан. Нэр дэвшигчийн хувьд МАН-ын сонгуулийн штабын зүгээс мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн.

               Юуны өмнө сонгуульд оролцож намайг дэмжсэн, миний сонгуулийн штабт ажилласан бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлж байна.

               Сонгуулийн эцсийн дүн гараагүй байна. Цаашид ямар ч хариу гарсан Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн төлөө ажилласаар байх болно гэдгээ хэлмээр байна.

               Сонгууль эхлэх үед би хоёр нэр дэвшигчдээ алд цэнхэр хадаг барин шударга өрсөлдөхийг хүссэн. Гэвч миний хүссэнээр болсонгүй. Эвлүүлэг хийсэн, гутаан доромжилсон, тэрбум, тэрбумаар нь орон нутаг руу мөнгө зөөсөн, гадаадаас сая саяар нь хандив авсан сонгууль боллоо. Дараагийн санал хураалт ч мөн ийм л болох болов уу.

               Миний санал гэнэт өссөн шалтгаанд эргэлзэж байвал Сонгуулийн ерөнхий хороог шалгуулж болно. Бид ч энэ асуудалд хамт ажиллахад бэлэн. Анх бид сонгуулийн саналыг бүхэлд нь тоолох санал гаргаж байсан ч эсрэг нам тавин хувь байхад болно гээд хуулийг нь баталж байсан.

              Дахин санал хураалт авах хугацааг мэдээж хуулийн хугацаагаа бодож тогтоосон байх. Бэлтгэл ажил шаардлагатай учир урагшлуулах боломж байгаагүй байх. Тиймээс СЕХ-ноос тогтоосон хугацаанд саналаа өгөөд баяр наадмаа тэмдэглэх нь зүйтэй болов уу" гэжээ.

             МАН-ын сонгуулийн штабаас нэр дэвшигчээ баруун таван аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан гэдгийг ч энэ үеэр онцоллоо.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0