21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг Хятадад хуурамчаар хэвлэсэн зөрчил илэрчээ

2017 оны 11 сарын 10 нд

    “Мэргэшсэн жолооч”-ийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт болон бусад боомтуудад хуурамчаар хэвлэгдсэн зөрчил илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Захирлын зөвлөл хуралдсан байна.

    Өнгөрсөн зургаадугаар сард хилийн Автотээврийн хяналтын улсын байцаагч нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй үйл ажиллагаанд Замын цагдаагийн албатай хамтран хяналт тавьж, хуурамч гэх үнэмлэхийг илрүүлэн, хураан авсан байна. Автотээврийн үндэсний төвөөс хууль цагдаагийн байгууллагад хандсанаар тус үнэмлэхийг Хятадын талаас хуурамчаар хэвлэсэн байгааг илрүүлэн шалгаж байгаа ажээ.

     Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран: “Мэргэшсэн жолооны үнэмлэхийг мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бусаар тараасан зөрчилтэй хатуу тэмцэж, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Цаашид Замын цагдаагийн албатай хамтран хууль хяналтын байгууллагад хандаж, Автотээврийн өдөр тутмын хяналтыг шат шатандаа чангатгана” хэмээн хэлсэн байна. 

     Мөн тээврийн хэрэгслийн дугаар олгох болон хяналтын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, аливаа хууль бус үйлдэл, ашиг сонирхлын зөрчил гарахаас сэргийлэх үүргийг нийт дарга нарт өгчээ.

     “Автотээврийн үндэсний төвТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг нь 2010 оноос Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах үнэмлэх олгох журмын дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар  нийт 49079 мэргэшсэн жолооч бүртгээд байна" гэж АТҮТ-өөс мэдээллээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0