21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Дэлхийн яруу найргийн өдрийг ирэх сард Монголд зохион байгуулна

2017 оны 07 сарын 05 нд

        Монголын Соёл Яруу Найргийн Академи нь дэлхийн 50 орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцох “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг 2017 оны 8-р сарын 16-22-ны өдрүүдэд  Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. 

          Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд "Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль" хэмээх агуулгын дор Улаанбаатар хотод Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурал, Дорноговь аймгийн Хамарын хийдэд “Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам” болно. 

             Данзанравжаа олон улсын яруу найргийн наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газар жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж Дэлхийд нэртэй сая сая уншигчидтай зохиолч, яруу найрагчид Монгол орны тухай төсөөллөө бодит болгож, Монголын түүх, соёл, байгаль, ард түмний тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлүүлж, Монгол орны байгалийн ба соёлын өвийг олон улсад таниулан сурталчлах өндөр ач холбогдолтой соёлын аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох юм.



         Наадам ба Дэлхийн яруу найрагчдын 37-р их хуралд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн утга зохиол соёлын байгууллагууд болон Дэлхийн Урлаг соёлын академи, Европын яруу найргийн академи, Олон улсын Пен байгууллага, зохиолч уран бүтээлчдийг дэмждэг сан, хэвлэлийн газруудын төлөөлөгч, орчуулагчид оролцож байгаа нь Монголын уран зохиолч, яруу найрагчид олон улсын үзэг нэгтнүүдтэйгээ уулзаж, гадаад харилцаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, уран бүтээлээ олон улсад гаргах, дэлхийн оюуны зах зээлд өрсөлдөх сайхан боломжийг  нээж өгч байна.

      Одоогийн байдлаар дэлхийн 40-өөд оны 200 орчим яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид, уран бүтээлчид бүртгүүлээд байна. Тухайлбал, Норвегийн Вангийн яруу найргийн зөвлөх, нэрт яруу найрагч Кнут Өдигард, Испани хэлт яруу найргийн өнөө цагийн сод төлөөлөгч, Нобелийн шагналт Висенти Александрийн шавь Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон, Дорно дахины өнөө цагийн соён гэгээрүүлэгч, Франц Кафкагийн шагналт,  гүн ухаантан, Тайваны яруу найрагч Юй Си, Казакстан Улсын хөдөлмөрийн баатар, суут яруу найрагч Олжас Сулемейнов зэрэг олон агуу яруу найрагчид наадамд урилгаар оролцоно.

      Израйлын яруу найрагч, профессор, дэлхийн хамгийн урт шилэн гүүрийн загварыг зохиосон дэлхийд алдартай архитектурч Хайм Дотан, Филиппиний соёлын нэрт зүтгэлтэн, Фукуокогийн Азийн соёлын шагналт, нэрт кино найруулагч Кидлэт Тахимик, Аргентины яруу найрагч, нэрт физикч, Нобелийн энх тайвны шагналт Эрнесто Кахан, Европын яруу найргийн Академийн удирдах зөвлөлийн гишүүн, Унгарын поэт лаурет, нэрт яруу найрагч Иштван Турцы, АНУ-ын "Чивителла Райнери" сангийн ерөнхий захирал, зураач, соёлын менежер Дана Прескот, Дэлхийн Урлаг соёлын академийн ерөнхийлөгч, Францын яруу найрагч Маурус Ян, Мексикийн яруу найрагч Мария Соберанис, Унгарын Ерөнхий сайдын соёлын зөвлөх, Унгарын Пэн-н ерөнхийлөгч Гиза Чөкс зэрэг алдартай хүмүүс оролцно.

      Монголын уран зохиолын алдар суутнууд болох XIX зууны Монголын суут зохиолч, яруу найрагч В.Инжиннашийн 180, суут яруу найрагч Д.Нацагдоржийн 111, Б.Явуухулангийн 88, Г.Сэр-Одын 100, Ч.Лхамсүрэнгийн 100, Ч.Чимэдийн 90, М.Цэдэндоржийн 85, Д.Гомбожавын 85,  Д.Нямсүрэнгийн 70, О.Дашбалбарын 60  насны тэгш ой тохиож буй энэ онцлог жилд энэхүү соёлын томоохон үйл явдал Монголд анх удаагаа болох гэж байна.

         Дэлхийн яруу найргийн өдрүүдийн ерөнхий зохион байгуулагчаар Дэлхийн урлаг соёлын академийн соёрхсноор Монголын Соёл Яруу найргийн Академи ажиллах бөгөөд хамтран зохион байгуулагчаар Дорноговь аймгийн ЗДТГ, Монголын Урлагийн Зөвлөл, Нью Жуулчин ХХК, Монголын Зохиолчдын эвлэл, Дэлхийн урлаг соёлын академи, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын холбоо оролцож байна.


Монгол дахь Дэлхийн Яруу найргийн өдрүүдийн хөтөлбөрийн агуулга 
2017.08.17- 21 Монгол Улс, Улаанбаатар-Дорноговь Хамрын хийд

Сэдэв: БАЙГАЛИЙН ОЮУН САНАА БА ХҮМҮҮНИЙ СЭТГЭЛИЙН БАЙГАЛЬ

2017.08.17

•    Дэлхийн Яруу Найрагчдын 37-р их хурал: Хуралдааны сэдэв: “Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль”
•    Дэлхийн Яруу найргийн антологийн нээлт
•    Тайваний яруу найрагч, поэт лаурет Юй Си-гийн уран бичлэг, бичиг соёлын үзэсгэлэнгийн нээлт 
•    Яруу найргийн уншлагууд
•    Шинэ номын танилцуулга

2017.08.18

•    Данзанравжаа Олон Улсын Яруу Найргийн анхдугаар их наадмын нээлт 
•    Үндэсний номын сан болон музейнүүдэд олон улсын яруу найргийн уншлага
•    Шинэ номын нээлт, танилцуулга

2017.08.19-20
    Сэдэв: Байгаль ба Оюун санаа
    Данзанравжаа Олон Улсын Яруу Найргийн анхдугаар их наадам
/ “XIX зууны Монголын суут яруу найрагч, соён гэгээрүүлэгч, гэгээнтэн 
Данзанравжаагийн дурсгалт газар - Хамарын хийд, Шамбал/

•    Яруу найргийн уншлага
•    Шинэ ном, сэтгүүлийн нээлт, танилцуулга 
•    Нүүдэлчний амьдралтай танилцах
•    Оддын доорх яруу найраг 

2017.08.21
•    Улаанбаатар хот орчмын аялал 
•    Хаалтын ёслол

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MNB.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0