21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Өрийн нүүрс тээвэрлэж буй жолооч нарын амь өмнөд хөршийнхний машины сэлбэгээс ч хямд байна

2017 оны 06 сарын 30 нд

Цуврал сурвалжилга 1: Хүний нутгийн дээсийг давж, хүнд ачаагаа буулгаж орхисон тэсвэр хатуужлын туйл болсон Монгол жолооч харьж явна 

http://www.ayanga.mn/news.php?nid=129

Цуврал сурвалжилга 2: Өрийн  нүүрс тээвэрлэж буй жолооч нарын амь өмнөд хөршийнхний машины сэлбэгээс ч хямд байна

       Би энэ улсынхаа эгэл жирийн иргэдийн нэг билээ. Надад хийх ажил, хэлэх үг ч бий. Миний хийх ажил, таны хэлэх үг, анхаарах нэгэн асуудал Монгол төрийн ой санамжаас гадуур бүү үлдээсэй гэсэндээ энэхүү нийтлэлийг тэмдэглэлээ.

      2017-06-16-нд AYANGA.MN “Онцлох мэдээллийн сайт”-ын төлөөлөл Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Таван толгой, Цагаан хад Гашуун сухайтын чиглэлд Нүүрс тээвэрлэлтийн зам дагаж үүсдэг олон олон асуудлуудыг сурвалжлахаар явсан юм.

       

       Эхний ээлжийн сурвалжилга гарсны дараа мэдээллүүдийг сэтгүүлч зохиогоод бичсэн мэт эрзэлзэх уншигчдын асуултуудтай ч тулж байв. Гэтэл үнэн хэрэгтээ улаан шороо буцалсан ээрэм талд гангын халуун наранд Монгол жолооч нарын амь нас үнэгүйдсэн хэвээр байгаа бодит нөхцөл байдал хэзээ эерэгших вэ?    

        

        Монголчууд бид зам дагаж хөгжил хэмээн хэлэлцдэг ч энд зам дагаж сүйрэл явагдаж байна. Энэ фото цахим шуудангаар ирсэн баримт. Монгол жолооч нар олон хоног асфальтан зам дээр очер дугаар хүлээж хонохдоо зарим үед Цогтцэций сумаас таксигаар архи зөөлгөж уудаг байна. 1 шил архи 30,000 төгрөг. Харамсалтай нь архинаас үүдэлтэйгээр амь насаа алдсан тохиолдол цөөнгүй.

     Жолооч нар өөрт тулгардаг асуудлуудыг бодитоор ярьж, мэдээллэхгүйгээр энэ нөхцөл байдал өөрчлөгдөнө гэж найдах хэрэггүй гэдгийг тооцон, сурвалжлага бэлтгэх явцдаа нэгэн жолоочоос зөвшөөрөл авч ярилцлага хийснээ одоо та бүхэнд хүргэнэ.     

    Бидний зочин Жолооч Д.Цогтбаяр: Тэрээр энэ салбарт 7 жил тэрэг барьж буй туршлагтай жолооч. Харин энэхүү ярилцлага нь бусдын эрх ашгийг хөндөх гэсэн агуулгагүй, зөвхөн энэ салбарын хөгжлийн тухай асуудлыг нэг түвшинд урагшлуулахад анхаарах сэдвүүдийн хүрээнд өрнөсөн юм.

       Тээврийн жолооч нарын эрүүл мэнд, ажиллаж хөдөлмөрлөх эрх, нүүрсний бизнесийг дагасан төрийн албаны завхрал, авилга, хариуцлагагүй байдал зэрэг нь энэ бүсээс өөр цэгт ажиллаж амьдарч буй иргэдэд төдийлөн хамаагүй мэт бодож болох ч Монголын 6500 орчим жолооч зөвхөн зам дагасан амьдралыг сонгон шар нар бор хоногийг өнгөрүүлж, 40-110 км үргэлжлэх урт дугаарлалт, архидалт, авто замын эвдрэлээс үүсэх осол аваар, хятад эзэдтэй автомашин жолоодсоноор өөрт үүсэх эрсдэл зэргийг огт тооцохгүйгээр хэдэн халтар төгрөгт аргамжигдсаар байгаа өнөө цагийн нэгэн эмгэнэлт дүр зураг юм.

            Энэ бол Хятадын хил дээр Монгол жолоочийг зодож буй хятад цагдаа нар.

           Эхний сурвалжилга нийтлэгдсэний дараа нэгэн уншигч илгээсэн юм.

          "Цагаан хад"-ны суурин. Энд хамгийн түгээмэл үйлчилгээ архины худалдаа.

          Осол гарах бас нэгэн шалтгаан нь жолооч нар эвдрэл гэмтэл ихтэй замд хурдаа тохируулж явж чадаагүйгээс...  

           Авто тээврийн үндэсний төвөөс нүүрс тээвэрлэх хүнд даацын автомашин жолоодох жолооч нарт "Мэргэшсэн жолооч"-ийн үнэмлэхийг олгодог байна. Гэтэл УБ хотод, хүнд даацын автомашин жолоодох жолооч нарыг мэргэшүүлэх бодит боломж байхгүй. Жолооч хүн тээврийн замдаа, тухайн орчин нөхцөлдөө дасан зохицож, цаг уур, замын нөхцөл байдал, машины даац зэрэг олон зүйлээс хамаарч туршлагаждаг ажээ. Мөн жолооч нарын нас болоод ажилласан жилийн туршлага нь  энэхүү эрхийг авах гол үзүүлэлт байх ёстой. Гэтэл оюутан залуучууд зуны амралтаараа "мөнгө хийнэ" гэж энэ салбарт орж ирж буй нь амь насаа алдах ч эрсдэлтэй хэмээн туршлагатай жолооч нар ярьж байсан юм. 

          Хятад эзэд монгол жолооч нарт машинаа бариулж явуулахдаа очер дайрах арга, авилгад өгөх мөнгө хоёрыг нь бэлтгэж, зааж өгдөг гэлцэнэ.

Өдрийн өнгө

         Монгол компанийн жолооч нар кэмп дээрээ автомашинынхаа арчилгаа тордлогоог хийдэг бол Хятад эздийн тэргийг барьж буй Монгол жолооч нарт машин нь эвдрэх эсэх нь огт хамаагүй. Учир нь хятадад авто машины даатгал харьцангуй өндөр тул тэд Монгол жолооч нараас олон удаагийн рейс хийж, өндөр ашиг олохыг шаардахаас, жолоочийн амь нас эрүүл мэндийг хайхарч хамгаалах эрх зүйн орчин огт алга. 

МОНГОЛ ЖОЛООЧ НАРЫН АМЬ ХЯТАД МАШИНЫ СЭЛБЭГЭЭС Ч ХЯМД БАЙНА

Улсын чанартай төлбөртэй энэ замаар нэг удаагийн тээвэрлэлт хийхэд 240,000-250,000 төгрөг. Энэ замаар1500 орчим автомашин зорчдог.

        Халууны улиралд дугуй хагарах, буудах нь элбэг. Нэг дугуй дунджаар 500,000 төгрөг. Нэг машинд доод тал нь 12 сая төгрөгийн дугуй ашиглагддаг. 

АРХИНААС ҮҮДЭЛТЭЙ АСУУДАЛ: ​​​​​​Хилийн наана очерт зогсож байсан жолооч нар нийлж архи уусны дараа нэгэн жолооч хэт согтсоны улмаас том тэрэгний доор орж унтсан байхыг мэдээгүй жолооч, очер урагшлан шахалт хийхдээ анзаарахгүй мөнөөх согтуу хүнийг дайран хүний амь нас хохирсон хэрэг гарч байжээ.

Цагаан хад 2017-06-17

Жолооч нарын төвлөрөн амсхийдэг газар

Байгалийн араншин

Гашуун сухайтын боомтоор гарахаар дугаарлаж буй автомашины цуваа

 

АYANGA.MN ОНЦЛОХ МЭДЭЭЛЛИЙН САЙТ

Сурвалжилсан сэтгүүлч, реактор Ю.Шүрэнцэцэг

Фото сурвалжлагч Л.Баасансүрэн



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0