21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Монголын шилдэг гэрэл зурагчдын үзэсгэлэн Стокхольм хотноо

2017 оны 10 сарын 05 нд

   "Mongolian Landscape Photography" гэрэл зурагчдын клуб нь 2012 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 100 орчим гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгвэл энэ сарын 14-ний өдөр Итали улсын Бассано-дель-Граппа хотноо нээлтээ хийх олон улсын Гэрэл зургийн үзэсгэлэнд тус клубын гэрэл зурагчид шилдэг бүтээлүүдээрээ оролцох гэж байна. Хоёр жил тутамд зохиогддог тус арга хэмжээнд манай уран бүтээлчид хоёр дахь удаагаа оролцож байгаа аж.
   Энэ жилийн "Bassano-2017" үзэсгэлэнгийн дараагаар эдгээр шилдэг уран бүтээлчийн фото-аялал Скандинавийн орнуудаар үргэлжлэх бөгөөд Швед улсын нийслэл Стокхольм хотод 21-23-ны өдрүүдэд очихоор төлөвлөөд байна. Энэ үеэр буюу 10/22-ны Ням гарагт Шведэд ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулан зургаан гэрэл зурагчны хамтарсан "Монгол орон-2017" бэсрэг үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

   Энэхүү үзэсгэлэнг Монголын Гэрэл зурагчдын Нэгдсэн холбоо, Байгалийн гэрэл зурагчдын клуб болон Стокхольм хот дахь Монгол гэрэл зургийн "СлаваФото" студи хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Швед дэх Монголчуудын Үндэсний холбоо, Монголын Соёл Мэдээллийн төв, Хэл соёлын "Төгс Билэгт" төв зэрэг байгууллага ивээн тэтгэгчээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
   Үзэсгэлэнгийн үеэр эдгээр залуусын дурандаа буулгасан Монгол орны байгалийн шилдэгийн шилдэг 50 орчим бүтээлийг нийтэд үзүүлэх бөгөөд худалдаа явагдана. Фото аялалынхаа хүрээнд ердөө нэгхэн өдөрт багтаан уг үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах тул эрхэм гэрэл зураг сонирхогчид болон элгэн нутгийн та бүхнийг хүрэлцэн ирж Монгол орныхоо хаа ч үл давтагдах онгон байгалийн сайхнаар аялаж, санасан сэтгэлээ сэргээн, үзэсгэлэнт байгалийн гэрэл зургийн азтай цөөхөн худалдан авагчийн нэг болоорой хэмээн урьж байна.

Үзэсгэлэн 2017-10 сарын 22-ны Ням гарагт "Төгс Билэгт" сургалтын төвийн байранд 10.00-18.00 цагт болно

Швед дэх зохион байгуулагч: 

"СлаваФото" студи

Ивээн тэтгэгч: "Төгс Билэгт" төв

Монголчуудын Үндэсний холбоо 

Монголын Соёл мэдээллийн төв

Фэйсбүүк хоблоос - https://www.facebook.com/events/117839542245927/?active_tab=about

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0