21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

БНСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэг намаас нь хөөжээ

2017 оны 11 сарын 04 нд

     БНСУ-ын сөрөг хүчний Эрх чөлөөт Солонгос нам /хуучнаар Сэнүри нам/-ын удирдлагууд нэр хүндээ сэргээж, олны итгэлийг эргүүлэн олж авахын төлөө гэх үндэслэлээр намын лидер асан, экс-ерөнхийлөгч Пак Гын Хэг намаасаа хөөжээ. Намын Ёс зүйн хороо эцсийн шийдвэрийг баасан гаригт /2017.11.03/ гаргасан байна.

     Намын удирдлагын зүгээс Пак Гын Хэг сайн дураараа намын гишүүнчлэлээс татгалзахыг хүссэн юм. Харин экс-ерөнхийлөгч энэ хүсэлтээс татгалзсан тул намын дүрмийн дагуу 10 хоногийн дараа түүнийг албан хүчээр намаас хөөн зайлуулж буй ажээ.

    Энэ нь ижилхэн консерватив үзэл баримтлалтай бөгөөд Сэнүри намаас тасран гарсан Барэун намтай нэгдэх гэсэн бодлогын хүрээнд хийгдэж буй алхам юм. 

     Пак Гын Хэ авлига, хээл хахуулийн дуулианд нэр холбогдож, БНСУ-ын парламент ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсний дараа түүний тэргүүлж байсан консерватив нам үндсэндээ хоёр хуваагдсан юм. Экс-ерөнхийлөгчдөө үнэнч үлдсэн хэсэг нь өөрсдийгөө Эрх чөлөөт Солонгосын нам гэж нэрлэн, намын нэрээ сольсон. Харин Пак Гын Хэг албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзсэн үлдсэн хэсэг нь Барэун намыг байгуулсан билээ.

     Харин Барэун намын зарим гишүүд Пак Гын Хэ болон түүнийг дэмжигсдийг намаасаа хөөн зайлуулбал Эрх чөлөөт Солонгосын намд элсэхээ мэдэгдээд байгаа юм.


С.ЦЭЛМЭГ

ЭХ СУРВАЛЖ: Зөв.мн



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0