21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: "ХЭН Ч НАМЫН ДАРГАД ӨРСӨЛДӨХ ЭРХТЭЙ"

2017 оны 09 сарын 16 нд

"Хэн ч намын даргад өрсөлдөх эрхтэй"

     Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Засгийн газраа байгуулахад ямар зарчим барих вэ гэдэг талаар ярилцсан байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа бүлгийн дэд дарга нарынхаа хамтаар мэдээлэл хийсэн юм.


      Тэрбээр “МАН-ын Удирдах зөвлөлөөс бага хурлыг есдүгээр сарын 25-нд хуралдуулах шийдвэр гаргасан. Энэ үеэр Ерөнхий сайдаа тодруулна. Намрын чуулганы эхэнд Ерөнхий сайдаа баталж, эхний арав хоногт багтаан Засгийн газрын сайд нараа батлах талаар зарчмын шийдэлд хүрсэн талаараа бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө.

      Өнгөрсөн хугацаанд МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, хоёр бүлэгтэй болсон юм шиг мэдээлэл цацагдсан. Засгийн газрыг огцруулах, эс огцруулах талаар гишүүд санал зөрүүтэй байсан. Шийдвэр гаргахад амаргүй байсан.  Засгийн газрыг огцруулах тухай асуудал бол намыг хагалж байгаа зүйл биш. Цаашдаа бүлэг хэвийн ажиллана.

         Бүлгээс гарах тодорхой шийдвэрүүдийг намын дүрмийн хүрээнд шийдээд явна” гэлээ.

        Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

       -Удирдах зөвлөлөөс Бага хурлаар хэлэлцэх асуудлыг эцэслэн тогтсон уу. Ерөнхий сайдад хэнийг томилохоор болж байгаа вэ. Засгийн газрын бүтцийн талаар яригдсан уу. Хэдэн сайдыг гаднаас хэдийг УИХ-аас томилох вэ. Их хурлыг хэзээ зарлах вэ?

        -МАН-ын бага хурлаар хэлэлцэх асуудлыг эцэслэн тогтоогүй байна. Ирэх долоо хоногт Удирдах зөвлөлөөс энэ асуудлыг эцэслэнэ. Ерөнхий сайдын асуудлыг Бага хурлаар шийднэ. Бага хурлын өмнө Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ.   

       Намын дүрэмд зааснаар их хурлыг бага хурлаас зарладаг. 45 хоногоос цаашгүй хугацаанд их хурлыг хуралдуулах дэгтэй. Тийм учраас бага хурлаас их хурлыг зарлана. Их хурлаар намын шинэ даргыг мөн удирдлагуудыг сонгоно.

        Бүлгийн гишүүдийн хувьд өнөөдөр Засгийн газрыг гишүүдийг гаднаас томилох уу, дотроос уу гэдгийг яриагүй. Ямар шалгуур тавих вэ гэдэг дээр саналуудаа хэлсэн. Мэргэшсэн дадлага туршлагатай, олон түмэнд нэр хүндтэй хүмүүсээр Засгийн газрыг бүрдүүлэх ёстой гэдэг талаар саналаа хэлсэн.

        -Эхлээд Ерөнхий сайдаа томилчихдог, гэтэл намын их хурлаар Ерөнхий сайд нь намын даргаа болж чадахгүй өөр хүн сонгох болбол яах вэ?

        -Энэ асуудлыг бүлгээр яриагүй. Манай нам ардчилалтай, Ерөнхий сайдыг есдүгээр сарын 25-нд тодруулна. Их хурал дээр хэн ч намын даргад өрсөлдөх эрхтэй.

        Одоо гарах Ерөнхий сайд заавал намын дарга байна гэдэг юмыг хэлж чадахгүй. Намын их хурлаар шийддэг учраас нээлттэй хэвээр байна.

         -Засгийн газрын бүтцийн асуудал яригдаад эхэлсэн юм уу. Зарим нийлсэн яамдыг салгана гэдэг мэдээлэл гарч байна?

        -Ердөө яригдаагүй асуудал.

       -Ерөнхийлөгчийн зүгээс ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 18-22-ний хооронд зарлан хуралдуулах хүсэлтийг УИХ-ын даргад тавилаа. Гэтэл та бүхэн аравдугаар сарын эхээр Ерөнхий сайдаа батламжилна, дараа нь Засгийн газрыг бүрдүүлнэ гэх. Энэ тохиолдолд цаг хугацааны хувьд оройтохгүй юу. Өвөлжилтийн бэлтгэл хангахаас эхлээд олон ажил цалгардаж болзошгүй тул Засгийн газрыг яаралтай байгуулах шаардлагыг улс төрийн нам ч тавьж буй?

       -Гишүүд Ерөнхийлөгчийн ээлжит бус зарлан хуралдуулах тухай хүсэлтийг намын даргаас асуусан.  Одоогийн байдлаар миний гар дээр энэ тухай албан бичиг ирээгүй байна гэж хариулт өгсөн.

        Өвөлжилтийн бэлтгэл ажил хүндрээд байна гэдэг зүйл хааяагүй яригдах болсон. Хэдийгээр сайд нар үүрэг гүйцэтгэгчид шилжиж ажиллаж байгаа ч  Засгийн газар бүрэн хэмжээндээ ажлаа хийгээд явж байгаа. Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа асуудлыг тодорхой төвшинд шийдээд явна. Засгийн газрын залгамж шинж чанар алдагдахгүй гэдэгт итгэж болно.

        -Ээлжит бус чуулган огт зарлахгүйгээр намрын чуулганаар Засгийн газраа байгуулж ажиллахаар шийдлээ гэж ойлгож болох уу?

       -Эхлээд Ерөнхий сайдаа тодруулна.

Г.ДАРЬ

Эх сурвалж: NEWS.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0