21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь хүлээн авах боломжгүй!

2017 оны 10 сарын 27 нд

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд 90 хувийн саналаар дэмжсэнгүй. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдын томилгоонд өчигдөр хориг тавьсан юм.

     Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас байр суурийг нь тодрууллаа.

        -Ерөнхийлөгч таныг Сангийн сайдаар томилсон томилгоонд хориг тавьсан ч ХЗБХ дэмжсэнгүй. Ер нь та Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн хүлээн авч байна вэ?

      -Анх сайдуудын томилгоо явагдахад л намайг Сангийн сайдаар томилохыг татгалзаж байна гэсэн. Гэхдээ татгалзаж байгаа үндэслэлүүд нь их сонин. Тэгээд томилогдсноос хоёр хоногийн дараа хориг тавихаа мэдэгдэж, өчигдөр хориг нь албан ёсоор баталгаажиж ирлээ. Хориг тавихдаа төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн асуудлыг хөндсөн байна лээ. 2017 оны Төсвийн тодотголыг У.Хүрэлсүхийн Засгийн газар өргөн бариагүй гэдгийг хэлмээр байна. Мөн 300.000 төгрөг олгох шийдвэрийг Гурван талт хэлэлцээрийн шийдвэрийг үндэслээд УИХ-ын Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг санал гаргасан. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэр биш. Ингээд 55 тэрбум төгрөгөөр эмч, багш, асрагч, сувилагч, бага орлоготой үйлчилгээний алба хаагчдад 300.000 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгох шийдвэрийг УИХ гаргасан. Энд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурорууд ороогүй. Тэгэхээр УИХ-ын шийдвэрийг үндэслээд тухайн үед Төсвийн тодотгол өргөн бариагүй Сангийн сайд надад хориг тавьж байгаа учрыг ойлгохгүй байна. 

        -Та чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ энэхүү хориг нь УИХ-ын дарга З.Энхболдтой холбоотой хэмээн хэлсэн. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

      -2016 оны сонгуулийн үеэр Увсад З.Энхболд гэж хүн очсон. Тэнд тун ёсзүйгүй зан байдал гаргаж, Увсын иргэдийн дургүйцлийг төрүүлснийхээ төлөө хөөгдөж байсан юм. Харин үүнийгээ Ч.Хүрэлбаатар зохион байгуулсан гэж, ярьж итгэж явдаг. Уг нь Увсын ард түмний итгэл үнэмшил байсан юм. Тэгэхээр УИХ-ын Тамгын газрын дарга З.Энхболд улс төрийн өс зангидаад ийм арга хэмжээнүүд авч байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байгаа. 

        -Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар МАН-ын бүлэг хуралдсан. Ямар шийдвэр гаргасан бэ?

       -Бүлгийн хуралдаанд чөлөөтэй, томилолттой байгаа гишүүдээс бусад нь бараг бүгд оролцсон. Тэгээд Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь хүлээж авах боломжгүй гэж шийдвэр гаргасан.

Б.Анир

ЭХ СУРВАЛЖ:ЗАЛУУ.КОМ



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0