21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хүмүүс өөрөө өөрийгөө “ХАРААДАГ” буюу хүний ХҮЧ ЧАДЛЫН НУУЦ

2017 оны 08 сарын 12 нд

      Хүн хэмээх бодьгалын адгуусаас ялгагдах үндсэн шинж нь оюун ухаан билээ. Мөн дээр нь хүнээс өөр ямар ч амьд биетэд дотоод сэтгэлийн хүч гээч зүйл үгүй. Дотоод сэтгэлийн хүчээрээ өөрийн амьдралыг залж, тойрон хүрээлэх аура буюу энергиэрээ ирээдүйн өнгөө бий болгодог. Харин өнөө цаг үед хүмүүс өөрийгөө тойрон хүрээлэх бүрхүүлээ эерэг бус сөрөг энергиэр дүүргэн, улмаар азгүй, бүтэлгүй явдалтай өдөр тутам нүүр тулж, сайн сайхан ирээдүйгээ замхруулж байдаг болчихжээ.

     Тэр их хүч нөлөө бүхий энергийг хэрхэн эерэгээр цэнэглэх, сөрөг, хар эрчмийн урсгалаас хэрхэн хамгаалах талаар мэдлэг дутсаны уршиг энэ юм. Энергийн тухай бидний мэдвэл зохих зүйлсийн тухай, өдөр тутмын амьдралдаа дагаж мөрдөх зарчмын тухай зурхайн ухааны доктор Н.Батцэцэгээс мэдээлэл авахыг зорилоо.

-Хүнийг тойрсон гэрлэн бүрхүүл гэж байдаг, тэр нь бас гэмтдэг гэж ярьдаг. Ямар үед гэрлэн бүрхүүл гэмтдэг юм бэ?

-Хүний жилийн ноён нуруу гээд байдаг чинь ерөөсөө тэр гэрлэн бүрхүүлийг хэлээд байгаа юм. Үүнийг анагаахын хэлээр аура, шинжлэх ухааны хэлээр солонгон бүрхүүл, шашны хэлээр хүний жилийн ноён нуруу гэж үздэг. Хүний тухайн жилд ажил төрөл, амь нас, бие мах бодь, амьдралд нь тохиолдох сайн муу бүгдийг жилийн ноён нуруугаар нь тодорхойлж болдог шүү дээ.

Харин гэрлэн бүрхүүл нь үхээрийн газраар явах зэргээс гадна хэрүүл хийх, хараал хэлэхэд ч гэмтдэг. Муу бодол ч үүнд нөлөөлнө. Муу бодол, төсөөлөл тархиндаа ургуулаад байх тусам сөрөг энергийг өөртөө төвлөрүүлж, үүнийхээ улмаас гэрлэн биеэ гэмтээдэг юм. Тэрнээс хүн хүнийг хараадаг гэх зүйл байдаггүй юм шүү дээ.

-Тэгэхээр “хараалгачихлаа” гэдэг хүмүүс өөрөө өөрсдийгөө тийм байдалд оруулсан байдаг хэрэг үү?

-Тэгж ойлгож болно. “Тэр намайг муу хэлсэн болов уу, энэ намайг хараасан болов уу, надад муу юм хийсэн болов уу” гээд бодоод л байвал сөрөг энергийн хүчээр тэр нь биелдэг. Энерги бол түгээмэл байгаа урсгал. Шинжлэх ухаанаар баталсан, шашнаар бол аль эрт нотолсон. Муу зүйл бодох тусмаа таталцлын хуулиар сөрөг энергийг татаж, сайн сайхныг төсөөлөх тусмаа өөрийн гэрлэн биеэ бадамлянхуа цэцэг адил дэлгэрүүлж, жилийн ноён нуруугаа засаад явж болдог. Сайн явах санааных гэдэг үг зүгээр ч нэг гараагүй юм шүү дээ.

-Муу энерги хүний гэрлэн биед сайнаасаа илүү хурдан цуглардаг гэж сонссон юм байна. Энэ ортой юу?

-Ортой. Муу энергийг татаж байгаа хүн өөрөө түүнийхээ төв нь болж байгаа учир сайнаас илүү хурдан татах гол цөм болчихдог юм. Хүн угаасаа муу зүйлийг өөртөө маш хурдан, хүндээр тусгаж авдгийг ажиглаж байсан байх. Өөрт нь тусалж, сайн сайхан зүйл ярьж буй хүнийг нар мандаад, жаргах хооронд мартаж орхидог. Тэгсэн мөртөө муу зүйлийг, эсвэл уур, гомдол зэргийг хэдэн хоног сараар бодоод, хүмүүсийн ярьдгаар “шүдэндээ зуугаад” яваад л байдаг. Чухам үүний учраас муу энергийг өөртөө асар хурдан, “дуртайяа” хүлээж аваад, кодолчихдог хэрэг.

-Кодлох гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Хүн өөрийнхөө оюун ухаанд сануулаад авчихаж байна гэсэн үг л дээ. Зүйрлэвэл компьютэрт юм бичээд хэрэв хадгалах бол түүнийгээ “save” дараад сануулдагтай адил. Тийм учраас хараал гэдэг зүйлийг өөртөө татаж, сануулчихаад, өөрөө өөрийнхөө сайн сайхан явах зам мөрөө хаагаад байдаг хэрэг.

Байнга л муу зүйлийн тухай бодоод байвал өөрийгөө тойрох хар буюу сөрөг энергиэ улам ихэсгэн, маш сайхан замаар явж, гэрэл гэгээтэй ирээдүйд хүрэх ёстой байсан бол түүнийгээ аажмаар бүүдийлгэж байдаг юм. Жишээлэхэд, хотын төвийн гэрэлтэй талбай руу явах гэж байснаа төөрч захын, харанхуй гудамжаар бүдчиж эхэлнэ гэсэн үг. Нэг ёсондоо оюун санааны төөрөгдөлд орж буй хэрэг.

-Сайтар бясалгасан, боловсорсон хүмүүс сайн муу энергитэй хүнийг хараад ялгаж чаддаг гэдэг. Харин энгийн нүдээр муу энергитэй хүнийг хараад ямар нэг байдлаар таних, ялгах боломж байдаг болов уу?

-Энгийн хүн бусдын гэрлэн бие буюу аураг харах, эерэг сөрөг энергийг ялгах хэцүү л дээ. Харин бидний нүдээр харахад олон зүйлээрээ ялгарч харагддаг юм. Нүдний гэрэл нь буурсан, нэг л бороотой тэнгэр шиг бүүдгэр байдаг.
Энгийн нүдээр ганц нэг зүйлийг нь онцолж харж болох л юм. Тухайлбал, энерги буурсан, сөрөг болсон хүн мөрөө унжуулж, гудайсхийн явж, зовхи, завьж нь унжсан байдгаар нь ялгаж болно.

-Өнөөдөр тэгвэл гудамжинд яваа хүмүүсийн гэрлэн бие хэр гэмтсэн байх шиг байна?

-Гэрлэн бие нь гэмтсэн, сөрөг энерги цуглуулсан хүн маш элбэг болсон. Харин үүнийгээ өөрсдөө огт мэддэггүй. Бүх хүн л муу сэтгэлийг тээж, уурын үүр болж явна уу даа гэмээр тийм их гэмтэлтэй болчихсон байдаг.

Cэтгэлээ номхотгох, уураа дарах чадал хүн бүрт бий

–Уурын уршиг гэж байдаг уу? Уурлаад уцаарлаад л байвал үйлс нь хэзээ ч бүтдэггүй гэж ярьж байсныг чинь сонссон юм байна.

-Уур гэдэг бол мунхаг гэсэн үг. Хэдий чинээ уурлана, төдий чинээ мунхагралд орж, оюун санааны гэгээлэг тал нь бүрхэг болж байдаг. Номтой нөхөрлөн, харьцаж байгаа хүн гэгээрдэг бол уурлаад байгаа хүнд ном унших зав ч гарахгүй явсаар эргээд харахад бухимдлаасаа болоод бүх зав чөлөөгөө уурлаад өнгөрөөчихсөн байдаг юм.

Өнөөгийн нийгэмд амьдарч буй дийлэнх хүний гэрлэн бие гэмтсэн байгаа нь яг энэ уур ууцаартай холбоотой. Анзаараад байхад хүмүүс том жижиг гэлтгүй маш их уцаартай болж, шалихгүй зүйл дээр ч уурлан, хэрүүл уруул хийдэг болчихож. Дор бүрнээ бодоод үзээрэй. Хамгийн сүүлд чиний уурласан тэр зүйл, асуудал үнэхээр тийм чухал байсан уу гэж. Ихэнхдээ тийм биш, зүгээр л өнгөрөөчихөж болохуйц зүйл байсан байж таарна. Харин тэр энгийн зүйлийг өнгөрөөчихөж чадаагүйгээрээ өөрийн гэрлэн биедээ толбо суулгаж, сөрөг энергийг биедээ татаж аваад л үлдсэн байна шүү дээ.

-Эцэг эхдээ уурлах уурын хор уршиг хэр их байдаг бол?

-Эцэг, эх бол ямар ч хүнд бурхан нь байдаг. Тэгэхээр бурхандаа уурлаад байгаатай адил. Бурхан шүтээндээ уурлаж, уцаарлан, дэргэд нь хэрүүл уруул хийж, хараал тавьж байгаа хүний нэг насны байтугай хойд амьдрал ч ширүүн бороотой, хүйтэн өдрүүд үргэлжилдэг.

-Тэгвэл уурлах гээд байгаа тэр сэтгэлээ хоромхон зуур дарж, номхотгох арга байх уу?

-Байлгүй яах вэ. Тэгж сэтгэлээ номхотгох, уураа дарах чадал хүн бүрт бий. Нэн тэргүүнд дуугүй болчих хэрэгтэй. Харин дуугүй байх их ч бай, бага ч бай тэр хугацаандаа өөрийнхөө дотоод сэтгэлийг нээх ёстой юм. Өөрөөсөө асуу. Би яагаад уурлаад байна вэ гэж. Хүн бүр уурласан үедээ “энэ яагаад миний уурыг хүргэж байна вэ” гэж гаднаас бурууг эрж хайгаад байдаг. Ингэж гаднаас хайвал ямар ч хариулт олж, үр дүнд хүрэхгүй. Харин өөрөө өөртөө хандсанаар аяндаа “энэ үнэхээр тийм чухал асуудал уу” гэдгийг асуухад хүрдэг юм. Ингэж сэтгэлээ тэр уурын мунхагаас чөлөөлж сурвал л бид энэ олон сөрөг энергийн урсгалаас өөрийн гэрлэн бүрхүүлээ хамгаалж чадах юм.

-Хүмүүс “ямар үйлийн үрээр чамтай учирваа” гэж их ярьдаг. Үйлийн үр гэж чухам яг юу юм бэ? Үнэхээр тэр нь хүний хувь заяанд нөлөөлж чаддаг юм уу?

-Үйлийн үр нь сайн муу гэсэн хоёр талтай. Нар хэтэрхий хурц байвал шатааж, хэтэрхий бүдэг байвал хөлдөөх байх. Ертөнцийн юм бүхэн ийм хоёр талтай байдаг шиг үйлийн үр ч адил. Сайн сайхныг хэлж, ерөөж, буянт үйл үйлдэхийн хэрээр сайн үйлийн үрийг өөртөө дуудан ирүүлж байдаг юм. Эсрэгээрээ уурлаж, хараан зүхэж, хов хэлж, худал ярин, хэн нэгнийг зовоох тусам муу үйлийн үрийг даллан дуудаж, түүнийхээ уршгаар гай зовлонд нэрвэгдэн байдаг. Үйлийн үр хүний хувь заяа, амьдралын замд нөлөөлдөг нь маргашгүй үнэн.

-Хүн тэгэхээр амьдралынхаа завийг өөрөө залуурддаг гэсэн үг үү?

-Хүн хийсэн үйл бүрийнхээ үйлийн үрийг хэзээ нэгэн цагт заавал үзэж байдаг хуультай. Урт насалж, удаан жарган, өнөр өтгөн гэр бүлдээ налайн суух хувьтай байсан хүн өөрийн хийсэн их, бага муу үйлийнхээ үрийг хүртэж, өвчин эргүүлж, хорт хавдар хүртэл тусчихсан байдаг.

-Хорт хавдар чинь анагаахаар батлагдсан өвчин биз дээ?

-Сүүлийн үед хортой, хоргүй хавдар тусч, зовж шаналах хүн үлэмж нэмэгдсэн. Үнэндээ хавдар бол үйлийн үрийн уршиг байж, үйлийн үрээр тэжээгдэн ургаж томордог юм. Хавдарын цөмд нь өчүүхэн жижиг хорхой байгаа. Харин тэр хорхой зөвхөн муу энергиэр л хүчээ авч, тэжээгдэн тэтгэгдэж байдаг юм шүү дээ.

-Тэгвэл өөрийн хийсэн муу үйлийг цайруулж, хойшид гарах үйлийн үрээс нь сэргийлэх боломж бий юу?

-Амархан биш ч байлгүй яах вэ. Харин энэ боломж зөвхөн тэр хүнд өөрт нь байна. Аз жаргалыг хүн өөрийн дотроос олдог учир ямар ч хүч шаардагдсан бай муу бодол санаа, өш хонзон бүрээсээ чөлөөлөгдөж, өөрийгөө гэгээрүүлэх ёстой юм. Харин үүнийхээ дараа гэм хоргүй цагаан сэтгэлээр аливаад хандаад эхлэх юм бол өмнө нь үйлдсэн үйлийн үрээ нимгэлж болно.

-Хэрэв ингэж чадвал хорт хавдар тусах гэж байснаа больчихно гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Та хэзээ нэгэн цагт хорт хавдар тусаад илаарширсан хүний талаар сонсож байсан байх. Шинжлэх ухааны ач тус нөлөөлсөн байж болох ч хамгийн ихээр тэр хүн өөрөө өөрийгөө үхлийн аюулаас аварсан явдал юм шүү дээ. Яг л дээр хэлсэн шиг муу бүхнээс өөрийгөө чөлөөлж чадсаны гавьяанд үхэл амьдралын заагаас эргэн ирж байгаа юм. Харин өч төчнөөн сая төгрөг зарлагадаж, олон орноор эмчилгээ хийлгэсэн ч тусыг эс олж, өчүүхэн өвчин нь сэдрэн мөнх бусыг үзэж буй хүн сэтгэлээ чөлөөлж, гэгээрүүлж чадаагүйнхээ үйлийн үрийг эдэлж байгаа хэрэг.  Сайн энергиэр муу энергийг сүлж чадсан хүний ямар ч өвчин эдгэрнэ.

-Бас сайхан зүйлийг бодож, “би эдгэрнэ” гэж үнэн сэтгэлээсээ итгэсэн хүн эдгэрдэг гэж ярьдаг. Энэ нь бодлын хүч нөлөөлж байгаагийн илрэл үү?

-Хүний тархи гэгч агуу зүйлийг удирдаж явдаг нь сүнс юм. Тэр сүнсэнд юу гэж зааж, хэлж өгнө яг тэр нь биелэлээ олдог. Ажил төлөвлөхдөө “бүтэх болов уу” эсвэл “бүтэхгүй дээ” “бүтэхгүй бол яанаа” гэсэн бодлыг л тархиндаа эргэлдүүлээд байвал сүнс түүнийг нь хүлээн авч, яг эсрэгээр нь “манай эзэн энэ ажлыг бүтээхийг хүсэхгүй байна” гэж ойлгоод бүтэлгүйтүүлж орхино доо. “Виз гарах болов уу, яах бол” гээд явж байгаа хүнд засал хийгээд явуулчихаар тэр виз нь гарчихдаг нь яаж байгаа юм бэ? Тэгвэл энэ чинь зүгээр л тэр хүний сүнсэт оюунаас эргэлзээ, айдсыг нь гаргачихсан учраас бүтчихэж байгаа хэрэг шүү дээ.

–Тэгвэл үгийн хүч гэж байдаг уу? Үүнийг тайлбарлаж болох уу?

-Байнаа. Хүний амнаас гарч буй үг гэдэг чинь ерөөсөө энергийн бөөгнөрөл юм. Тийм ч учраас нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг. Жишээлбэл, энэ дэлхий дээр байгаа бүх хүн эхээс төрсөн учир “Ээж” гэдэг үг тоолж барамгүй олон удаа хэлэгдэнэ. Энэ олон удаагийн давталтаар “Ээж” гэдэг үгний энергийн хүч асар их болж, энэ үгийг хэлэх бүрт тарни уншихтай адил аврал ирж байдаг юм. Ослоос юмуу, өндөр дээрээс ойчоод зүгээр үлдэх юмуу жаахан шалбараад үлдсэн хүнийг их азтайд тооцдог. Тэгвэл тэр хүн маань “ээжээ” гэж хэлсэн буюу ээжийгээ дуудсан байдаг. Ижийдээ залбирал илгээсэн ч гэж үзэж болно. Ээж гэдэг үгийн цаана эх хүний агуу их хайр энэрэл, бодол ухаан, үрээ гэсэн бүх сайн сайхны энергийн бөөгнөрөл байгаа учир энэ авралынх нь тарни болж байгаа юм.

Гэтэл юухан хийхэнд бүдэрч ойчоод хөл гараа хугалчихсан, гэмтээчихсэн хүн байдаг. Учир нь тэр хүн маань “ёо ёо” гэх юмуу хараалын утга учир бүхий муу энерги агуулсан үг хэлсэн байдаг учир муу энергийг өөрөө өөртөө дуудаж түүндээ хорлогддог гэж үздэг.

Нөгөөтэйгүүр хүн ямар нэгэн юманд уурлаж, ундууцахаараа дандаа “тэр муу, энэ муу” гэж ирээд ярьдаг. Олон удаа “муу, муу” гээд муулуулаад байгаа тэр хүнд ч тэр “муу” нь асар хүчтэй болж тусдаг.

Тэгэхээр үг гэдэг бол санааны зоргоор урсгаад байх хий хоосон авиа биш. Бидний амьдрал, хувь тавиланг ч өөрчилж чадах хүчтэй энерги байдаг юм.

Согтуу доголон хүн явж байвал битгий шоолж бай гэж сургаж байсны утга нь чи хэн нэгнийг муулах үг амнаасаа гаргах тусам яг тийм үгээ өөртөө эргүүлээд татаж буй хэрэг.

Бас дээр нь “яах уу?”, “хэцүү юмаа” гэх зэрэг үгсийг огт хэлэхгүй байх учиртай юм. Энэ үгээр маш их сөрөг энерги дуудагдан ирж, бодож сэтгэсэн бүхэнд чинь хаалт босгож байдаг.

Tөрийн ордноо нар буруу тойрч байгаа учраас энэ их хөдөлгөөн үймээн самуун гарч байгаа

-Үйлдэл, зан үйл бүхэн үгний адил өөрийн гэсэн сайн муу энергитэй байдаг болов уу?

-Бидний өвөг дээдэс “элгээ тэвэрдэггүй зовлон дууддаг юм” гэж захидаг байсан. Учир нь хайр энэрлийн хүрдээ хаагаад байхаар хүнийг ч хайрлах сэтгэл төрөхгүй, хүнд ч өөрөө хайрлагдаж чадахгүй болдог гэсэн далд утга бүхий үйлдэл юм.

Ертөнцийн хүрд буюу нар зөв тойрох ч асар их утга учиртай. Гандан хийдээ гороолох, овоо тахилгаа нар зөв тойрох нь тэндээс сайн сайхан энергиэ нөхөж авдаг гэж үздэг. Гэтэл монголчууд төрийн ордноо нар буруу тойроод давхилдаад байдаг. Дээр нь өөдлөх айл үүднээсээ гэдэг гэтэл төрийн ордны маань хаалга нар тоссон зүгээсээ биш гэрэл гэгээ ер үздэггүй зэвэргэн хүйтэн жавартай талаасаа орж гарцгаадаг. Ийм байхад төрийн ордонд болоод байгаа бүхэн маань яаж зөв энергиэр сүлэгдэх билээ дээ. Үүнээс үүдээд ордноос гарч байгаа нөгөө хууль дүрмүүд чинь ард түмнийхээ амьдрал, бодолтой нийцэж чадахгүйд хүрээд байна уу гэж ойлгогдоод байна л даа.

-Төрийн ордны энергийг иргэдийн буруу үйлдэл эвдээд байна гэж ойлгох нь ээ? Тэгвэл тэр муу энергиэс нь салгаж болох юм уу?

-Бололгүй яах вэ. Юун түрүүнд төрийн ордноо нар зөв тойрч эхэл л дээ. Дараа нь “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг шиг төрөө хүндлэх сэтгэлийг дахин сэргээмээр санагддаг.

Монголчуудаас дэлхий нийт суралцаж байсан болохоос монголчууд гадны улс орноос суралцаж байсан түүх үгүй. Бидний өвөг дээдэс, зан заншил, ёс суртахуунаараа дэлхийд гайхагдаж байсан улс орон. Миний бодлоор бид өвөг дээдсийнхээ энэ их сургаалийг юуны түрүүнд төр удирдах бодлогодоо нийцүүлэн тусгаж чадах юм бол хөгжин дээшилж чадна.

-Үнэхээр төрийн сүлдэндээ залбирах, төрөө хүндлэх сэтгэлгээ алдагдсан нь үнэн байх аа?

-Төр нь ард түмнээ эцгийн дайтай хайрлаж, ойлгож чадахгүй байгаа нь бидний өөрсдийн хүндлэл алга болсон, дээр нь төрийн ордноо нар буруу тойрч байгаатай холбоотой. Тийм ч учраас тэндээс сайн сайхан бүхнийг авч чадахгүй байгаагаас энэ их хөдөлгөөн үймээн самуун гарч байгаа байх.

“Хууль нь гууль болжээ” гэж ард түмэн ярьдаг. Гэтэл хуулиа боловсруулж, үйлдвэрлэж байгаа төрийн ордны түшээ нарын гаргасан хууль нь хүссэн хүсээгүй нар буруу эргэлтэд орж хар энергиэр цэнэглэгдээд ард түмэнд очоод байна. Үүний уршгаар энгийн ард түмэнд шударга ханддаг хууль байх ёстой атал эсрэгээр үйлчилдэг хууль бий болдог. Мөнгөтэй, танилтай, хуулийнхаа цоорхойг маш сайн мэддэг зальхай хүмүүсийн талд үйлчилдэг болсон нь нүдэнд ил байгаа.

Шүүхийн шийдвэр ч тэгж гардаг. Муу нь муугаа дагадаг, сайн сайнаа дагадаг. Жишээлбэл, шүүхийн шийдвэрээр хураагдаж зарагдсан хий үзэгдэлтэй байшин олшрох магадлалтай болсныг юу гэж ойлгох вэ? Байшин савандаа харамсаж, гашуудаж, хямарсан нэг хэсэг, нөгөө талаас тэр өмчийг нь булааж авч л байвал бусад нь хамаагүй зальхай шунахай хүмүүсийн хар энергийн маш хүчтэй бөөгнөрөл тэр байшин саванд  үлдсэнд л гол утга учир нь байгаа юм. Тэгээд ч хүний юм хүнд хоол болдоггүй гэж эмээ өвөө маань сургадаг байсан нь энэ сайн муу энергийг л хэлээд байсан байна шүү дээ. Бидний өвөг дээдэс нар зөв хурайлж нас буянаа тогтоож, буян хишгээ дээшлүүлж, арвижуулж өдгөө хүртэл улс үндэстнээ хамгаалж их гүрнүүдийн хэцүү айхтар бүгдийг ардаа хийсэн улс. Өнөөдөр улс орон маань хөгжиж, дэвжиж, дээшилж чадахгүй байгаа нь энэ бүхэнтэй хамааралтай.

-Ажиглаад байхад өнөөгийн залуус шашин шүтэх, ном уншуулах зэргээс хөндийрсөн, бүр ямар ч мэдлэггүй байх болжээ. Шашнаас хөндийрөхийн уршиг гэж бий юу?

-Заавал ямар нэгэн шашин шүт гэж хэнд ч албадах аргагүй. Харин зүгээр л зохих хэмжээний мэдлэгийг олж авахыг би зөвлөдөг. Бүх шашны нийтлэг зүйл нь сайн, муу, нүгэл, буяны ялгааг ухааруулдагт байдаг юм. Шашин шүтдэг хүн тэгвэл нүгэл, буян гэж юуг хэлээд байгаа, сайныг хийвэл яадаг, мууг үйлдвэл хэрхэн хорлогддог зэрэг ойлголтыг авч чадсан байдаг. Тэгэхээр энэ тухай огт мэдэхгүй хүний хажууд бага ч болов үйлийн үрийн ялгаа заагийг мэддэг хүний үйлдэл өөр байна биз дээ. Хүн өөрөө өөрийнхөө хувь заяаг залж, ирээдүйгээ зурж, будаж явдаг учир сайн муугийн ялгааг мэддэг байх зайлшгүй шаардлагатай гэж би боддог. Өөрсдийнхөө л төлөө тэр шүү дээ.

Зайсангийн аманд үнэтэй байшин худалдан авч, амьдраад байгаа хүмүүс  Хатан Туул руугаа л бохироо урсгаад, шүлсээ хаяад л сууж байгаа юм шүү дээ

–Таныг би “Зайсангийн аманд очиж лусын хорлол болохгүй шүү” гэж ярьж байхыг сая санамсаргүй сонсчихлоо. Яагаад ингэж хэлсэн юм бэ?

-Лус гэдэг усанд, садваг гэдэг газарт, сахиус гэдэг тэнгэрт байдаг. Энэ хорвоогийн юм бүхэн амьтай. Амьтай зүйлтэй амьгүй мэт харьцаад байхаар л эсэргүүцлээ үзүүлж эхэлдэг юм. Гоё сайхан хувцас өмсөөд явж байгаа хүн дээр очоод тамхины иш наачихвал тэр нь уурлаад сүйд болно биз дээ. Үүнтэй адил гол горхи руугаа нус цэр, бохироо хаяад байхаар үг хэлж чадахгүй ч бухимдал гомдлоо өөр өөрсдийн аргаар илэрхийлдэг. Зайсангийн аманд үнэтэй байшин худалдан авч, амьдраад байгаа хүмүүс Хатан Туул руугаа л бохироо урсгаад, шүлсээ хаяад л сууж байгаа юм шүү дээ. Энэ бол илэрхийлэхийн аргагүй хор хохиролтой. Харин үүний хохирол нь алсдаа л харагдах байх даа гэж эмээдэг.

-Ус амьд биет гэлээ. Тэгвэл усанд энерги байдаг юм уу?

-Ус гэдэг бол мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг, программчилдаг, асар хүчтэй биет. Усаар дамжуулж тарнидах, муу энергийг зайлуулах засал хийж, усанд асар их мэдээлэл өгч хүний гэрлэн биеийг засах хүртэл боломжтой. Усанд маш их мэдээлэл хадгалагддаг. Хүн аягатай усанд муу үг хэлэхэд молекул нь задарч, эмх замбараагүй болж байхад, сайн сайхан үг хэлж, тарнидахад зөв зургаан талсттай болдгийг олон удаагийн туршилтаар баталсан. Тэгэхээр аяга ус уусан ч “баярлалаа” ч гэдэг юм уу сайхан үг хэлээд уучихад рашаан болж биед нь шингэнэ. Харин аяганд ус хийж барьчихаад хэрүүл хийж, эсвэл хов ярьж, муу хэлчихээд уух юм бол яг тэр мэдээллийг биедээ шингээн авна. Дээр нь тэр муулаад байгаа хүнийхтэйгээ адилхан бүх энергийг биедээ шингээчихэж л байгаа хэрэг.

-Хар өнгийн хувцас хар энерги цуглуулдаг гэсэн яриа үнэн болов уу?

-Үнэн. Өнгө бол маш хүчтэй энергийг өөрөөсөө гаргаж байдаг. Тэгэхээр хар хувцас хар энергиэ гаргаад, гадаа байгаа адил энергиэ татаад явдаг. Цагаан бол эсрэгээрээ гэх мэт.

Эр нөхрийнхөө хийморийг өөд нь өргөж чадаагүй учраас гэр бүл салалт ихэсч нэмэгдэж байна.

-Айл гэрт сөрөг энерги үүсгэдэг эд зүйлс гэж байдаг уу?

-Байна. Юм болгон өөр өөрийн энергитэй. Тухайлбал, ангийн буу ханандаа өлгөчихсөн айлууд байдаг. Тэгвэл тэр буу нь амьд амьтны голыг тасалдаг шидтэй учир маш муу хар энергийг гаргана. Тийм ч учраас ийм бууны хажууд цулбуур тавьж энергийг нь засдаг юм.

-Айл гэр гэснээс өнөөдөр гэрийн эзнийг хүндлэх дээдлэх хуучны сайхан ёс алдагдаад байх шиг байна. Гэрийн эзнийг эс хүндлэх, хийморийг нь доройтуулахын хор уршиг хэр их байдаг вэ?

-Энэ бол маш чухал, маш ноцтой асуудал. Эр нөхрийнхөө хийморийг өөд нь өргөж чадаагүй, хүндлэх ёстой бүхнийг умартсан учраас гэр бүл салалт ихэсч, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдэж байна. Эр нөхөртөө цай, хоолныхоо дээжийг өргөж, босохоос нь түрүүлж өндийн гэр орноо цэмцийлгээд, тэргүүнийг нь хүндлэн явах зэрэг нь энгийн юм шиг хэрнээ асар их утга учиртай юм. Хүний тэргүүнд долоо дахь хүрд буюу дээд тэнгэртэй холбогдох үүд хаалга нь байдаг. Гэтэл түүнд нь хүрээд эсвэл тэргүүнийх нь дээрх түвшинд гарч суугаад л байвал эр хүний хийморь гундаж, архи дарсанд орж, улмаар тэр айл өнгө зүсээ алдаж эхэлнэ.

-Архи хүний энергийг яаж эвддэг вэ?

-Архийг бүтэн шилтэй байхад нь идээний дээж, талаас нь доошоо ороход нь чөтгөрийн ундаа гэдэг юм. Чөтгөрийн ундааг зооглоод байгаа хүнээс бүх эерэг энерги дайжин, сүнс сүлд хийморь гурав нь зайлж, нохой шинжид орно. Архинд согтоод алингаа алдан явж байгаа хүн рүү нохой дайрдаггүй гээд боддоо.
 

Овоон дээр хүртэл архи уух болж. Овоо болгон эзэнтэй. Тэгвэл тэнд архи ууж байгаа хүн эзэдтэй нь хамт буюу хий юмтай хамт уугаад байна гэсэн үг. Тэр хамт уусан хий юмнаасаа л хорлогдчихно шүү дээ. Архийг бас өөртөө хэзээ ч аягалж уудаггүй гэдгийг өнөөдөр мэдэх хүн үлдээгүй бололтой.

-Та олон жил тарни, засал, бясалгалын аргаар хүний энергийг засч ирсэн гэсэн. Тарниар яаж энергийг засдаг юм бэ?

-Тарни гэдэг бол агуу. Хүний энергийг буюу гэрлэн бүрхүүлийг эмчлэгч эмч бол тарни. Ямарваа юм бүхэн, үг бүхэн, үйлдэл бүхэн өөрийн гэсэн утга учиртай сайн муу энергиэс бүтсэн байдаг тухай дээр дурдсан. Шашны сургаальд төгс боловсорсон хүмүүс тарни номын хүчээр ид шидийг бишгүй нэг үзүүлсэн байдаг. Жишээ нь, их говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Равжаа гуай нохойн баасаар архи нэрж, түүнийгээ шившин ариун ус болгож олон ард түмнийхээ нүдэн дээр уусан байдаг. Тарнийн хүчийг ганц энэ жишээнээс бэлхэн ойлгож болно.

-Тарни номын аргаар хүнийг аварч ч болдог, алж ч болдог гэх яриа байдаг?

-Тарни номын энергиэр юуг ч хийж бүтээж болно. Үнэхээр хүнийг алж ч болно. Харин тарни номын ёсонд гүн суралцсан хүмүүс гэгээлэг тал руугаа харж амьдарч явдаг тул муу энерги цацахыг ямагт цээрлэж явдаг. Энгийн нэг жишээ хэлье. Хөгшчүүл онош нь тодордоггүй, ямар ч мундаг эмнэлэг эмч нараар үйлчлүүлээд, эмийн тусыг хүртэж чадаагүй аргаа барчихсан явж байдаг. Энергийг нь засаад өгөхөөр онош нь тодроод бие нь хурдан засраад ирдэг. Иймэрхүү энергийн гэмтэлтэй сөрөг урсгалд орчихсон хүмүүч их ирдэг юм. Энергийг нь зөв эргэлтэд оруулаад өгөхөөр тухайн хувь хүний ажил төрөл аяндаа бүтэж, бие махбодь нь хөнгөн сэргэлэн сайхан болдог.

–Хүн бүрт өөр өөрийн тарни байдаг уу? Эсвэл нийтлэг мэдэж байхаар тарни гэж байх уу?

-Төрсөн он сар өдөр, мэнгэнээсээ шалтгаалж хүн бүр өөр өөрийн тарнитай байдаг. Тэгэхээр хэн ч байсан өөрийн гэсэн тарниа мэддэг байгаад, амандаа уншаад явдаг болчихвол өөр өөртөө засал хийгээд, зам мөрөө тэгшлээд яваад байх юм шүү дээ.

Энэ бүхнийг дэлгэрүүлж, тайлбарлаад байгаагийн учир нь хүмүүс өөрөө өөрсдөө ирээдүйгээ баллаж, хараар будах үйлдэл хийгээд байгаагаа ухааруулахыг зорьсон хэрэг юм. Аз жаргал гэдэг нь гадаад шалтгаанаас хөрөнгө оруулалт хийх замаар амар амгалангаа олдог бус, дотоод сэтгэлдээ гэгээрч муу сэтгэлээ засна гэсэн утгыг нэн даруй ухаарч ойлгоосой. Ярилцлагынхаа төгсгөлд өөрийнхөө мөрдөж, бас хүнд сургаж хэлэх дуртай үгээ хэлмээр байна.

Цайлган явбал хүний гарын тоглоом болно
Хардаж явбал муу үйлд боймлогдоно
Энэ цагт үхэр тэргээр туулай үл гүйцнэ
Шударга явбал олонд адлагдана
Чанга хурц явбал өстөн олон болно
Үнэн худлын завсар явбал тэнэг гэж хочлогдоно.

Н.Гантуяа
Эх сурвалж: “Монцамэ”



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 4
https://www.facebook.com/ganzorig.u/posts/1836141873264967 
/ 2017-08-26 14:29:44 /
https://www.facebook.com/ganzorig.u/posts/1836141873264967
Ayanga News 
/ 2017-08-14 11:02:32 /
Chinee, Daria - Bayrlalaa. Ta Facebook-eer share hiij avaarai
Chinee 
/ 2017-08-13 19:51:13 /
Ene unen bxaa nadad taalagdlaa ta buxend amjilt minii xelex durtai ug dotor n bj l bna..... sain yvax sanaaniix kkk
дариа 
/ 2017-08-13 04:06:41 /
Яаж халгалж авах вэ!