21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

АНХ УДАА УЛСТӨРЧ ХУВИЙН ХӨРӨНГӨӨРӨӨ ЗАМ ТАВИЛАА

2017 оны 08 сарын 14 нд

   Монгол Улсад анх удаа улс төрч хувийн хөрөнгөөрөө нийтийн эзэмшлийн авто зам тавьж хүлээлгэж өглөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 9,10-р хорооны иргэдийн өдөр тутам ажил амьдралаа залгуулдаг гол хэсэг болох 1 км шороон замыг хувиасаа 600 сая төгрөгөөр хатуу хучилттай, явган замтай иж бүрнээр нь барьж гүйцэтгэжээ.

  Өвөлдөө халтираа гулгаа ихтэйгээс үүдэж осол аваар их гардаг энэ хэсэгт хучилт хийх хүсэлтийг үе үеийн УИХ-ын гишүүн, нийслэл, дүүргийн засаг дарга нарт тавьж ирсэн ч төсөв байхгүй гэсэн шалтгаанаар хойшлуулсаар ирсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн     УИХ-ын сонгуульд тус тойргоос сонгогдсон Ж.Ганбаатар иргэд, сонгогчийнхоо өмнө ийнхүү бэлэг барьж баярлууллаа.

   Зам дагаж хөгжил гэдэг. Энэ зам ашиглалтад орсноор хашааны газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ч бодитойгоор нэмэгдээд зогсохгүй шороо тоос, дуу чимээнээс холдох боломжтой боллоо.

   Тэрбээр энэ талаар “Надад итгэл үзүүлэн НИТХ болон УИХ-д сонгосон 9,10-р хорооны иргэд та бүхнийхээ өмнө амласан амлалтаа ажил хэрэг болгон ахуй амьдралаа залгуулдаг энэ замыг хувийн хөрөнгөөрөө барьж өнөөдөр нээлтийг нь хийж байгаадаа баяртай байна. Намайг хувийн хөрөнгөөрөө зам барьж байгаа гэхэд итгэж ядсан, хардаж сэрдсэн байдлаар хандаж төрөөс төрж, түмний хөрөнгөөр хөлжсөн этгээд идсэн мөнгөөрөө зам барьж байна гэх нэг биш хүмүүс байсан, арга ч үгүй биз дээ. Өөрийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн зам барьдаг жишиг манайд байхгүй хойно. Би барьсан энэ замаа нийслэл, дүүрэг, яам, тамгын газарт шахаж мөнгөө буцааж авах санаа зорилгогүй ийм зүйл огтоос байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэсэн юм.

   Уг зам үерийн далантай ойрхон учраас замын чанарт онцгой анхаарч асфальтын доор хүчитгэсэн бетон суулгасан талаар гүйцэтгэгч “Чойдор” ХХК-ийн инженер онцолж байлаа.

Эх сурвалж: www.NEWS.mn Ш.АДЪЯА



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
Зочин 
/ 2017-08-22 21:15:02 /
Хувиараа зам тавихыг дэмжих хэрэгтэй. Төлбөртэй зам барихыг зөвшөөрнө гэсэн үг болохоос өндөр үнээр замыг нь авах гэсэн үг бишшүү.