21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Гаррет Вилсон: Би Монголд хайртай болохоор дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй

2017 оны 10 сарын 27 нд

      "Вагнер Ази автомотив" ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсонтой Монгол хүний мөн чанар, аж байдлын талаар нээлттэй ярилцлаа. Тэрбээр Монголд суурин амьдраад таван жил болж байгаа юм. Гаррет Вилсон монголчуудыг "Хулчгар, тэнэг" гэж тодорхойлжээ. Яагаад ингэж хэлснийг энэхүү ярилцлагаас уншаарай. 

      -Сайн байна уу? Гаррет Вилсон. Та Монголд  анх 1998 онд ирж байсан гэж сонссон. Ямар зорилготой анх ирж байв?

       -Сүмийн сайн дурын ажилчидтай хоёр жилийн хугацаатай анх ирж байсан. Бид их сургуулиудтай гэрээ байгуулж Орхон их сургууль, Оюу эрдэм, МУИС-ийн оюутнуудад англи хэл заадаг байлаа. Харин оройн цагаар сүмийн сайн дурын ажилдаа анхаарна.  Ингээд хоёр жилийн маань хугацаа дуусч 2000 онд буцсан. Тэгээд нутагтаа эргэж очоод аавынхаа бизнест тусалж  зургаан жил ажилласан.  Гэтэл нэг өдөр Вагнер гэсэн хаягаас “Над руу залгаарай ” гээд утасны дугаар бичсэн шуудан ирсэн. Залгатал эхнэртэйгээ хамт ажлын ярилцлагад орохыг урьсан. Эхнэрийг хамт дуудсан нь эхнэр бид хоёрыг Монголд амьдарч, ажиллах боломжтой үгүй эсэхийг мэдэх зорилготой байсан юм билээ. Ингээд Монгол дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаач гэдэг саналыг тавьсан. Тэр үед би шууд татгалзсан.

        -Яагаад...

      -Яагаад гэвэл аавынхаа бизнесийг орхих, бүх эд хөрөнгөө зарахаас гадна гэр бүлээсээ хол газар автомашины борлуулагч болохыг хүсээгүй л дээ. Дээрээс нь миний хувьд авто машины тоног төхөөрөмжийн талаар ямар ч мэдлэггүй байсан. Тиймээс шууд Монголд ирж ажиллахын оронд   Денвер хотод Вагнер Ази автомотив ХХК-ийн төв оффист нэг жил дадлага хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Авто машины тоног төхөөрөмжийн талаар ямар ч ойлголтгүй байж бусдыг удирдана гэдэг хэцүү. Ингээд нэг жилийн хугацаанд авто машины тоног төхөөрөмжийн талаар илүү ойлголттой болж, ажилтайгаа танилцаж, суралцсаны дараа Монголд ирж ажилласан. 

        -12 жилийн дараа дахин Монголд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байв. Өөрчлөлт шинэчлэлт хэр байв?

      -Маш олон зүйл өөрчлөгдсөн байсан. Нийгмийн хөгжлийг барьсан барилгаар нь хэмждэггүй ч гэсэн 1998, 1999 онуудад  Улаанбаатар хотын хамгийн өндөр барилга нь Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын банк байсан. Дээрээс нь дөрөв, таван давхар хуучны орос орон сууцнууд их. 1999 онд хүүхдийн 100-д хүнсний дэлгүүр нээгдэж нэгдсэн тооцоогоо хийдэг худалдагчтай болсон.  Ийм болсныг нь хараад одоо л хөгжих гэж байна даа, барууных шиг болж байна гэсэн бодол төрсөн. Урьд нь намайг Монгол байхад дэлгүүрүүд бүгд тус тусын лангуутай байсан. Юм авах бүрт түрүүвчээ гаргаж ирэх нь үнэхээр төвөгтэй ядаргаатай санагдана.  Тухайн үед монголчууд ТҮЦ-ээс гөөхий их авдаг байсан. Мөн жижиг шилтэй ундааг авсан газартаа ууж дуусгаад шилийг нь буцаж тушааж мөнгө олдог байсан.

       Гэтэл 12 жилийн дараа ирэхэд  маш олон өндөр барилгууд баригдаж, ТҮЦ дэлгүүр  нь ч өөрчлөгдсөн байсан. Эдийн засгийн хувьд асар их хөгжил харагдаж байлаа. Гэхдээ мэдээж шүүмжилмээр зүйл надад байдаг. Улаанбаатар  төлөвлөгөөтэй хот байсан. Гэтэл улс төрчдийн шуналаар газрын наймаа дэлгэрсэн.  Жишээ нь Орос 3-р сургуулийн хүүхдийн тоглоомын талбайн оронд орон сууц барьчихсан байна. Би энэ талбай дээр хөл бөмбөг тоглож байснаа сайн санадаг. Хотын дарга нар нь баяжихын тулд газрын наймаа хийж байгааг монголчууд чимээгүй хараад сууж байдаг нь үнэхээр тэнэг. Хотын инженерүүд нь хаана байна. Хотын төлөвлөлт гэдэг  маш чухал асуудал. Уг нь хотын төлөвлөлтөөр нарийн мэргэшсэн хүн монголчууд дунд олон бий. Гэвч тэднийгээ төр нь ажиллуулдаггүй.  Улаанбаатарын замбараагүй хот төлөвлөлтийг харахад тун харамсалтай байна.

           -АВЛИГАЧДЫГ ШУУД ШОРОНД ХИЙХ ЗОРИГТОЙ ХҮН АЛГА-

 

 

 

         -Тийм шүү, хот төлөвлөлтийн энэ замбараагүй байдлыг юутай холбож тайлбарлах вэ?

        -Энэ бол улаан цайм илт авлига. Уг нь авлигачдыг барихад амархан шүү дээ. Тэр газрын  гэрчилгээг  нь харъя. Хэн тамга дарсан бэ, хэн зурсан бэ гээд л барьж аваад   шууд  шоронд хийх ёстой. Ийм амархан. Гэтэл тэрийг хийх зоригтой хүн Монголд байхгүй юм уу.

        -Зориг гэхээсээ илүүтэй  монголчууд бидний уужуу тайван занг илтгэж байгаа юм болов уу.

     -Шууд хэлэхэд, монголчууд хулчгар гэж хэлж болно. Сарын өмнө цагдаа руу салаавч гаргахад яагаад түүнийг шууд хүчээр барьж аваад, гавлаагүй юм бэ. Уг нь  тэр цагдаад эрх нь байсан. Цагдаагийн үйл ажиллагаанд саад учруулсан нь ёс зүйгүй бас хууль бус явдал. Яагаад тэр цагдаа  тэвчээртэй зогсоод байсан юм бол гэж одоо ч гэсэн боддог. Айдастай, хулчгар зангаасаа болоод  юу ч хийгээгүй.  Энэ хүн олон танил талтай гэж бодсон байх. Тэгээд ажлаас халагдана гэдгээсээ тэр цагдаа айсан байх.

       -Таныхаар Монгол хүмүүс хулчгар зантай харагддаг байх нь ээ?

     -Гэхдээ би бүх Монгол хүнийг хулчгар гэж хэлэхгүй. Мэдээж ийм олон зуун зуун жилийн түүхтэй, Хятадаас хараат бус бие даасан байдлаа хадгалан авч үлдээж чадсан ард түмнийг бүгд хулчгар гэж хэлэх нь  бас буруу.  Монголчууд цусандаа   маш их зоригтой. Дээр нь  баатарлаг. Гэхдээ гол асуудал нь  шуналдаа автан үүнийгээ нийгмийн эрх ашгаас дээгүүр тавьдаг болсныг харахад үнэхээр харамсалтай байна. Хэдий эдийн засаг хөгжлөөс хамаараад өөрсдийнхөө ашиг сонирхлыг дээгүүр тавих нь зайлшгүй боловч үүнийг хянаж зохицуулах, хязгаарлах юм бол нийгмийн эрх ашгийг хувь хүнийхээс дээгүүр тавих боломжтой гэж боддог.

      - Түрүүн та, монголын цагдааг айдастай ажлаа хийдэг гэсэн санааг хэллээ.  Хэрэв Америкт цагдаагийн өөдөөс дээрх  үйлдлийг  гаргасан бол яах байсан бол?

       -Америкт бол хатуу. Гэхдээ зурагтаар гардаг шиг буудах ч юм уу тийм зүйл байхгүй л дээ. Америк цагдаагийн хувьд айх юм уу тийм үйлдэл огт байхгүй. Гэхдээ нэг онцлог бүх юм шударга, торгууль нь өндөр. Хариуцлага нь өндөр.  Хэрэв хурд хэтрүүлбэл хамгийн багадаа торгууль нь 100-150 ам.доллар. Энэ нь жолооч нарт их хүнд тусдаг учир хурд хэтрүүлэхээс айдаг.  Харин Монголд хурд хэтрүүлбэл ердөө 19 мянган төгрөг. 10 доллар ч хүрэхгүй.

      -Өөр бидний сул тал юу байна вэ?

      -Миний хувьд болж бүтэхгүй бүхнийг нь харах гэхээсээ илүүтэй аль болох эерэг бодлоор, эерэг нүдээр харахыг хүсдэг. 1998, 1999 оноос  хойш өнөөдрийг хүртэл  Улаанбаатар хот маш хөгжсөн. Миний хүссэн хурд, хүссэн хэмжээнд арай  хүрээгүй гэсэн ч засаж сайжруулах зүйл зөндөө байна.

       -Тухайлбал юуг сайжруулмаар байна?

      -Номер нэг асуудал бол  авлига хээл хахууль. Тухайлбал, улсын тендерт оролцох юм бол 10 хувийн татвар төлөх ёстой гэдэг. Хүмүүс үүнийг мэдсээр байж яагаад талбай дээр гарч бослого хийдэггүй юм бэ. 10 хувь илүү төлж байна гэдгээ яагаад хүлээн зөвшөөрөөд байдаг юм бэ. Тэр чинь миний төлсөн татварын мөнгө. Би Монгол Улсын иргэн биш ч гэсэн татвар төлдөг. Та нар ч гэсэн татвар төлдөг. Та нарын төлдөг мөнгөнөөс хэсэг хүмүүс хулгайлаад, дээрэмдээд л авч байна гэсэн үг. Монголчууд үүнд эмзэглэхгүй байгаад  үнэхээр гайхдаг.  

      -Яагаад гэвэл үүнийг шимтгэл гэж ойлгодог.

      -Яг тийм. Эмчтэй адилхан. Эмчид мөнгө өгөхийг хахууль гэж ойлгодоггүй, гар цайлгах мөнгө л  гэж ойлгодог. Манай барууны нийгэмд рестораны зөөгчдөд  л гар цайлгах мөнгө өгдөг шиг эмчид үзүүлэхийн тулд мөнгө өгдөг явдал нь  зүгээр л гаршсан байна. Надад бол эвгүй байдаг.  Хэрэв мөнгө өгөхгүй л бол үйлчилгээ авч чадахгүй, эхнэрээ төрөхөд тусгай өрөөнд байлгахгүй байх ч юм уу энэ бүхэн надад маш хэцүү санагддаг. Миний  хувьд жилийн хугацаанд харахыг хүссэн нэг өөрчлөлт гэвэл Монголын эрүүл мэндийн салбар дахь шинэчлэлт юм. Яаралтай эрүүл мэндийн тогтолцоогоо өөрчилмөөр байна. Хэрэв Монголд мөнгөгүй хүн өвдвөл эмчлүүлж чадаагүйгээсээ амиа алдах зэрэг олон жишээнүүдийг би өөрийн нүдээр харсан. Монголчууд аливаа асуудлыг шүүмжлэхдээ гарц гаргалгаа, шийдлийг нь ердөө хэлдэггүй. Зүгээр л нэг гонгинуур хүмүүс. Би өөрөө тийм гонгинуур хүн баймааргүй байна, шийдэлтэй хүн баймаар байна.

       -Тэгвэл таныхаар Монголын эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн шинэчлэх вэ?

     -Ажил олгогч байгууллага бүрийн хариуцлагаас эхэлнэ. Жишээ нь манай компани ажилчид тус бүртээ 35 сая төгрөг хүртэлх эрүүл мэндийн үйлчилгээ авах хувийн даатгалд хамруулсан. Манай ажилтан хүнд өвчин тусаад эмнэлэгт хэвтэх бол нийт зардлынх нь  80 хувийг даатгалаас  шийдэж өгнө. Зарим хагалгаа 10-20 саяын үнэтэй байдаг. Энэ мөнгө нь байхгүй бол  хагалгаанаас татгалзах л сонголт бий. Зарим нь байраа барьцаанд тавьж,  хүүхдэдээ хадгалж байсан мөнгөө аваад зарцуулах гэх мэт үнэхээр хэцүү байдалд ордог. Үүнийг шийдэхийн тулд даатгалтай байвал түүний тогтолцоогоор шийдэж болдог.  Уг нь даатгалын шимтгэл маш бага шүү дээ.

       Гэтэл бид Улсын эрүүл мэндийн даатгалд  цалингаасаа хэдэн хувийг төлдөг  билээ.  Тэгээд  авах эмчилгээ зөвхөн жилдээ 1 сая 910 төгрөг  хүртэл үнийн дүнгээр эмчилгээ авдаг. Хэрвээ хувийн эмнэлэгт үйлчлүүлэх юм бол тухайн эмчилгээний 60 хувийг төлбөрийг авдаг гэх мэт маш хязгаарлагдмал.  Энэ нь нөгөө өндөр үнэтэй эмчилгээний зардалд  хаанаа ч хүрэлцэхгүй. Дээр  нь улсын эмнэлэг маш хүнд сурталтайгэдгийг  надаар хэлүүлэлтгүй монголчууд  бүгд мэдэж байгаа. Дан ганц эмнэлэг гэлтгүй төрийн байгууллагууд ч  ийм байдал харагддаг.

      Хэрэв  манай ажилтан ийм ёс зүйгүй үйлдэл гаргах юм бол би шууд сахилгын арга хэмжээ авч сануулга өгнө. Хоёр гурван удаа ийм алдаа гаргавал ажлаас нь хална. Өөрөөр хэлбэл, компанийн дотоод журмыг зөрчсөн хэрэглэгчдэд  сайн үйлчилгээ үзүүлээгүй, ёс зүйгүй хандсан гэдгээр нь. Энэ мэт хариуцлагын тогтолцоо Монголд дутмаг байна.

 

 

       -Үүнээс харахад, улсын байгууллага гэхээс илүүтэй Монголын хувийн байгууллагад  та илүү итгэдэг гэсэн үг үү?

    -Тийм ээ. Хувийн хэвшилд итгэл найдвар тавьдаг. Мэдээж хувийн хэвшил төгс биш, ямар нэгэн эрсдэл байж болно. Үүнд хяналт тавьж зохицуулах боломжтой. Хэрэв манай компани шиг  ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулбал хувийн даатгалын тогтолцоо өргөжих тусам, илүү олон хувийн эмнэлэг баригдаж эхэлнэ. Би ХУД-т байрлах жижиг хувийн эмнэлгээр үйлчлүүлж байсан юм.  Эмч нар нь маш сэтгэлтэй, үйлчилгээ сайтай. Дөрвөн жилийн өмнө манай охин хүндээр өвдөж яаралтай гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай болсон юм. Шөнийн 12 цагийн үед өвлийн ид хүйтэн үе  байсан.Гэмтлийн эмнэлэг дээр очоод үнэхээр харамсалтай зүйлийг харсан. Хүмүүс үүдэнд зогсож, зарим нь бүр гадаа нь дугаарлаж байсан. Ийм хүйтэнд хүнд өвчтэй хүмүүс гадаа дугаарлаж зогсохыг хараад үнэхээр харамссан. Аз болоход би машинтай байсан. Хүүхдээ машинд халаалттай орхиод би өөрөө гадаа дугаарлаж зогссон. Мэдээж тэр хүмүүс санхүүгийн боломжгүй учраас л улсын эмнэлэг бараадаж байгаа шүү дээ. Түүнийг өөрийн биеэр мэдэрсэн учраас үүний дараа нийгмийн хариуцлагын хүрээнд Эх нялхсын нэг тасгийн  өрөөг тохижуулж өгсөн.

-ДӨНГӨЖ ТАЛХНЫ МӨНГӨТЭЙ БОЛТОЛ ХҮҮХЭД НЬ ӨВДВӨЛ ТАЛХ АВАХ УУ

 ЭСВЭЛ ХҮҮХДЭЭ ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ ҮҮ ГЭДЭГ СОНГОЛТТОЙ ТУЛГАРДАГ- 

     -Манай ихэнх компаниуд зөвхөн менежерээс дээш түвшний албан тушаалтнуудаа эрүүл мэндийн даатгалд хамруулж, жирийн ажилчдаа орхигдуулдаг явдлыг та олж харсан нь сайшаалтай байна...

     -Бид  гурван жилийн өмнө энэ даатгалыг авч эхэлсэн. Ажил олгогч  байгууллага сайн дураар бүх ажилчдад  эрүүл мэндийн даатгал олгодог болвол тогтоолгүйгээр өрсөлдөөнтэй байдал бий болно. Улмаар төлбөрийн тогтолцоотой болно.  Хүмүүс аль болох сайн үйлчилгээтэй тэр байгууллагыг сонгоно. Энэ хэрээр үйлчилгээ чанаржина. Хүүхэд өвчин тусвал томчууд их стресстдэг. Дөнгөж талхны мөнгөтэй болтол  хүүхэд нь өвдвөл  талх авах уу, эсвэл хүүхдээ эмчид үзүүлэх үү гэдэг сонголттой тулгардаг. Их хэцүү сонголт. Уг нь тийм сонголт баймааргүй байна шдээ. Харин даатгалтай байвал даатгал ядаж төлбөрийнх нь 80 хувийг шийдэж өгч болно.

       - Гэр хорооллоор явж үзсэн үү?

       -Үзэлгүй яахав. Сүмийн ажлын  шаардлагаар одоо ч гэсэн  Яармаг, Нисэх ордог. Би өөрөө Зайсанд амьдардаг. Сүүлийн дөрөв, таван жил өглөө эрт Яармаг, Нисэх   орчмын хүүхдүүдийг машинаараа сургуульд нь хүргэж өгдөг. Гэр хороолол их утаатай, гэрэлтүүлэг муу, зам хальтиргаатай.

      Анх 1998 онд Монголд хүмүүнлэгийн ажлаар ирж байхдаа гэр хорооллын хөгшин настай зүдэрсэн хүмүүст мод түлээ бэлдэж өгч байсан. Үүнээсээ маш их урам аваад маргааш, нөгөөдөр нь ч очиж айлуудад мод хөрөөдөж өгч байсан. Хүмүүст туслах нь угаасаа л миний үндсэн сонирхол гэж ойлгодог. Монголд бие биедээ туслах шаардлага маш элбэг, хаа сайгүй байдаг. Одоо ч манай компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд аль болох олон байгууллагуудтай хамтарч, тэдэнд туслах хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна. Улаан чулуутын “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт үргэлж туслалцаа үзүүлдэг, Хүүхдүүд зөөх автобус бэлэглэж байсан. Тэнд үнэхээр хэцүү байдалтай. Тэр хүүхдүүд ямар ч буруугүй шүү дээ. Тэдний  зарим нь ямар ч бичиг баримтгүй болохоор хүүхдээ сургуульд сургах боломжгүй, эмчид үзүүлэхэд ч боломжгүй их хэцүү. Энэ бүхнийг хараад монголчуудын хэлдгээр өр эмтэрдэг. Тэр хүмүүсийг энэ байдлаас нь гаргах шийдлийг монголчууд олох хэрэгтэй.

      -Тэгэлгүй яахав.  Монголчууд ер нь хэр итгэл даах хүмүүс вэ?

    -Ерөнхийд нь хэлэх хэцүү. Миний дор ажилладаг менежерүүд маш мундаг хүмүүс. Өндөр боловсрол эзэмшсэн, гадагшаа сураад эргэж ирээд ажиллаж байгаа хүмүүс ч байна. Бүх хүмүүсийг ийм тийм гэж дүгнэх хэцүү. Даяарчлалын нэг давуу тал нь хүмүүс олон улсын менежмент компанийн удирдлагын арга барил, бодлогыг нээлттэй сурах боломжтой байна. Тухайлбал саяхан нэг сургууль дээр лекц тавихад тухайн сургууль Харвардын их сургуулийн сургалтын хөтөлбөрийн дагуу ажиллаж байгааг нь харахад надад үнэхээр сайхан байсан. Хүн өөрөө л хичээж чадвал мэдээллийн бүхий л эх сурвалж нээлттэй байна. Монголын ирээдүй маш сайхан гэрэл гэгээтэй байх шалтгаан олон байна.

 

     -Монголд утааны улирал эхэлж байна, таны хувьд утааг шийдэх гарц юу байна вэ?

    -Эрт орой хэзээ нэгэн цагт зоригтой удирдагч гарч ирээд хотод түүхий түлээ түлэхийг хориглох ёстой. Энэ нь зөвхөн Монголд гарч байгаа асуудал биш, Угаасаа 100 жилийн өмнө дэлхийн бусад томоохон хотууд ч  яг  адилхан утааны асуудалтай байсан. 100 жилийн өмнө Лондон хот бас л нүүрс түлдэг байсан. Сүүлдээ түүхий нүүрс хотод түлэхийг хориглосон. Ийм л хууль гаргах хэрэгтэй. Гэхдээ энэ нь эхэндээ их хүнд тусна гэж бодож байна. 80 хувь нь нүүрс түлээг хэрэглэдэг. Эдийн засгийн шийдлүүд байгаа. Утааны уршиг  хүний амь насанд заналхийлэл хийж байна. Энэ тоглоом биш. Хүмүүс тоодоггүй анзаардаггүй, гэхдээ сүүлийн үед утааны эсрэг нэгдэж байгааг нь хараад баярлаж байгаа. Утаан дунд байгаа цэцэрлэгүүдэд агаарын шүүлтүүр байдаггүй. Бид цэцэрлэгүүдэд үнэ төлбөргүй агаарын шүүлтүүр авч өгч хүүхдүүдийг  маск зүүж байхыг уриалж байгаа.

 -ХЭРВЭЭ БИ УИХ-ЫН ГИШҮҮН БАЙСАН БОЛ ТЭДЭНТЭЙ НЭГ ТАНХИМД СУУЖ ЧАДАХГҮЙ.

МӨНГӨ ИДСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРААД ЖИХҮҮДЭС ТӨРЖ, ҮЗЭН ЯДАХ БАЙСАН- 

       - Монголын улс төрийн талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?

      -Бага зэрэг. Цөөхөн шударга хүмүүс байна. Энэ шударга хүмүүс бусад бохир хүмүүстэй нэг танхимд сууж байгааг би ойлгодоггүй.  Хэрвээ  би УИХ-ын гишүүн байсан бол  тэдэнтэй нэг танхимд байж чадахгүй. Мөнгө идсэн хүмүүсийг хараад жихүүдэс төрж, үзэн ядна. “Манай улсыг та хохироож байна. Удирдагч биш. Та өөрөө гол дээрэмчин” гээд л  уурлаж би тэвчихгүй байх байсан.

       -Хамгийн сайн мэдэх улс төрч хэн бэ?

      -Хэд хэдэн гишүүдийг нэрлэж болно. С.Зориг агсны дүү Оюун.  Би С.Зориг агсныг үнэхээр хүндэлдэг. Хүүдээ Зориг гэдэг нэр хүртэл өгсөн. С.Зориг амь насаа алдахад би байсан.  Энэ хэргийн хувьд намынхантай холбоотой гэж л боддог. Тэр хүн ардчилсан шударга нийгэм байгуулахад маш чухал хувь нэмэр оруулж үүргээ биелүүлсэн гэж би боддог. Мөн  Ц.Оюунгэрэл эгчийг хүндэлж явдаг. Ард нэгдлийг тэргүүлдэг Х.Ганхуяг, Defacto Жаргалсайхан гэх мэт дурдаад байвал хүндэлдэг хүн олон байна. Улс төрд гэлтгүй хувийн хэвшилд ч шударга удирдагчид олон байгаа.

      -Та гэр бүлээрээ Монголд суурин амьдарч байна уу?

      -Би эхнэрээсээ салсан. Хүүхдүүд ээж дээрээ Америкт байгаа. Гэхдээ би улиралд нэг удаа очиж уулздаг.

     -Нууц биш бол яагаад салсан юм бэ?

     -Яривал урт түүх болно л доо. Би өөрийгөө их буруутгадаг.

     -Гэр бүл салалт Монголд ч маш их байна. Салалтыг биеэрээ мэдэрсэн хүний хувьд их эмзэглэнэ биз?

    -Монголд ганц бие ээжүүд хамгийн түгээмэл харагддаг.Хариуцлагатай аавууд хаана байна вэ. Аавын үүрэг маш чухал.  Надад ямар ч албан тушаалаас илүү аав байх үүрэг хамгийн чухал.  Хүн аз жаргалыг юунаас их мэдэрдэг вэ гэхээр гэр бүл, үр хүүхдээс л мэдэрдэг.

-МОНГОЛ ЭРЧҮҮД АРЧААГҮЙ ЗАНГААСАА ТАТГАЛЗАЖ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ, PC  ТОГЛОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ- 

       Монгол эрчүүд арчаагүй зангаасаа татгалзаж, хариуцлагатай байж, PC  тоглохоо болих хэрэгтэй. Мэргэжил карьертай болж, биеэ дааж авч явахыг сурах хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдэд яаж жентелмений хандлагаар хандах вэ гэдгийг сурах хэрэгтэй. Хүүхдийн хүчирхийллийг талаар мэдээлэл сонсоод зүрх шимширмээр. Энэ гэхдээ Монголд ганц биш өөр улс орнуудад л ялгаагүй байна. Тэднийг ийм муухай жигшмээр зүйл хийхэд хүргэдэг ямар хүчин зүйл байдгийг би мэдэхгүй. Тэр хүмүүсийг шүүх эрх надад байхгүй. Бурхан тэр хүмүүсийг шүүх болно. Энэ мөн монголын гэр бүлийн хямралтай холбоотой. Эцэг эх үүргээ сайн биелүүлэхгүйгээс болоод байна. Хүмүүжил сайн байвал хүүхдийг амьдралын зөв замаар нь явуулах боломжтой юм.  Ийм байвал гэмт хэрэг багасах боломжтой байх. Гэхдээ л аав, ээжгүй хүүхэд хүмүүжлийг  хаанаас олох вэ гэхээр интернетээс олно. Гэтэл уруу татагдах, сөргөөр нөлөөлөх зүйл олон байдаг.  Ийм тохиолдолд ёс зүйг сурах боломжгүй юм.

 

       - Та монгол хүнийг ямар онцлог зан чанар нь тодорхойлно гэж боддог вэ?

      -Би монголчуудтай маш нийцдэг учраас энд байх дуртай. Надад маш дотно мэдрэмж төрүүлдэг, амархан ойлголцдог. Монголчуудын онцлог нь  боловсролд их ач холбогдол өгдөг юм шиг санагддаг. Ой тогтоомж маш сайн. Гурав, дөрвөн хэлээр ярьдаг монгол хүн зөндөө  бий. Гайхамшигтай шүү. Эрс тэс уур амьсгал, өвөг дээдсийн маш хэцүү хэлмэгдүүлэлтийг туулсан болоод ч  тэр үү  маш хатуужилтай санагддаг. Маш зочломтгой дулаан зан чанартай ард түмэн. Энэ  зангаа цаашид авч үлдээсэй гэж хүсэж байна. 

     - Хөдөөгүүр  хэр явж үзсэн бэ?

     -Үзэлгүй яахав. Би өөрөө Америкийн хөдөөнийх. Багаасаа морь унаж сурсан , үхрийн баас байнга цэвэрлэж л өссөн. Би хэт үндсэрхэг хүн биш, аль нэг харьяат улсын иргэн байхаас илүү би дэлхийн иргэн гэж үзэхийг хүсдэг. Тэнгэрээс харвал ямар ч хязгаар байхгүй, бүгд нэг л гэр бүл. Үндсэрхэг үзлээс болоод дайн самуун их гардаг. Оюун бодлын зөрчилдөөн л юм даа. Үүнээс болж эдийн засгийн дайн зарлах, хориг тавих гээд энэ бүгд маш хэцүү.  Найрсаг өрсөлдөөн л хамгийн сайхан шүү дээ. Улс төрийн , үндсэрхэг өрсөлдөөнд маш дургүй. Энхтайван, амар амгалан амьдралыг үр хүүхэддээ үлдээхийн тулд бид бүхэн бидний үе хичээх хэрэгтэй.

         -Та маш шашинлаг санагдлаа. Монголын бөөгийн шашныг судалж үзсэн үү?

        -Ямар ч шашин өөр өөрийн онцлогтой. Сонин зан үйлтэй шашин олон байдаг. Сайн талыг нь олж харах юм сан гэж хичээдэг.  Аль ч шашин сайн талтай байдаг. Гол нь туйлширсан, шашнаар түрий барьсан  зүйлсийг харахаар харамсдаг. Уг нь шашин сайн сайхныг л тунхагладаг шүү дээ.

-ХАЛУУН УСГҮЙ, МОДОН ЖОРЛОНТОЙ, ШАВАР ШОРООТОЙ ГЭР ХОРООЛЛЫН МОНГОЛ ЭМЭГТЭЙ ХҮРТЭЛ ЦЭВЭРХЭН-

 

         -Монгол эмэгтэйтэй гэрлэнэ гэж боддог уу?

       -Би монгол эмэгтэйчүүдэд татагддаг.  Бусад орны бүсгүйчүүдээс зүс царайны хувьд илүү зөөлөн нүдэнд дулаахан санагддаг.  Эмэгтэй гэлтгүй эрэгтэйчүүд ч ялгаагүй биеэ маш сайхан авч явдаг.  Гадаад байдалдаа маш анхаардаг. Халуун усгүй, модон жорлонтой, шавар шороотой гэр хорооллын  монгол эмэгтэй хүртэл  цэвэрхэн. Бүр өсгийтэй гутал өмсчихсөн байхыг нь хараад би гайхдаг. Усаа худгаас зөөгөөд биеэ тэгж гоё авч байгааг нь хараад хүндлэх сэтгэл үнэхээр төрдөг. Гэтэл манай Америкчууд  хүлээн авалтад очих гээгүй л юм бол унтлагын  өмдтэй,  нүүрээ будаагүй явж байдаг. Энэ нь  ч энгийн үзэгдэл.

        -Гэрлэх тухайд?

      -Би одоохондоо гэрлэх гэдэг үгнээс татгалзаж байгаа. Гэхдээ л би ганцаараа удаан байж чадах хүн биш. Сэтгэл санаа нийцсэн хүнтэй учрах болно гэдэгт итгэж байгаа. Хүнийг хайрлах,  халамжлуулах дуртай. Монгол эмэгтэйчүүд тамхийг маш ихээр татдаг. Тамхи татдаг эмэгтэйчүүд надад таалагддагүй. Тэд яг тамхины ишний сав шиг харагддаг.  

         -Нээлттэй ярилцсанд баярлалаа, Гаррэт Вилсон?

       -Зөв талаас нь ойлгоно гэдэгт найдаж байна. Монголын нийгмийг асуудалтай талаас нь ярьсан болохоор монголчууд надад дургүйцэх байх. Би Монголд хайртай болохоор дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй. Гэхдээ шүүмжлэлийг гарц шийдэлтэй нь ярихыг хүслээ. Аливааг шүүмжлэх амархан. Хамгийн гол нь бодитой шүүмжлэл байгаасай гэж хүсдэг.Эргэн тойрноо шүүмжлэх гэхээсээ илүүтэй эхлээд  өөрийгөө таньж мэд, сонж. Би бусдыг шүүмжлэхээр өөрөө төгс хүн  мөн үү гэдгээ тунгаах хэрэгтэй. Ингэж байж л нийгэмдээ нөлөөлж чадна. Бэрхшээл, зовлонг дааж чадахгүй бол амжилтыг ч дааж чадахгүй гэдэг үгээр ярилцлагаа дуусгая.

 

Ш.Адъяамаа

ЭХ СУРАЛЖ:ZINDAA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0