21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Зөвхөн "Монгол HD” телевизээр халз мэтгэлцээнийг дамжуулбал оролцоход бэлэн” гэжээ

2017 оны 06 сарын 17 нд

           Монголын телевизүүдийн холбооноос өнөөдөр 20.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд зохион байгуулахаар товлоод байсан мэтгэлцээнээ цуцалж байгаагаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

             Мэтгэлцээн цуцлагдах болсон шалтгааныг зохион байгуулагчид “Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга мэтгэлцээнд оролцох боломжгүй” гэж үзсэн учраас цуцалж байна” гэсэн юм.

            Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай нэр дэвшигчээ  Монголын телевизүүдийн холбооноос зохион байгуулах мэтгэлцээнд оролцох боломжгүй талаар мэдээлэл хийх үеэрээ “Зөвхөн Монгол HD” телевизээр халз мэтгэлцээнийг дамжуулбал оролцоход бэлэн” гэж мэдэгдсэн.

           Тэгвэл энэ асуудалд Монголын телевизүүдийн холбооны удирдлагууд “Монгол HD телевиз манай гишүүн байгууллага. Гэтэл Ардчилсан нам зөвхөн энэ телевизийг товойлгон, бусад телевизүүдэд итгэл үнэмшил төрөхгүй байна гэсэн утга бүхий зүйл ярьсан нь учир дутагдалтай. Биднээс уучлал гуйна гэдэгт найдаж байна” гэсэн юм.

           Түүнчлэн Монголын телевизүүдийн холбооноос анх зургадугаар сарын 10-ний 20.00 цагт гурван намын нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, намуудад албан бичиг хүргүүлсэн.

            Ингэхдээ хоёр ч удаагийн мэтгэлцээнийг нэр дэвшигчдийн дунд зохион байгуулж, хэн нь хэн бэ гэдгийг ард түмэнд баггүйгээр харуулахыг зорьж байна гэдгийг мэдэгдэж байлаа.

           Харин Ардчилсан намын зүгээс “Халз мэтгэлцээн зохион байгуулах хүсэлтээ Монголын телевизүүдийн холбоо долоо хоногийн өмнө ирүүлэх ёстой  байсан, манай нэр дэвшигч энэ удаагийн мэтгэлцээнд оролцох боломжгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

           Энэ үед тус телевизүүдийн холбоо мэтгэлцээнээ хойшлуулж, зургадугаар сарын 17-н буюу өнөөдөр бямба гаригт товлосон ч дахин оролцох боломжгүй гэдэг мэдэгдлийг хийсэн тул цуцаллаа.

        



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0