21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Үнэртний орчлон

2017 оны 10 сарын 15 нд

    Фэйсбүүк сүлжээн дэх Үнэртэнд дурлагчдын нэгдлийг санаачлагч Н.Орчлонг хүмүүс үнэртэй ус цуглуулагч гэдгээр нь андахгүй. Голландын Гааг хот дахь Олон улсын шүүхэд ахлах хуульчаар ажилладаг түүнтэй өвөрмөц цуглуулгынх нь талаар ярилцсан юм.

Үнэртэнд дурлана гэдэг зөвхөн сүрчигний хэрэглээгээр хязгаарлахгүйг энэ эрхмийн ярианаас ойлгоно. Бид үнэртний талаарх мэдлэгээ тэлж, соёлтой хэрэглээнд цаг ямагт суралцахаас гадна сүрчгийг урлагийн бүтээлд тооцох учиртай аж. Н.Орчлон байгалийн үнэрт багаасаа дуртай байсан хэмээн яриагаа эхэлсэн бөгөөд “Axe” дезодорантаас үнэртний гайхамшгийг анх мэдэрчээ. Хожим нь барууны оронд мэргэжлээрээ ажилласан нь хоббигоо хөгжүүлэхэд дөхөм болжээ. Тэрбээр “Ачаалалтай ажиллаж ядарсан үедээ хоббигоосоо амар амгаланг мэдэрдэг. Чөлөөт цагаа үнэртний ертөнцөд зарцуулах дуртай. Хоббигоо хөгжүүлэхийн тулд судалгаа хийж байна. Хэрвээ манай зах зээл тэлбэл монголчууд үнэртнийг урлаг талаас нь ойлгодог болох биз” хэмээсэн юм. Үнэртний соёл энгийн хэрэглээгээр хязгаарлагдахгүй сонирхолтой зүйл аж. Энэ соёлын нэг хэсгийг шингэн болгоод бортгонд хийсэн нэг хэлбэр нь сүрчиг. Өөрөөр хэлбэл, үнэрээс таашаал авч, ойлгон, аз жаргалыг мэдрэх нь урлаг.

Монголчууд арц, хүж уугиулдаг бөгөөд тэрхүү үнэрээр дамжуулан Гандан хийдэд бурхантай харилцаж, анхилуун үнэрээр хүмүүс өөрийгөө тайвшруулж ухаан санаагаа төвлөрүүлэх шидтэй. Тиймээс үнэртний мастерууд арц, хүжийг түүхий эдийн гол бүрэлдэхүүнээ болгодог юм байна. Нийтийн дунд “Үнэртэй усанд бүсгүйчүүд л дурладаг” гэсэн түгээмэл ойлголт бий. Гэтэл “Та сүрчгийг бүсгүйчүүдээс илүү амьдралынхаа нэг хэсгийг болгожээ” гэсэн саваагүй асуултад минь “Үнэртний соёлыг эрэгтэй, эмэгтэй гэж ангилах нь явцуу ойлголт. Эрэгтэйчүүд ч гэсэн хамартай шүү дээ. Зөвхөн эрэгтэй хүнд зориулсан урлаг, зөвхөн эрэгтэй хүн сонсдог хөгжим гэж байдаггүйтэй адил. Ер нь монгол, европ эрчүүд үнэртэй ус бага хэрэглэдэг. Харин араб эрчүүдийн амьдралыг сүрчиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Бүр чихэрлэг, тансаг, нялуун үнэрийг үнэртэх ёстой гэж үздэг Арабын ертөнц сонирхолтой шүү” хэмээн хариулсан юм. Хүмүүс түүнээс ямар үнэртэй ус цуглуулбал зүгээр вэ хэмээн асуух бүрт “Үнэрлэх мэдрэмжээ сонс” гэсэн товчхон хариулт өгдөг байна. Хямдхан болгон муу, үнэтэй бүхэн сайн биш учраас “Хувь хүнийхээ мэдрэмжийг дага” гэсэн үнэртэнд дурлагчийн зөвлөгөө оновчтой байж болох юм. Н.Орчлон Улаанбаатарт цуглуулгын үзэсгэлэнгээ дэлгэж, үнэртний ертөнцийн гоо сайхныг олон нийтэд танилцуулсан билээ. Түүний цуглуулга оргил үедээ 200- д хүрч байсан ч таалсан нэгэнд нь тарааснаар 150 сүрчигтэй үлдсэн байна. “Дэлхийн шилдэг сүрчиг урлаачдын бүтээлээс илүүтэй борооны дараах зуслангийн модон байшин, аргалын утааны үнэрт юунаас ч илүү дуртай” хэмээн Н.Орчлон чин сэтгэлээсээ хэлсэн нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Түүнээс цөөн асуултад хариулт авснаа уншигчдадаа хүргэж байна.

      -Үнэртэй ус түрхэхдээ хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ?

    -Үнэртэй ус түрхэхдээ цаг агаар болон өмссөн хувцсаа ажиглах хэрэгтэй. Үдшийн хүлээн авалт, гоёлын хувцас өмсөхдөө бусдыг өдөөн хатгасан, анхаарлыг татсан ус хэрэглэх хэрэгтэй. Би Африк руу ажлаар явахдаа сэрүүн мэдрэмж төрүүлэх үнэртнүүдээ авч явдаг. Долоо хоногт нэг бортого сүрчиг хэрэглэдэг. Харин сэрүүн үед хүнд дулаан мэдрэмж төрүүлэх ус цацах хэрэгтэй. Хув, модлог ургамлын уснууд тохиромжтой байдаг.

     -Та цахим ертөнцөд “Үнэртэнд дурлагч” нэрээрээ алдартай. Үнэртний ертөнцийг цөөн үгээр тодорхойлбол?

   -Монголчууд нэг үеэ бодвол соёлтой болсон. Фэйсбүүкийн нэгдлээ нээснээс хойш үнэртэн зардаг дэлгүүрүүдийн борлуулалт ихэссэн гэж сонссон. Үнэртэн гэдэг урлагийн нэг төрөл. Хүн бүхэн хөгжим сонсч таашаал авдаг шиг үнэртэй уснаасаа амьдралын баяр баясгаланг мэдэрдэг хүмүүс байна. Хүн төрөлхтөн үнэртэй усаар дамжуулан хэлэх гэсэн санаагаа илэрхийлж байна. Кино, түүх, хайр дурлалын хэсгээс санаа авч түүнийгээ үнэрээр илэрхийлдэг болжээ. Тэгэхээр урлаг гэхээс ч аргагүй биз дээ. Би хосгүй үнэртэн хийморь сэргээдэг гэж хэлэх дуртай.

     -Барууны томоохон сонин, сэтгүүлд үнэртэй усны шүүмжлэгчийн бичсэн нийтлэлийг уншиж байсан. Үнэртэн гэдэг өргөн хүрээтэй ертөнцийг хэр судалж байна вэ?

     -Цуглуулгаа баяжуулахын зэрэгцээ үнэртэнтэй холбоотой ном, нийтлэлийг уншиж судалж байна. Дэлхийд алдартай үнэртний мастеруудтай боломж олдвол уулзахыг хичээдэг. Үнэртэй ус цуглуулахаас гадна энэ төрлийн мэдлэгээ бусадтай хуваалцах нь миний хобби.

        -Үнэртний мастеруудтай хамтарч ажилладаг уу?

    -Танил мастерууд маань бүтээлийнхээ дээжээс илгээж сэтгэгдлээ хэлэхийг хүсдэг. Мөн лимитэд эдишн (цөөн тоогоор үйлдвэрлэсэн) үнэртнүүдээ илгээдэг. Саяхан “Atelier des Ors” брэнд, Италийн “Mendittorosa Odori d’Anima” үнэртний ордны хамгийн сүүлд бүтээсэн сүрчигнүүдийнхээ дээжээс илгээсэн.

     -“Парфюмер” уран сайхны кинонд санаанд багтамгүй зүйлсийг хольж, гайхалтай үнэртэн гарган авч буйг харуулдаг. Ер нь үнэртэй усны найрлагад санаанд багтамгүй зүйлс их ордог уу?

     -Хүмүүс л мэдэхгүй болохоос гурил, ногоон цай зэрэг олон зүйлээс үнэртэн гаргаж авдаг. Нэг үнэртнийг бий болгоход 300 гаруй түүхий эд ордог юм. Үнэртний пирамид гэж бий. Яг эхлээд үнэртдэг хэсгийг нь толгой ноот гэнэ. Тэгээд дараа нь аажмаар удаанаар үнэртэхийг зүрх ноот, хадгалагдаад байдаг үнэрийг нь суурь ноот гэдэг. Үүнийг үнэртний урлаг гэж нэрлэж байгаа юм.

     -Сүрчиг хадгалах алтан дүрэм гэж бий юү?

   -Үнэртэй усыг хуурай, сэрүүн нөхцөлд хадгалах ёстой.

     -Эцэст нь асуухад, та Гаагийн олон улсын шүүхэд хэдэн жил ажиллаж байна вэ. Энэ том байгууллагад хэрхэн ажилд орж байв?

   -Би Монголд Цагдаагийн академи төгсөөд мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Гаагийн шүүхэд ажиллах хүсэлтээ илгээж, утсаар ажлын ярилцлага өгч байлаа. Олон улсын эрүүгийн шүүхэд 11 жил ажиллаад өнгөрсөн сард ахлах хуульч (Counsel P-4) болсон. Ази, Африк, Европын хуульчдаас бүрдсэн багийг удирддаг ч хуулийн салбарт өөрийгөө “болоогүй” байна гэж боддог.

          Х.ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: Unen.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0