21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“ХЭВЛИЙДЭЭ ХҮҮХЭД ТЭЭЖ ХИЛЭЭР ГАРЧИХААД БУЦААД ХҮҮХЭДГҮЙ ИРДЭГ”

2017 оны 10 сарын 21 нд

         УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан  боллоо. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын /ХЭҮК/ 16 дугаар илтгэлийг хэлэлцэв. Мөн сүүлийн үед бага насны охид хүчирхийлэлд их өртөж байгаа асуудлаар ч хуралдсан юм.
         Хуралдааны эхэнд хурал даргалагч УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар горимын санал гаргав. Бага насны хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод шүүх эмнэлэгт очиход үзлэгийн төлбөр нэхдэг эсэх асуудал сүүлийн үед нэлээн шүүмжлэл дагуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Хүүхэд хохирогч болоод очиход 10000 төгрөг нэхээд үзэхгүй буцаасан байна. Мэдээж ийм асуудал олон гардаг байх. Тиймээс хүүхдийн эрхийн сан байгуулах эсвэл насанд хүрээгүй хүнтэй холбогдсон асуудал гарахад үзлэгийг үнэгүй болгож өг. Аль нь боломжтойг судалж саналаа оруулж ирнэ үү” хэмээн ХЗДХЯ болон ХЭҮК-ынхоноос хүссэн юм.
          Түүний хүсэлтийн дараа ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж мөн хоёр санал нэмж оруулах хүсэлтээ байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Энэ асуудал ганцхан дэд хороогоор зогсмооргүй байна. Хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс тогтоолын төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэрийг гаргаж өгөхийг хүсч байна. Жишээлбэл, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой Эрүүгийн хуулийн одоогийн заалт нь өмнөхөөсөө сул болсон. Өөгшүүлсэн гэхэд ч хаашаа юм. Хамаагүй дордуулсан. Сонсоод нойр ч хүрдэггүй баримтуудыг та бүхэнд хэлэх болно. Үүнийг засах ганц арга зам нь хуулинд өөрчлөлт оруулах юм” гэлээ.
          Хилийн тухай хуулинд өөрчлөлт оруулахгүй бол хүүхдээ тээж гаргаад зарах тохиолдол буурахгүй гэв
Мөн тэрбээр нэгэн ноцтой мэдээллийг ил болголоо. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Хүний наймаанд тавих хяналтыг сайжруулсан учраас хүний наймаа барагтаа гарахгүй байна. Гэтэл хүүхдээ тээж гаргаж зарж байгаа тохиолдол гарсан. Хилээр нэвтрэхэд рентгений үзлэг хийдэг. Буцаад ирэхэд нь таны хэвлийд байсан хүүхэд хаана байна гэж асууж, эрж хайдаг байдлыг хилийн хуулинд оруулж өгөхгүй бол энэ төрлийн хэрэг буурахгүй” гэлээ.
Ийнхүү тэрбээр илтгэлээ танилцууллаа.
           12-17 насны 1613 эх амаржжээ
           Ж.Бямбадорж “Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудлыг ярина. Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүнээс 295 нь эмэгтэй, гурав нь эрэгтэй. Гэхдээ энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдээд шалгагдсан хэрэг. Цагдаад шалгагдаагүй хэрэг зөндөө бий. Гэтэл үүнээс 47 хувь нь хэрэгсэхгүй болсон байна. Одоо таван настай охины асуудал их яригдаж байна. Гэтэл Булган аймагт дөрвөн настай охин хүчирхийлүүлсэн хэргийг шалгаж байна. Нэг ой дөрвөн сартай хүүхдийг хүчиндсэн хэрэг одоо шүүхээр шийдэгдэх гээд явж байна. Хамгийн аймшигтай нь энэ бүртгэгдсэн 298 хэргийг задалбал, хүчирхийлэл үйлдэгчийн 18 төрсөн эцэг нь, 49 хойд эцэг буюу хамтран амьдрагч нь байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн дунд жирэмслэлт их байна. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 12-17 насны 1613 эх амаржсан байна. 20 хүртэлх насны 18168 охин үр хөндүүлсэн байна. Энэ бүрэн тоо биш. Энэ ихэвчлэн улсын эмнэлгээс гардаг. Хувийн эмнэлэг тоогоо өгдөггүй.
           Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд нийгмийн амьдралаас ангид байна. Сэтгэл санааны асар тогтворгүй болдог. Нэлээд хэсэг нь сэтгэцийн өвчтэй болж байна. Нэг жишээ дурдахад, Дарханд нэг охин найман настай байхдаа хүчиндүүлсэн. Тэгээд Дархандаа сургуульд сурах боломжгүй учраас Улаанбаатар хотод ирж суралцсан байдаг. Улмаар Улаанбаатар хотод сурч байхад нь сургуульд нь охидын үзлэг явагдсан байгаа юм. Үзлэгийн дараа ангийн багш нь орж ирээд “Чи ямар ичдэггүй хог вэ, ийм жаахан байж юм үзчихсэн” гэж хэлсэн байдаг. Охин сургуулиасаа гарч, одоо сэтгэцийн өвчтэй болчихсон. Тэр нийгэмдээ амьдрах боломж нь хэцүү байдалд орж байна. Тиймээс охидын үзлэгийн хариуг зөвхөн эцэг, эхэд нь л хэлэх хэрэгтэй. Өөр хүнд хэлж болохгүй. Энэ бол хүүхдийн эрхийн асуудал юм. Гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны асуудал нь ганц тэр хүний асуудал биш болж байна. Амиа хорлож байна. Маш их тохиолдолд бүртгэгдэж байна” гэлээ.
           Ингээд илтгэлийн дараа гишүүд асуулт асууж хариулт авав.
13 настай охин буудалд амиа алдсан хэрэгт хоёр хүнийг цагдан хориод шалгаж байна
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Насанд хүрээгүй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэх асуудал нэлээн хурц яригдаж байна. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн дурдсан илтгэлүүдийн жишээг сонсоход нэлээн эмзэглэж байна. Асуулт асууя. 13 настай охиныг зочид буудалд хөнөөсөн гэмт этгээдүүд сул чөлөөтэй явж байна гэнэ. Энэ үнэн үү. Таван настай охин хүчирхийлүүлсэн гэх хэрэгт шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу. Мөн ШШҮХ-гийнхэн охиноос 10 мянган төгрөг нэхээд шинжилгээ хийгээгүй эсэх асуудал олныг цочроож байна. Гурван сайдын гаргасан журам байгаа гэсэн. Мэдээж журамдаа захирагдах байх. Гэхдээ эхлээд шинжилгээгээ авчихаад дараа нь мөнгөө олоод авчих боломж байгаагүй юм уу”
            ШШҮХ-гийн дэд захирал Ч.Алтанхишиг “Болсон явдлыг товчхондоо хэлье. Энэ сарын 14-15-нд шилжих шөнө 01.00 цагийн үед ХУД-ийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн хүчиндүүлсэн гэх хүүхдийг хоёр хүнтэй хамт авчирсан байгаа. Тэр нь хүүхдийн нагац ах болон түүний эхнэр нь байсан. Эмэгтэй нь согтуу ирээд ухаан алдаж унасан. Манай бүрэлдэхүүн эмч дуудаж үзээд гайгүй болгосон. Тэднийг ирэхэд манай шинжээч эмч нар дуудлагад явсан байсан. Ажлын бус цагаар хоёр шинжээч эмч 24 цагийн жижүүрт ажилладаг. Нийслэлийн зургаан дүүрэг хариуцаж ажилладаг учраас тэднийг ирэхэд эзгүй байсан юм билээ. Тэр хооронд үүдний жижүүр ирсэн хүмүүсийг хүлээн авч, учир байдлыг асууж лавласан байгаа юм. Бичиг баримт, гэрчилгээ зэргийг асууж, байхгүй болохоор нь эхний ээлжинд бичиг баримт үзүүлж хэн гэдэг хүүхэд юм, хаана амьдардаг юм, ямар шалтгаанаар энд ирсэн гээд лавлаж, улмаар одоо шинжээч эмч нар ирж байгаа түр хүлээж байхгүй юу гэж хэлсэн байна лээ. Тэгэхдээ гурван сайдын баталсан журмын дагуу үзүүлэхдээ 10000 төгрөг төлдөг шүү гэж хэлсэн байгаа юм. Түүнээс биш шууд чи 10000 төгрөгөө төлөөд үзүүл гэж шаардлага тавиагүй. Харин 01.30 цагийн үед шинжээч эмч нар ирж, 02.30 цагийн үед үзлэг дууссан байна лээ. Шаардлагатай бүх шинжилгээнүүдийг охиноос авсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарчих байх. 10000 төгрөг өгөхгүй бол үзэхгүй гэсэн асуудал яригдаагүй”
          ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Батчулуун “БЗД-т гарсан хэрэгт 13 настай охины хэрэгт А, Ж гэсэн хоёр хүнийг сэжиглэн, өнгөрсөн сарын 20-ноос эхлэн цагдан хориод шалгаж байна. Эрүүгийн хуулийн дагуу бага насны хүүхдийг хүчиндсэн хэргээр зүйлчлэн шалгаж байгаа. Мөн таван настай охины хэрэг үйлдэгдсэн газар нь БЗД, дуудлага өгсөн газар нь ХУД. Охины ээж эзгүй байсан учраас охины нагац ах, эгч нь ирээд өөрсдийн амьдарч байсан ХУД рүү аваад явсан юм билээ. Тэгээд ойролцоох цагдаагийн газарт хандаж, дуудлага өгсөн учир ХУД-ийн хоёрдугаар хэлтэс шалгаад хэргийг харьяаллын дагуу шилжүүлж байгаа. Дуудлага авсан даруйд цагдаагийн байгууллагын албан хаагч нар ажиллаж, сэжигтэн этгээдийг саатуулан байцааж байна. Уг хэрэгт хамтарсан баг ажилласан.
         ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Манай комисс өчигдөр өглөөнөөс хойш тал тал тийшээ явж мэдээлэл цуглуулж, хангалттай мэдээлэлтэй болсон. Гэтэл энэ хэрэгт цагдаагийн байгууллага хариуцлага алдсан байна лээ. Таван настай охины хэрэг энэ сарын 12-ны өглөө үйлдэгдсэн байгаа юм. Гэтэл мэдээлэл нь 14-ний орой 22.00 цагт очсон. Ийм хэрэг гарчихаад байхад хоёр согтуу хүнд охиныг өгч явуулсан нь маш том алдаа. Энэ хооронд сэжигтнээ хайгаад явчихсан. Сэжигтнийг есөн цагийн дотор барьсан байна лээ. Хохирсон хүүхдийг согтуу хүнд өгч явуулах биш, ШШҮХ-нд өгөх юм уу, өөрсдөө аваад явсан бол болох байсан. Үүнд хуулийн байгууллагууд бас л уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь харагдаж байна. Нөгөө талаар охин бараг 36 цагийн дараа шинжилгээнд орсон. Энэ бас л ноцтой асуудал. Өчигдөр хүртэл ЭХЭМҮТ-ийн эмч мэдээлэл өгөхдөө хүчиндүүлээгүй гэж дүгнэсэн маягийн юм ярьсан байна. Одоо тэр ярианаасаа буцаад байж байх жишээтэй”
        УИХ-ын гишүүн Н.Учрал “Манай улс 30 гаруй гэрээ конвенцид нэгдэн орсон байгаа. Мөн олон хуулиуд байна. Гэрээ, конвенцид орсон мөртлөө үүнийгээ дагаж мөрдөхдөө анхаарал тааруу байна. Манай улсад хүний эрхийн хамгаалалтын тогтолцоо гээч зүйл алга болж. Үүнээс болж гэмт хэрэгтэн ялаа аваад явдаг, цаана нь хохирогч гэдэг хүн үлддэг. Сэтгэл санааны гэм хорыг үнэлэхгүй байгаа учраас үүний цаана хохирогч хохироод үлдэж байна. Тиймээс хүний эрхийг хамгаалахад ямар алдаа дутагдал байна. Юу хийх хэрэгтэй байна. Энэ саналаа УИХ-д оруулаад ир. Цаазын ялын асуудлаар Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээнэ гээд сууж байна. Бид ямар гэрээ конвенцид нэгдэн орсноо санах, харах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд хүний эрхийн талаар ямар ойлголттой байна. Сэтгэл зүйн талаарх ойлголтыг төдийлөн сайн өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Ерөнхий боловсролын сургуулиудад хүний эрхийн талаарх хичээл хэр их орж байна. Хөтөлбөр төлөвлөгөө нь ямар байгаа юм. Нийгмийн ажилтан хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцдаг юм. Эсвэл нийгмийн ажилтан гэдэг нь зүгээр л урлагийн үзлэгт хүүхдүүдийг бэлдүүлж оруулдаг хүн болчихсон уу. Үүнийг боловсронгуй болгоход анхаарахгүй бол болохгүй болжээ. Өсвөр насны хүүхдийг цахим сүлжээг зөв ашигладаг болгохгүй бол болохгүй нь. Мөн соёлын тухай хуулинд даруй өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол соёлын бүх төрлийн хэлбэрээр, жишээ нь хар тамхийг сурталчилж байна. Монголын уран сайхны киног харахад хар тамхи хэрэглэхийг сурталчилж байна. Үүнийг нүдэн дээр харуулж байна.
          Жишээ нь, хоёр хүүхэд амиа хорлоход нийгмийн сүлжээгээр тэр чигт нь цацаж байна. Үүнийг өсвөр насныхан харж байна. Хүүхдүүд 6, 7 настайгаас л фэйсбүүк ашиглаж сурч байна. Боловсролын салбар бас анхаармаар байна. Зөвхөн ХЭҮК-ын ажил гээд орхимооргүй байна. Бүгдээрээ хамтраад хуулиудад өөрчлөлт оруулая. Хүний эрхийг хамгаалах тогтолцоог нь бүрдүүлье. Соён гэгээрүүлэх ажлыг хамтарч хийе. Яг ямар ажил хийх шаардлагатай байгаа вэ гэдэгт ХЭҮК-ийн байр суурийг сонсмоор байна”
           Төсөв мөнгийг нь тавьж өгөхгүй байж хүний эрхийг хамгаал гэж шаардах нь утгагүй
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Монгол Улс хүний эрхтэй холбоотой 50 гэрээ конвенцид нэгдэн орсон байгаа. Тодорхой хугацаанд Засгийн газарт тайлан хүргүүлж байгаа. Хамгийн сүүлд тавдугаар сард Хүний эрхийн хороонд хүүхдийн эрхийн асуудлаар тайлан хэлэлцсэн. Мөн 2010 оноос эхлээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Засгийн газрын ээлжит хэлэлцүүлэг хийж зөвлөмж авдаг болсон. Монгол Улс хоёр дахь удаагаа зөвлөмж авчихсан байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Зөвлөмж авч л байдаг. Тайлан бичиж л байдаг хэвээрээ л байгаад ХЭҮК-ынхон ихэд эмзэглэж явдаг. Тиймээс 2015 онд Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар илтгэл бичиж УИХ-д оруулахаар бэлдэж байна. Иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагаас судалгаа шинжилгээгээ аваад явна. ХЭҮК-ын төсвийг зохих хэмжээнд байлгахгүй хассаар ирсэн. Өнөөдөр 700 хэдхэн сая төгрөгийн төсөвтэй улсын байгууллага байна уу үзээрэй. Цэцэрлэг ч байхгүй. Суманд ч ийм төсөвтэй байгууллага байхгүй байх. Тэгсэн хэрнээ орон даяар үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ бид зүгээр сууж чадахгүй байна. Аргагүй эрхэнд төрийн бус болон гаднын байгууллагад хандаж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил бид хуулиа барьж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ төсөв дээр анхаарч өгөөч. Тэгэхгүй бол ажил явахад хэцүү байна.
Хүний эрхийн талаарх хичээлийг бид хөөцөлдөж байгаа. Үүний үр дүнд хуулийн мэргэжил олгодог их дээд сургуулиудын үндсэн хөтөлбөрт оруулж чадсан. Харин бүх их дээд сургууль болон Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулж чадаагүй байна. Мөн нөхөн үржихүйн хичээлийг ч гэсэн заавал оруулах хэрэгтэй байна. Одоо бол маш ичмээр байдалтай байна. Сургуулиуд жилийн турш хоёрхон цагийн л хичээл орж байна. Хоёр цагийн хугацаанд ямар ойлголт өгч амжих вэ. Тиймээс би энд суугаа сайд болох гэж байгаа хоёр хүнд хандаж хэлж байна. Хэдүүлээ сууж байгаад энэ асуудалд эргэлт гаргамаар байна.
          ХЭҮК-ын гишүүн Оюунчимэг “2008 онд Монгол Улс даяар хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой өчигдрийн гарсан хэрэг шиг тийм л сенсацитай хэрэг гарсан. Иймэрхүү асуудлыг ХЭҮК 2003 оноос хойш ярьсан ч бусад газрууд анхаарахгүй явсаар эцэстээ хүн амины хэрэг болоод хүмүүсийн анхааралд орсон. Тиймээс бид төрийн бус байгууллагынхантай ярьж байгаад хуучин элчин сайд байсан Р.Эрдэнэчулуун гуайн ТББ-тай хамтарч Швейцарийн хөгжлийн агентлагтай ярьж байгаад зөвхөн наймдугаар ангийн сурагчдын сурах бичигт Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ, яаж урьдчилан сэргийлэх вэ гэх хөтөлбөрийг оруулсан. Гэтэл бас явц дунд л хасаад хаячихсан. Их дээд сургуулийн үндсэн хөтөлбөрт орохгүй болохоор үр дүн гарахгүй байна”
         ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “УИХ Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд элсээд гурван жил болж байна. Уг нь үүрэг авсанаараа урьдчилан сэргийлэх протокол соёрхон баталсан бол үндэсний байгууллагыг зургаан сарын дотор байгуулах ёстой. Байгуулаагүй өнөөдрийг хүрч байна. Тухайн үед Засгийн газар энэ ажлыг ХЭҮК хийж болох юм аа гэж өргөн барьсан юм. Бид болно оо гэсэн. Яагаад гэхээр бид өнөөдрийг хүртэл хийж байгаа учир болох юм байна гэж бодсон. Гэхдээ одоо үүнийг яаралтай байгуулахгүй ёстой болоод байна”
         УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хүний эрхийн дэд хороо хуралдаж, 16 дугаар илтгэлийг хэлэлцэж байна. Тав болон 13 настай охинтой холбоотой хэргүүд ном журмынхаа дагуу шалгагдаж байна уу гэдэгт асуулт асууж хариулт авч байна, бид. Хууль хяналтынхантай холбоотой гомдол их байгаа. Энэ бүхэн дээр УИХ анхаарлаа хандуулж, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой. Хүний эрхийн дэд хороо энэ чиглэлд Засгийн газарт чиглэл өгөх ёстой гэж харж байна. Хүний эрхийн үндэсний комиссоор гаргасан саналууд маш чухал байдаг. Дарангуйлалын сөрөхийн тулд хүний эрхийг хөгжүүлдэг. Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд хүний эрхийг хөгжүүлдэг. Төсөв мөнгийг нь тавьж өгөхгүй байж хүний эрхийг хамгаал гэж шаардах нь утгагүй. 700 сая төгрөгөөр гурван сая иргэнийхээ хүний эрхийг хамгаал гэж ярьж суугаа нь УИХ-ын ичгэвтэр үйлдэл. Энэ алдаагаа засах хэрэгтэй. Бид хуралдааныхаа саналыг УИХ-д явуулах хэрэгтэй байна. Ингэж байж ажил болно.
          ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: Үнэхээр их баярлаж байна. Хэн нь ялгаагүй өөрийнхөө төлөө ажилладаггүй. Д.Цогтбаатар даргатай хамтарч ажиллаж л байгаа. Арга ядахдаа танай туслахуудад хүний эрхийн хичээл орж байгаа шүү дээ. Үнэхээр манай зөвлөмжийг ямар нэг хэлбэрээр Засгийн газар биелүүлээд явсан бол бид баатар байх байлаа. Бидэнд нүүр бардам нэг зүйл байдаг юм. Гишүүдэд бахархалтай нь аргагүй хэлэх байна. Эмнэлэг бариагүй байж шорон барилаа гэж шүүмжилдэг. Монголд нөхцөлийн эрүү шүүлт арилсан шүү” гэлээ.
 

Б.Чимэг

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/19c5hed3c http://kadatools.com



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0