21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

С.Оюун: Шүүх хуралд очвол буруу юмны гэрч, оролцогч болох юм шиг санагдаад байсан

2017 оны 10 сарын 02 нд

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг амь насаа алдаад хэдийнэ 19 жил өнгөрчээ. С.Зориг агсны дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюунтай цөөн хором ярилцлаа.

-Та бид хоёр таны ах, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан бусдын гарт хөнөөгдсөнөөс хойш 19 жилийн дараа ярилцах гээд сууж байна. Гэхдээ энэ эмгэнэлт өдрийг угтаж байгаа энэ намар өмнөх 18 намартай харьцуулахад нөхцөл байдал өөрчлөгдлөө. С.Зориг агсныг хөнөөсөн “хэрэгтэн”-үүдийг илрүүлж, шүүхээс ял оноогоод байна.  “Хэрэгтэн”-үүд гэдэг үгийг би зориуд хашилтад хийж асуумаар байна.

-Хэрэгтнүүд гэдэг үгийг төдийгүй “илрүүлсэн, шүүсэн” гэх үгийг ч хашилтад хийж болох байх. Олон жилийн турш мөрдөн шалгах ажиллагаа явагдсан, нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэсэн хоёр их онцлогтой хэрэг шүү дээ. Эхнээс нь авахуулаад бүхнийг улсын нууц гэдэг халхавчийн цаана шийдэх юм бол прокурор ямар хэрэгтэй юм, шүүх ч ямар хэрэгтэй юм. Мөрдөн байцаалтын нууцлал байх ёстойг ойлгож олон жил тэвчээртэй хүлээсэн. Хэрэг илрээд шүүх рүү шилжихэд нээлттэй болно гэж хүн бүр л бодсон байх, бид ч тэгэж бодож байсан. Жаахан хэтрүүлэгтэй хэлэхэд, ерөөсөө л нийтэд хэрэгтнийг оллоо ч гэж зарлалгүйгээр шийдээд явчихсан бол арай цэвэр, олны сэтгэл зүйгээр тоглохгүй, олон түмнийг басамжилаад байгаа ч юм шиг харагдахгүй байсан болов уу. Энийг би аргаа бараад л хэлж байна шүү.

-2016 оны 12 дугаар сарын 28-нд Таны өгсөн ярилцлагыг санаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн тэр байр суурь тань хэвээрээ байгаа юу. Бүх шатны шүүх тэр шийдвэрийг баталгаажуулаад явлаа шүү дээ.

-Тэглээ, Монголын шүүх бүх шатандаа нэгдмэл тууштай ажиллалаа. Миний байр суурь ч тууштай байгаа. Би шүүхийн шийдвэрт эргэлзэж байна, итгэхгүй байна. 

-Шүүх хурал олон нийтэд хаалттай явсан. Та ч бас эхний хурлуудад оролцоогүй. Тэнд юу яригдсан, ямар дүгнэлтээр Ц.Амгаланбаатар, Б.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутгасан бэ. Та улсын нууцад хамаарахгүй хэсгээс нь ч болтугай манай уншигчидтай хуваалцаж болох уу?

- Жилийн өмнөөс шүүх, прокурорт хандаж шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүссэн. Хүлээж аваагүй. Өнгөрсөн хавар УИХ-д хандаж бүрэн эрхээ эдлэж энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөөч гэж хүссэн. Хариу ирээгүй байгаа. Тэгэхээр би шүүгчид шийдвэр гаргахдаа баримталсан үндэслэлүүдийн талаар ярьж болохгүй байна. Би ам өчиг өгч гарын үсэг зурж байж хавтаст хэрэгтэй танилцсан хүн. Хохирогч хэрнээ шүүх хуралд очоогүйн тухайд хаалттай болж байгааг нэгд эсэргүүцэж очоогүй, хоёрт би очвол буруу юмны гэрч, оролцогч болох юм шиг санагдаад байсан. 

-Шоронд ял эдэлж байгаа хэрэгтнүүдтэй уулзаж үзсэн үү. Тэдний ар гэрийнхэн та бүхэнд хандсан уу?

- Ар гэрийхэн нь надад хандаж байсан. Би хэнтэйн ч уулзаагүйБолохгүй шүү дээ. 

-С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг 18 жил мөрдөж, 19 дэх жил дээр нь илрүүлсэн гэх хэрнээ “Захиалагч” нь хэн байсныг шүүх тогтоож чадсангүй. Захиалгатай байсан гэдгийг нь тогтоосон хэрнээ захиалагчийг нь тогтоож чадаагүй гэдэгт итгэж байгаа юу?

-Өөр улс орны шүүхийн практикт гүйцэтгэгчээ эхэлж яллаж хорьчихоод захиалагчаа хөөцөлддөг тохиолдол байдаг гэж сонссон. Зориг ахын хэргийн тухайд чухам тэр тохиолдол нь юм уу, эсвэл захиалагчаас айгаад дөлөөд байгаа юм уу. Бүхэл бүтэн төр улсын шүүх, прокурор, цагдаа, тагнуул арай үгүй байлгүйдээ гэж горьдох юм.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнөхөн энэ хэрэг анхан шатны шүүх дээр шийдэгдсэн. Таны ах, Ерөнхийлөгч хоёрын нөхөрлөлийн олон түүх яригддаг. Яг энэ хэрэг дээр ямаршуу дэмжлэгтэй оролцсон бэ. Та жишээ нь шүүх хурлыг нээлттэй явуулах талаар тухайн үеийн Ерөнхийлөгчид хандаж байсан уу?

- Өнгөрсөн олон жилийн хугацаанд Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр /ҮАБЗ/ Зоригийн хэргийг оруулж хэлэлцүүлсэн ганц хүн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа юм.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Таны ахын төрсөн өдрийн дараахан буюу 2007 оны 4 дүгээр сарын 25-нд “Зориггүй есөн жил” гэсэн нийтлэл бичиж, энэ хэргийг илрүүлэх зориг Монголын улстөрчдөд дутаж бйгаа тухай сануулсан байдаг. Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөс хойш Улсын дээд шүүх энэ хэргийг хянан хэлэлцсэн байдаг. Та Ерөнхийлөгчтэй уулзсан уу. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 7 дугаар сарын 23-нд сэжигтнүүдийн ар гэрийнхний захидалд “Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийлгэе” гэсэн хариу өгсөн тухай Б.Чимгээгийн нөхөр ярьсан байдаг юм билээ.

- Ерөнхийлөгч, УИХ аль аль нь нууцын зэрэглэлээс хэргийг гаргахын төлөө байгаасай гэж хүсэх юм. Одоо тэгээд хүлээж л байна даа.

-Сая хэдхэн хоногийн өмнө Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны төлөөлөгчид Монголд ирээд буцлаа. Та тэдэнтэй уулзсан уу. Та бүхэнтэй адилхан байр суурьтай байгаа гэж ойлгосон. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо, Хүний эрхийн дэд хороон дээр уг хэргийг шалгах ажлын хэсгүүд үргэлж ажилладаг ч үр дүн гардаггүй. ОУПХ болохоор шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаа тухайгаа өгүүлсэн гэж дуулсан юм байна.

-ОУПХ Хүний эрхийн хорооныхон гурав дахь удаагаа ирээд явлаа. Монголын олон нийтэд хандаж хэвлэлийн хурал дээр ярьсныг нь бүгд мэднэ. Энэ байгууллагын интернэт сайт дээр гарсан мэдээлэлд шударга шүүхийн ажиллагаанд зайлшгүй байх ёстой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд зөрчигдсөн тухай бичсэн байна. Ноцтой хэдэн дүгнэлтүүд дотор нь байгааг вэб хуудаснаас нь үзэж болно. Шүүхийн үйл ажиллагаан дахь дутагдлуудаа засч залруулаад гадаад дотоодын ажиглагчдыг байлцуулан хэргийн шүүх ажиллагааг нээлттэйгээр давтан явуулахыг уриалсан байна билээ. Тэгээд тэр мэдээллийн төгсгөлд шударга шүүхийн шийдвэр гарахаас нааш ОУПХ-ны Хүний эрхийн Хороо “энэ асуудлыг орхихгүй” гэж бичсэн байсан шүү.

Эх сурвалж: www.EAGLE.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 3
haliun Badarch 
/ 2017-10-02 13:22:24 /
Элбэгдоржийг шоронд хийж байж энэ үнэн мөн 7-н сарын хэрэгч илрэнэ үүнийг МОНГОЛ ХҮН бүхэн мэдэж байгаа Ерөнхийлөгч Баттулга бүүр ч сайн мэдэж байх ёстой Намаа орхиж одоо Ард түмэнтэйгээ нэгд Ерөнхийлөгч минь
ГЖ 
/ 2017-10-02 11:56:20 /
Монголын шүүх бүх шатандаа нэгдмэл тууштай ажиллалаа. Ямар аймаар үг вэ. Үнэхээр шүүх хуралд очоогүй нь зөв юм бна. бас УИх нь ийм хохирогчид одоо болтол хариу ирүүлээгүй бгаа нь үнэхээр төрийн эмгэнэл.Шүүх засаглал, УИХ 2-уулаа ялзарсан бдлтай бгаан
зочин 
/ 2017-10-02 10:25:28 /
Оюун их л зөв талаас нь бодож шүүхэд очоогүй байна