21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хориг арга хэмжээний маргаанаас В.Путин хожиж байна

2017 оны 08 сарын 02 нд

       АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс энэ долоо хоногт Европт айлчилж байгаа. “Америк юуны түрүүнд” гэдэг уриа зөвхөн тус улсын тухай ярина гэсэн үг биш гэдгийг тэрбээр холбоотнууддаа батлах гэнэ. Гэтэл Дональд Трампын засаг захиргаанаас гаргаж буй шийдвэр европчуудыг түгшээж байна. “Энэ галзуурал хэзээ зогсох бол. Америк аа, урьдынх шигээ агуу, бат найдвартай болооч” гэж Филандын Ерөнхий сайд асан твиттер хуудсандаа бичсэнийг Их Британийн “Guardian” сонин эш татжээ.

      Өнгөрсөн долоо хоногт Атлантын далай дамнасан бас нэг сөргөлдөөн дэгдэв. Орост нэмж хориг арга хэмжээ авахыг АНУ-ын Конгресс зөвшөөрсөнд дургүй байгаагаа Европын холбоо шууд илэрхийллээ. АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэсэн хариуцлагаас зайлсхийлгэхгүйг ОХУ-д харуулах гэсэн эрмэлзлэл нь хориг тавих нэг шалтгаан болжээ. Өөр нэг шалтгаан нь Д.Трампын бүрэн эрхийг хязгаарлах явдал аж. Хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг баталснаар АНУ-ын Ерөнхийлөгч цаашид тийм алхмыг дангаар сулруулах боломжгүй болох юм.

      Европчуудыг амьсгаа авахуулах талаар бодох байж. Д.Трампыг В.Путинтэй нууц хэлэлцээр байгуулна хэмээн тэд санаа зовж байсан билээ. Өрнөдийн хориг арга хэмжээ Оросын удирдагчид нөлөөлж, Украины асуудлыг шийдэхэд тус болж буй. Конгресс энэ асуудалд хөндлөнгөөс оролцож, хориг арга хэмжээг цуцлуулахгүй болгосон нь Европын хувьд уг нь сайн мэдээ болмоор.

        Гэтэл Европын холбоо огт өөрөөр хүлээн авч, үүнд баярласангүй. Энэ шударга бус тоглоом нь Европт байгалийн шатдаг хий экспортлох таатай нөхцөл бий болгохын тулд боловсруулсан зальжин бизнес төлөвлөгөө юм гэж Германы ГХЯ мэдэгджээ. Уг хуулийн төслийг олон улсын дүрэм журамд нийцнэ гэдэгт эргэлзэж буйгаа Францын Засгийн газар илэрхийлэв. Харин Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер эрс дургүйцэж, хариу арга хэмжээ авахыг уриалсан.

       Энэ нь Европын холбоо АНУ-ын Конгрессыг эсэргүүцэж, В.Путинийг дэмжсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн юм. Вашингтон болон түүний Европын холбоотнууд хооронд үл ойлголцол үүсэн нь В.Путинд таатай санагдаж байгаа болов уу. Америкийн хориг арга хэмжээ Оросын талаарх европчуудын байр суурийг нэгтгэх төдийгүй АНУ-ыг түнштэйгээ муудахад хүргэж болзошгүй гэж Европын холбооны зарим гишүүн үзэж байна. Ингэж мэдэгдэхдээ тэд энэ хагарал, үл ойлголцол аль эрт үүссэнийг тэмдэглээгүй нь Европын эрчим хүчний компаниудын үйл ажиллагаанд нэрмээс болж буй юм.

       Тухайлбал, “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойгоо ОХУ Герман, Франц болон бусад улсын компанийн тусламжтайгаар Балтын тэнгисийн ёроолоор тавьж, Германтай холбогдохыг хүсэж байна. Энэ төслийг Төв Европ болон Балтын тэнгисийн орнууд дэмжихгүй байгаа юм. Учир нь Кремль уг төслөөрөө дамжуулан Украины гүйцэтгэх үүргийг үгүй хийх гэж байна хэмээн тэд сэрдэж буй. Одоо Украины нутаг дэвсгэрээр дамжуулан Европт хий нийлүүлж байгаа. АНУ-ын хуулийн төсөл хий дамжуулах хоолой тавих ажилд бодитой аюул учруулах юм. Энэ нь төслийг цэвэр арилжааных гэдэг Германыг хилэгнэхэд хүргэж байна. Уг баримт нь В.Путин уг хоолойг ашиглан Европ дахь нөлөөгөө тэлэх гэж байна гэсэн хардлагатай зөрчилдөх болжээ.

      Энэ бүгдээс үзвэл, Европын холбоо дипломат харилцаандаа гол ач холбогдол өгөхгүй, ОХУ-тай байгуулсан гэрээнээс ашиг олж буй томоохон компаниудаа илүүд үзэж байна. Дургүйцлээ илэрхийлэхдээ Европ хоёр нүүр гаргаад байдаггүй. Европын холбоо хийн хоолойгоо Оросоос аль болох холуур өргөжүүлэх боломжийг эрс хязгаарласан хуулийн төслийг АНУ урьд нь санал болгож байсан билээ. Одоо Вашингтон улс төрийн эмх замбараагүй байдалдаа хутгалдаад бусад улсад юу болж буйг харах чадваргүй болжээ. Гэхдээ Европын байр суурь одоо нэгдмэл бус байна. “Умардын урсгал-2”-ыг илэрхий шүүмжилдэг, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск үзэл бодлоо өдий болтол илэрхийлсэнгүй.

       Ямартай ч Атлантын далай дамнасан маргаан гарч. В.Путинийг түших гэсэн Д.Трампын хүслийг хязгаарлах гэсэн Вашингтоныг Европын холбоо дэмжихийн оронд дургүйцлээ илэрхийллээ. Хоёр сарын өмнө Германы Канцлер Ангела Меркель “Европчууд бид хувь заяагаа гартаа авах ёстой” хэмээн мэдэгдсэн. Д.Трамп болон брекситийн үед Европ өмнө байгаагүйгээр эрх ашгаа хамгаалах ёстой. Энэ шинэ байр суурь нь уур амьсгал, худалдаа, Европын нийтлэг үнэт зүйлсийн асуудлаар аль хэдийнэ илэрсэн.

      Зарим шалтгаан нь ч ил тод байгаа юм. А.Меркель улиран сонгогдохын тулд Германы бизнес лообий, тэрчлэн Оросын талаар эвлэрэх байр суурьтай байгаа сонгогчдынхоо санаа бодлыг аль хэдийнээс анхааралдаа авчээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болгоомжтой хөдөлж, А.Меркельтэй харилцаагаа муутгахгүйг хичээж байна. Франц, Германы түншлэл нөлөөлөхгүй болохоор Төв болон Зүүн Европын орнууд Америкийн хуулийн төслийг эсэргүүцэхгүй байна. Польшийн популист Засгийн газар Д.Трамптай найрсаг харилцаатай байхыг илүүд үздэг. Харин Их Британи Европын холбооноос гарах ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлээд, Европын талбараас бараг гарчээ.

       Д.Трампын үед Европ болон АНУ хоорондын харилцааг тийм ч амар ойлгохгүй. Хэрэв Европт том хөзөр байгаа бол Зууван танхимтай төдийгүй Конгресстой тоглож болно. Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлаас харвал Цагаан ордны болчимгүй алхам Атлантын далайн энэ хэсгийн байдалд эвгүй нөлөө үзүүлж болзошгүй.

ЭХ СУРВАЛЖ: WWW.UNUUDUR.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0