21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

"ДӨЛ-2017" ахлах ангийн сурагчдын дундах цэрэг-спортын тэмцээн эхэллээ

2017 оны 09 сарын 21 нд

Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ

         Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2017” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болсон.

      Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй 24 баг нь бүх аймгуудын түвшинд эхлээд сургуульдаа тэргүүн байр эзэлж, дараа нь сумандаа, аймагтаа тэргүүн байр эзэлж, шилдгээр шалгарсан, нийслэлийн хэмжээнд сургууль, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг багууд юм байна.

      Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлэхдээ “Энэхүү тэмцээнийг өсвөр, залуу үеийнхнийг дайчин, хөдөлмөрч уламжлалаар хүмүүжүүлэх, бие бялдрын хүмүүжил, цэргийн анхан шатны бэлтгэл сургуулилтын үр дүнг дээшлүүлэх, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бүх талаар бэлтгэхэд тус дөхөм болох зорилгоор ерөнхий боловсролын бүрэн дунд, техник мэргэжлийн болон тусгай мэргэжлийн сургуулиуд, үйлдвэр албан байгууллагууд, сум нэгдэл, сангийн аж ахуйд жил бүрийн 4 дүгээр сард, аймаг, хотод 5 дугаар сард зохион байгуулж, улсын хэмжээнд 3 жилд нэг удаа зохион байгуулж байсан. Үүнээс хойш хэсэг хугацаанд завсарлаж байгаад 2000 оноос аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулагдах болж, энэ оноос Батлан хамгаалахын сайдын нэрэмжит УАШ цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн өргөжин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээн нь хүүхэд залуусыг сахилга хүмүүжил, хувийн зохион байгуулалт бүхий иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.” гэжээ.

 

        БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Батлан хамгаалах бодлого, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Гандирваа “Зэвсэгт хүчний анги салбарууд энэхүү сургалтын төвд 2 жилд нэг удаа Зэвсэгт хүчний марш тактикын аварга шалгаруулах тэмцээнээ хийдэг. Үүний нэг хувилбараар хүүхдүүдийн дунд явагддаг байсан тэмцээнийг энэ жил сайдын нэрэмжит, УАШТ болгон явуулж байна.” хэмээн энэ үер тодотгосон байна. 

     Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, дүүргүүдийн Засаг дарга нар, цэргийн штабын дарга нар 21 аймаг, нийслэлээс шалгарсан нийт 24 багийн 300 гаруй тамирчид болон холбогдох албаны хүмүүс оролцжээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0