21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Монголын газрын зургийн асуудлаар Олон улсын эрдэмтэд чуулж байна

2017 оны 08 сарын 24 нд

      “Монголын газрын зураг, газрын нэр судлал”олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар зохион байгуулж байна. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын Их сургууль, Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг,  Архивын Ерөнхий газар хамтран хурлыг зохион байгуулжээ.

         Энэ удаагийн хурал нь Монгол Улс болон гадаад улс орнуудад хэвлэгдэн гарсан Монголын газрын зургууд, тэдгээрт туссан газар зүйн болон ахуй, шашин шүтлэг, зан үйлийн холбогдолтой нэрийн тайлал, утга зүйн судалгаа хийх, хэрэглээний уламжлалыг тодруулах, монголчуудын түүх, соёлын нэн чухал өв болсон газрын зургийн цаашдын судалгааны цар хүрээг өргөжүүлэхэд эрдэмтдийн анхаарал, хүчин чармайлтыг нэгтгэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

        Дөрөв дэх удаагийн энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС, МУБИС, Ховд Их сургууль, ЦЕГ-ын Төв архив, “Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг”, “Монмэп” компани, Токиогийн Гадаад судлалын их сургууль, Васэда Их сургууль, Варшавын Их сургууль, Өвөр Монголын Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, ОХУ-ын Буриад Улсын Их сургууль зэрэг таван орны 12 байгууллагыг төлөөлсөн 30 гаруй эрдэмтэн оролцож байна.  Эрдэмтэд судалгааны үр дүнгээ танилцуулж байгаа бөгөөд шинэ баримт мэдээлллийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах аж.

      Хурлын үеэр Архивын Ерөнхий газраас “Газар eлсын үндэс” үзэсгэлэн гаргаж, Үндэсний Төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй газрын зургуудаас сонирхуулж байна. 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0