21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

300 мянгаас татгалзсан багш нар өлсөнө! Харин Сайд юу хэлэв?

2017 оны 10 сарын 27 нд

  "Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараахаар ОУВС-тай зөвшилцсөн" хэмээн мэдээллэсэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилгоонд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавиад байгаа. "Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм" хэмээн мэдэгдэж байсан бол өнөөдөр "Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ны гишүүд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх шаардлагыг нь эрх баригчид хүлээн аваагүй. Иймд 1000 багш өлсгөлөн зарлаж, хугацаагүй ажил хаяхаар боллоо гэдгийг мэдэдсэн юм. 

          Мөн төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгох Засгийн газар, УИХ-ын шийдвэрийг ч эсэргүүцэж байгаагаа  тэд дуулгасан.

      “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ны төлөөлөл өнгөрсөн баасан гарагт Ц.Цогзолмаа сайдтай уулзсан байна. Салбарын сайд тэр үед "Цалинг 50 хувь нэмэх, энэ оны төсвийн тодотголд үүнд шаардагдах эх үүсвэрийг суулгана" гэж амласан ч энэ хэлэлцээр талаар болсон байна. Иймд багш нар 300 мянган төгрөгийн нөхөн олговроос татгалзаж байна.

     Мөн энэ үеэр “Багшдаа тусалъя” эцэг эхийн холбооны төлөлөлөл хэлэхдээ Засгийн газар томоохон амлалт өгч, ажил хүлээн авсан. Гэтэл хүүхдүүдийн төлөө ажиллахгүй байна. ОУВС гэх гадны байгууллагад баригдчихсан, Үйлдвэрчний эвлэл бидний талд ажиллах ёстой байтал бас л таг дуугүй болчихлоо. Төр засаг тендер, төсөлд их мөнгө зардаг атлаа багш нарын нийгмийн асуудалд мөнгө зарцуулах хүсэлгүй байна хэмээн мэдэгдсэн юм.        

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан салбарын сайд ямар тайлбар өгснийг хүргэе!

     БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: -БСШУС-ын сайд хүссэнээрээ багш нарын цалинг нэмэх эрх байхгүй. Өнөөдөр багш нарын цалинг дангаар нь нэмэх асуудлыг ярихаар бусад салбарын асуудал хөндөгдөнө. Тиймээс төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа бүх хүмүүст энэ ондоо багтаж 300 мянган төгрөгийг урамшуулал олгох шийдвэрийг гарсан. Учир нь ОУВС-тай байгуулсан гэрээнд цалин нэмэхгүй гэсэн заалт орсон. Үүнийг мөрдөхөөс өөр аргагүй гэдгийг багш нар маань ойлгох ёстой. Цалин нэмэхгүй гэсэн шаардлагыг биелүүлж байж Монгол улсын эдийн засгийг өөд нь татах зээл тусламжуудыг авна. Тиймээс боловсролын салбарыг түүчээлж яваа хүмүүс маань энэ асуудлыг ойлгох байх гэж бодож байгаа. Аль болох ширээний ард суугаад зөвшилцөх хэрэгтэй. Өнөөдөр 200 ам.доллар буюу дунджаар 560 мянган төгрөгийн цалинтай багш нараас ажлын өндөр хариуцлага, шаардлага нэхэх боломжгүй байна.  Төрийн өмчийн сургуулийн нэг ангид 30 хүүхэд суралцах стандарттай гэтэл 70 хүүхэд, 65 хүүхэд, 55 хүүхэд суралцаж байна гэсэн үзүүлэлт гарсан. 

      300 мянган төгрөг бол нэг удаагийн буцалтгүй тусламж биш юм. Засгийн газар төрийн үйлчилгээнд ажиллаж байгаа албан хаагчдынхаа хүнд нөхцөл байдлыг ойлгоод ажлын урамшуулал олгох шийдвэр гаргасан. 2018 оны улсын төсөвт дахин 300 мянган төгрөг олгох хэмжээний мөнгийг суулгасан. Засгийн газар саяхан бонд гаргаж ирэх онд төлөх ёстой өрийн асуудлаа шийдчихлээ. Цаашид цалинг үе шаттай нэмэгдүүлэх зорилтын төлөө ажиллаад явна. Улс орны эрх ашгаас давсан нэг салбарын эрх ашиг гэж байх ёсгүй. Хүнд нөхцөлд ажиллаж байгааг ойлгож байна. Мөнгөний асуудлыг шийдээд өгөх гэж байхад түүнийг хүлээж авахгүй гэж туйлширч болохгүй. Эцэг эхчүүд багш нарыг олон хоногоор ажил хаяхыг зөвшөөрөх юм уу? Би өлсгөлөн зарлан гэсэн хүмүүстэй уулзах бодолтой байна" хэмээн хэлжээ.

      Ийнхүү Монгол улсын Эдийн засгийн хомсдлын улмаас өрөөс өрийн хооронд бонд босгон дахин өр тависаар... ОУВС гэгч нэгэн байгууллагаас мөнгөө хэрхэн захиран зарцуулах тухай зөвшөөрөл, зөвлөгөө хүссээр... 

Монголын хувь заяаг Монгол хүн удирдахаас харийнхны бодлогоор явдаг ЭЗЭНГҮЙ ТӨР байсаар байх уу!

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 2
бммм 
/ 2017-10-28 02:28:18 /
ОУВСангаар энэ улс ер нь хууль терее нэгмесен удирдуулчихсан нь дээр юм бишvv. Тэртээ тэргvй еерсдее шийдэх эрх мэдэлгvйгээс хойш
эээнээ 
/ 2017-10-27 17:38:56 /
энэ цалин нь хэд байдгын гарын үсэг зурсан цалингийн цэсээ харуулмаарын