21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хойд Солонгост тавьсан нүүрсний хориг үнийг бага зэрэг өсгөжээ

2017 оны 07 сарын 17 нд

               БНХАУ-ын Гаалийн газрын мэдээгээр 6 дугаар сард 21.6 сая тонн нүүрс /эрчим хүч, коксжих болон бусад төрөл/ импортолсон нь 5 дугаар сарынхаас 2.7%-иар буурсан хэдий ч өнгөрсөн оны 6 дугаар сартай адил хэмжээнд байгаа ажээ.

               Тус улс энэ оны эхний 6 сарын байдлаар нийт 133.3 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 23.5%-иар өсчээ. БНХАУ-ын хориг арга хэмжээний хүрээнд Хойд Солонгосоос тээвэрлэх нүүрсний хэмжээ 75%-аар буурсан гэнэ.

               Өнгөрсөн 2 дугаар сард НҮБ-аас Хойд Солонгост тавьсан хоригийн дагуу БНХАУ нүүрс импортлохоо буруулж эхэлсэн юм. Оны эхний 6 сарын байдлаар ердөө 2.7 сая тонн нүүрс Хойд Солонгосоос импортолжээ.

               2016 онд тус улсаас 22.4 сая тонн антрицит нүүрс импортолсон нь 2015 оноос 15%-аар өссөн дүн байжээ. Хойд Солонгосын нүүрсний хоригтой холбоотойгоор нүүрсний үнэ бага хэмжээгээр өссөн байна.

                Австралийн Квийнсланд мужид болсон Дэбби шуурганаас улбаатайгаар 4 дүгээр сарын дундуур коксжих нүүрсний үнэ 300 доллар давж өсөөд байсантай харьцуулахад одоо даруй 150 орчим ам.доллараар ханш сулраад байна.

            Гэхдээ одоо байгаа 160 доллар/тонн-ын үнэ коксжих нүүрс олборлогчдын хувьд харьцангуй боломжийн үнэ гэж тооцож байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт Австралийн өндөр чанартай коксжих нүүрсний FOB нөхцөлтэй үнэ /боомт дээрх үнэ/ 167.6 ам.доллар болж 2.8%-аар өсчээ.

            Шинжээчдийн таамаглаж байгаагаар оны сүүлийн улиралд Австралийн FOB нөхцөлтэй коксжих нүүрний үнэ дунджаар 146 ам.доллар байх төлөвтэй байгаа аж. Энэхүү үнэ 2016 онд дунджаар 126 ам.доллар, 2015 онд 90 ам.доллар байжээ.

            2016 онд БНХАУ нийт 14.15 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 255.5 сая тонн нүүрс импортолсон нь 2015 онтой харьцуулахад үнийн дүнгийн хувьд 16.8%-иар, биет хэмжээний хувьд 25.2%-иар өссөн дүн ажээ. Тэгвэл Монгол улс энэ оны эхний 5 сарын байдлаар 15 сая тонн нүүрс Хятад руу экспортлоод байгаа тухай Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: GEREG.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0