21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Аврагчид Отгонтэнгэрт осол болсон газар очиход хүний ул мөр олдоогүй байна

2017 оны 10 сарын 23 нд

          Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон.

          Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой Байдлын Газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа талаар өчигдөр мэдээлсэн.

           Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан албаныхан уг асуудлаар шуурхай хурал хийлээ.

           Саранчимэг гэх иргэн 22-ны өглөө ОБЕГ-ын шуурхай удирдлагын төвд анх мэдээлэл өгсөн. Гавъяат уулчин, уулын спортын мастер Сүрэнжав энэ багт явж байгаа гэдэг мэдээллийг бид авсан.

           Ингээд сураггүй болсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагааг нэн даруй эхлүүлж ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн.

           Яг одоо газар дээр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Завхан аймгийн Отгон суманд ажиллаж байгаа.

           МИ-171 нисдэг тэргээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд нисдэг тэрэг өчигдөр 22:10 цагт Баянхонгор аймагт бууж осол болсон газар очиход хүний ул мөр байхгүй байсан гэнэ.

          Тухайн газарт их хэмжээний цас нурсан, ууланд авирагчид оргилоос 50 метрийн зайд бууж явахад цас нуран сураггүй болжээ. Алга болсон 17 хүний 5 нь эмэгтэй гэнэ.

          Тэдгээр хүмүүсийн дунд нэг гэр бүлийн 4 хүн хамт явж байсан хэмээн  мэдээллээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар эрэн хайх, аврах ажиллагаанд нэмэлт хүч шаардлагатай байгаа аж.

          Тухайн газар орчим өдөртөө 7-8, шөнөдөө 12-18 градусын хүйтэн байна. БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат авирагчдыг ууланд гарахаас өмнө саатуулж хонуулсан ч зөвшөөрөлгүйгээр өөрсдөө авиралт хийсэн талаар нэмж хэлэв.

         2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хоригложээ.

        Эрэн хайх ажиллагааг 70 албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр Байгаль орчны улсын байцаагчийн хяналтын дор хийж байна. Отгонтэнгэр хайрханы бэлээс орой хүртэл явганаар 8 цаг алхаж хүрдэг.

       Отгонтэнгэр хайрхан нь далайн түвшнээс 4031 метр өндөр бөгөөд ууланд авирагчид оргилоос 50 метр орчим газарт 3 хэсэг цуваа болж явж байх үеэр цасан нуранги үүсч урд хэсэгт нь явж байсан 17 уулчин нурангид өртөж сураггүй болоод байна. Нөхцөл байдлын талаар Завхан аймгийн засаг дарга н.Батсайхантай холбогдож нөхцөл байдалтай холбогдуулж үүрэг чиглэл өгсөн.

       Цасан нурангийн үеэр аврах ажиллагаа зохион байгуулж байсан туршлага байхгүй бөгөөд цас их хэмжээгээр нурсан учраас эрэн хайх ажиллагаанд мэргэжлийн уулчдын тусламжийг авч байна гэж ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал бас хэлжээ. Авирагчдын ар гэрийнхэн өчигдөр Завхан руу гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: http://gereg.mn/news/18977/



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0