21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Би хэн бэ? Би ямар хүн бэ? Би юу хийх вэ?

2017 оны 08 сарын 09 нд

   Шинжлэх ухааны өгүүлэл, судалгааны дүгнэлтүүдээс илүү сэтгүүлийн сонжоог бөглөх үзэгдэл нийтлэг байгаад тайлбар хийх илүүц байх. Гэвч гагцхүү биднийг сонжооруу татдаг тэрхүү өдөөгч бол “Жинхэнэ би гэж хэн бэ?” гэсэн асуулт.Тэгвэл тэрхүү “Жинхэнэ би”-гээ бүрэн тодорхойлсон хэн нэгэн байдаг болов уу? Яг энэ чинь л би шүү дээ гээд та хэлж чадах уу?

   Өөрийн адилтгал

   Жинхэнэ “Би” гэх ойлголтыг оновчтой байлгахын тулд өөрийн адилтгал гэдэг нэр томьёог тайлбарлах хэрэгтэй болно. Философийн дүгнэлтүүдэд “өөрийн адилтгал” бол хүн өөрийгөө юунд хамааруулж байгаа болон юуг өөртөө хамааруулж үзэж байгаатай холбогдоно. Өөрөөр хэлбэл таныг хүрээлэн буй холбоо харилцаа, танд буй ур чадвар, гадаад төрх, үзэл бодол, итгэл үнэмшил, мэдлэг зэрэг зүйлс таныг бүрдүүлдэг.

   Дээрх тайлбар дээр нэмээд би сэтгэл судлаач Адлер-н “Амьдралын хэв маяг”-н талаарх санааг дурдмаар байна. Адлер амьдралын хэв маягийг чухалчлан үзээд түүнийг таван хандлагад хуваан үзсэн байдаг. Дээрх тайлбараас илүүтэй нь хоёр хүн ижил адилтгалуудтай (холбоо харилцаа, ур чадвар, үнэт зүйл, гадаад төрх гэх мэт) байлаа ч хувь хүн өөрөө түүнд хэрхэн хандаж байгаагаар нь тухайн хувь хүнийг бусад хувь хүнээс ялгаатай тодорхойлох боломжтойд байна. Жишээ нь бид бүгд л өөрийн өөрийн гэсэн сул талтай. Харин зарим хүн сул талыг хөгжүүлэх ёстой орон зай гэж харж байхад зарим хэсэг нь бусдаас муу байлгах хүчин зүйл гэж хардаг. Үүнээс л амьдралын хэв маяг, бие хүний зан характер, хариу үйлдлүүд урган гарч ирдэг.

   Яг одоо байгаа та жинхэнэ та мөн үү?

   Их сургуульд сэтгэл судлаачаар сурсан 4 жилд өөрийнхөө үйлдлүүдэд тодорхойлолт өгөх гэж их зууралддаг байсансан. Гэхдээ бидний “би” хэзээ ч тогтвортой байгаагүй !  байх ч үгүй !

  Философич, зохиолч Багини энэ талаар хэлэхдээ “Таны итгэл үнэмшил, мэдлэг, дурсамж болон хүсэл тэмүүлэл таныг бий болгодог бөгөөд эдгээрийн нэгдэл буюу үндсэн та гэсэн ойлголт байхгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөнд байсан “Би” өнөөдрийн “Би”-ээс огт өөр. Таны итгэл үнэмшил, мэдлэг, дурсамж цаг ямагт хөгжиж байдаг. Тиймээс энэ л яг би гэсэн дүр төрхийг та тогтмол хадгалж чадахгүй. Энэ талаар түүний Ted.com дээр ярьсан илтгэлээс дэлгэрэнгүй үзэж болно.

   Та өөрийн болон бусдын хийх үйлдлийг урьдчилан таамаглаж болох уу?

   Хүн ямар үйлдэл хийх, нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар тодорхойлоход хувь хүний зан төлөв, характер илүү нөлөөлөх үү эсвэл нөхцөл байдал илүү нөлөөлдөг үү ?

   Сэтгэл судлалын шинжлэх ухаанд “хүн” үү эсвэл “нөхцөл байдал” уу гэдэг дээр судлаачид өөр өөрсдийн өнцгөөс хариулт өгдөг. Флипп Зимбардо-н явуулсан Стенфортын шоронгийн туршилт энэ тохиолдолд сонгодог тайлбар болж болох юм.Туршилтын үр дүнгээс та нөхцөл байдал илүү хүчтэй гэдэг таамаглалаа баталж байгаа байх.

“Гэвч хэрэв тухайн хүний характер тогтмол (хүчтэй) бол нөхцөл байдал хүчгүй байр сууринд байх болно”.

   Зан характер болон нөхцөл байдал хоорондын хамаарлын талаар хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг бөгөөд тухайлбал Richard Nisbett (1980, cited in Funder, 2001) бие хүний характер болон түүний гаргаж буй хариу үйлдэл хоорондын хамаарлыг судалж бидний гаргаж буй үйлдлийн ердөө 16% нь л зан характераас үүсэлтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэсэн хэдий ч тэрээр дараах нэмэлт тайлбаруудыг хийсэн байдаг.

  • Зан характер, хариу үйлдэл хоорондын бага хамаарал нь нөхцөл байдлын хувьсагчдыг бүрэн тодорхойлж чадахгүй. Зарим зан характер хэмжигдэхүйц бус байхыг үгүйсгэхгүй.
  • Хүмүүс өөрсдийн характер, зан төлөвөөсөө шалтгаалан өөрийн орчинг сонгодог. Жишээ нь интровертууд номын санчийн ажил мэргэжлийг илүү сонгох магадлалтай.

Өөр нэгэн судалгаагаар (Kenrid et al, 1990) бие хүний характер бүр  өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд зарим нөхцөл байдал зарим характерийг дэмждэггүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн:

  • Зарим бие хүн бусдаас илүү тогтвортой хариу үйлдэл үзүүлдэг
  • Зарим характер зөвхөн нөхцөл байдлаас шалтгаалан гарч ирдэг
  • Хүмүүс өөрсдийн амьдралын хэв маяг (сонголт)-аасаа хамаарсан хариу үйлдэл, зан характертай байдаг Жишээ нь: ажил мэргэжлээ сонгох, харилцаагаа сонгох, амьдрах орчноо сонгох гэх мэт.

Дийлэнх хүмүүсийн хувьд БИ ХЭН БЭ, БИ ЯМАР ХҮН БЭ, БИ ЮУ ХИЙХ ВЭ гэсэн асуултууд үргэлж сонирхолын төвд байдгийг дахин дурдаад уг нийтлэлд “БИ”-н талаарх өргөн их мэдээллийн өчүүхэн хэсэг гэдгийг сануулъя.

“ТА ХЭН БАЙХЫГ ХҮСНЭ ТИЙМ БАЙЖ ЧАДНА”

Сэтгэл судлаач: Б.Ганзул

Эх сурвалж: www.SETGEL.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0