21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ОЮУТНУУД УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛНА

2017 оны 08 сарын 10 нд

   Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий даяар нийт 60 мянга орчим Монгол залуус хилийн чанадад суралцаж байна гэсэн албан бус тоо бий. Эдгээр оюутнуудын төлөөлөл Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-нд чуулна.

   Гурван өдөр үргэлжлэх тус чуулган нь “Хилийн чанадад оршин сууж байгаа Монгол залуусын эх орондоо суурьших боломж, нөхцөл” сэдвийн хүрээнд хилийн чанадад суурьшиж буй иргэдийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх, улмаар  бодит ажил хэрэг болгох зорилготой. 

   Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, ТББ-ын дэргэдэх Оюутан залуучуудын хороо, албан ёсны дэмжигчээр Монгол Улсын ГХЯ, БСШУЯ, ХНХЯ хамтран ажиллаж байна.

   Чуулганы эхний өдөр дэлхийн 28 улсад суралцаж буй монгол оюутан залуус, төгсөгчдийн төлөөлөл ТББ-уудын тэргүүлэгч гишүүд Монгол Улсын ГХЯ-ны хурлын их тэнхимд болох уулзалтад оролцоно. Тодруулбал, АНУ дахь Монгол Оюутны Холбоо /AMSA/, МЗХ-ны  Солонгос улс дахь салбар зөвлөл, БНХАУ дахь Монгол Оюутны Нэгдсэн Холбоо, Япон дахь “Халуун сэтгэл” ТББ ба Монгол Улсын яам, тамгын газрын төлөөлөгч нар оролцох юм

   Хоёр дахь өдрийн арга хэмжээнд хилийн чанадад суралцаж буй болон төгсөгчид, дотоодын сурагч, оюутан залуус сонирхсон хэн бүхэн оролцох боломжтой. Чуулганы үеэр  дэлхийн салбар бүрийн төлөөлөл амжилттай ажиллаж буй Монгол залуус илтгэл тавина.

   Чуулганы сүүлийн өдөр “Holiday INN” зочид буудлын Хурлын их тэнхимд болох бөгөөд Хөдөлмөр зуучлалын арга хэмжээ болон ,Хилийн чанадад суралцах хүсэлтэй залуучуудад мэдээлэл зөвлөгөө өгөх, томоохон илтгэгчдийн  сонирхолтой яриа болох юм.

Эх сурвалж: www.MONTSAME.mn Ж.Болор



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0