21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МАРГААШ “МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ”-ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО

2017 оны 10 сарын 19 нд

ЮНЕСКО-БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ИТГЭЛЦЛИЙН САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “СОЁЛД СУУРИЛСАН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРАКТИК ОРЧНЫГ МОНГОЛД БИЙ БОЛГОХ НЬ” ТӨСӨЛ

“МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

2017 оны 10 дугаар сарын 20-21

       БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Соёл урлагийн газар хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн үр дүнг хэлэлцэх “Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 10 дугаар сар 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

     Энэхүү уулзалт нь Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийн төслийг танилцуулах, төслийн хэрэгжилтийн явцад хүрсэн ололт амжилт, тулгарсан сорилт бэрхшээл, авсан сургамж зэргийн талаар салбарын мэргэжилтнүүдэд ойлголт, мэдээллийг түгээх  зорилготой юм.

      Зөвлөлдөх уулзалт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09:30 цагт Бишрэлт зочид буудлын “Диамонд” хурлын зааланд болно. Нээлтийн ажиллагаанд БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Кюн, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ЮНЕСКО-ийн олон улсын шинжээч Дэсмонд Хью, 21 аймгийн соёлын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцоно. Уулзалтын үеэр СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн 2016-2017 оны төгсөгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг толилуулна.

      Энэхүү төсөл нь ЮНЕСКО, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол, Вьетнам, Уганда улсад хэрэгжүүлж буй “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийн соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжсэн билээ. Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг шинэ хэлбэрээр илэрхийлэн танилцуулах замаар хөхиүлэн дэмжих, орон нутгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжих боломжийг дэмжиж чадавх стратеги болон практик хүрээг бий болгоход төслийн зорилго оршино.

      Төслийн эхний үе шат болох “Үндэсний зөвлөлдөх уулзалт, Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах нь” сургалт семинарыг 2016 оны 5 дугаар сар 31-ээс 6 сарын 3-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ. Төслийн үр шимийг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, соёлын салбарын мэргэжилтнүүд, гар урлалын холбоод, үйлдвэрлэгчид хүртэх юм.

       Монгол Улс 2007 онд Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны ЮНЕСКО-ийн конвенцид нэгдсэн бөгөөд 2008 оноос хойш БНСУ-ын Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр “Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, соёлын олон төрөл зүйл-Монголын гар урлалын үйлдвэрлэлийг чадавхжуулах нь” төслийг хэрэгжүүлсэн юм.

      Бүтээлч үйлдвэрлэл нь нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, соёлын олон төрөл зүйлийг хамгаалах хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн эх үүсвэрээс гадна ядуурлыг бууруулах нэгэн арга зам болно.

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0