21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

СҮМОГИЙН ХОЛБОО КЮҮШЮҮ БАШЁ ДУУСАХААР ХАРҮМАФҮЖИД ХАРИУЦЛАГА ТООЦНО

2017 оны 11 сарын 16 нд

 

Зураг

     Нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдоод буй мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржид энэ сарын сүүлчээр Кюүшюү башё дуусахаар хариуцлага тооцно гэдгээ Японы Сүмогийн холбоо мэдэгдлээ.

     “Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, Сүмогийн холбооны албаны хүмүүс өчигдөр мэдэгдэл хийхдээ “Харүмафүжи 10 дугаар сарын 25-нд Таканойва А.Баасандоржийг шар айрагны шилээр цохиж, зодсон. Үүний улмаас Таканойвагийн  гавлын яс нь цуурч, тархи нь хөдөлсөн. Сүмогийн холбоо Кюүшюү башё дуусахаар холбогдох бөхчүүдээс мэдүүлэг авч, асуудлыг нухацтай авч хэлэлцсэний дараа Харүмафүжид зохих шийтгэлийг ногдуулж, хариуцлага тооцох болно” гэжээ.


     Өнгөрсөн сард Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа Харүмафүжи Д.Бямбадорж, Таканойва А.Баасандорж нар их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй монгол бөхчүүдийн хамт архи, шар айраг ууж суужээ. Энэ үеэр дээрх хэрэг болсон байна.

      Таканойва А.Баасандорж  нь Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулсны улмаас энэ сарын башёг өнжөөд байгаа юм. Мөн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж “зүүн тохойн үрэвсэл”-ийн улмаас башёг үргэлжлүүлж чадахааргүй болсноо мягмар гарагт мэдэгдсэн билээ.

      Сүмогийн холбооны албаны хүмүүс Харүмафүжи Д.Бямбадоржоос яагаад ийм хэрэг хийх болсныг асуухад тэрбээр тодорхой тайлбар өгөөгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодох үедээ согтуу байсан бололтой.

      Хэргийн газарт цуг байсан бөхчүүд ярихдаа “Өөрөөсөө өндөр цолтой, чансаа өндөр бөхчүүдтэй хүндэтгэлтэй харьцсангүй гэж Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зэмлэсэн. Харин Таканойва А.Баасандорж үл тоосон янзтай, утсаараа оролдоод байхаар нь Харүмафүжи уурласан” гэжээ.

      Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг шар айрагны шилээр цохиод дараа нь гараараа 30 орчим удаа цохисон аж. Хамт байсан бөхчүүд зогсоохыг оролдсон ч Харүмафүжи Д.Бямбадорж дийлдээгүй гэнэ.

Г.Доржханд

ЭХ СУРВАЛЖ: Эн-Эйч-Кэй-ийн мэдээллээс МОНЦАМЭ 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0