21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ЭРҮҮЛИЙГ ХҮСВЭЛ ШИМИЙГ СОНГО

2018 оны 06 сарын 19 нд

         Шим хэмээх монгол нэр шинэ, чанартай гэх агуулгыг илэрхийлдэг. Дэлхий нийтээрээ хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулах болсон өнөө цагт Монголчууд бидэнд сонголт, боломж бий юу? Монгол шимийн захирал Г.Эрхэмбаярын ярилцлагад хариулт нь бий. Тэрээр Чех, Францд суралцаж, ажилласан туршлагадаа тулгуурлан бидний эрүүл амьдралд дэм болох үйлчилгээг санал болгож байна.  

      -Таны бизнесийн нэр амьдралд их ойрхон сонсогдлоо...?

     -Баярлалаа. Онлайн худалдааны систем гэхээрээ амьдралаас тасарсан нэр, үйлчилгээ мэт ойлгогддог цаг ард хоцорсон. Монгол шимийн үйлчилгээ нь эх орны хөрсөнд ургасан, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд БАХАРХАЛТАЙГААР, бас шинээр нь хүргэх зорилготой. Олон улсын жишигт нийцсэн менежмент, үйлчилгээний шинэ аргаар нэвтрүүлж буй нийгмийн сүлжээ гэж хэлж болно.

        -Шинэ арга гэдгээ тодруулахгүй юу?

      -Өөрийн гэсэн онцлогтой үйлчилгээ юм л даа. Хэрэглэгч онлайнаар захиалгаа өгөөд бямба гараг бүрийн 12-14 цагийн хооронд Монгол шимийн үүрэнд ирж хүнсээ авна. ҮҮР гэдэг нь хэрэглэгч захиалсан бүтээгдэхүүнээ авах цэг гэж ойлгож болно. Ер нь аливаа хүнсний зүйл үйлдвэрлэгдсэнээсээ хойш агуулах, бөөний худалдаа, дэлгүүрийн лангуу зэргээр дамжиж чанаргүйддэг тул бид энэ замыг хялбарчлахыг хүссэн юм. Ингэснээр бүтээгдэхүүнээ шууд зарж буй үйлдвэрлэгчийн бизнесийн ашиг ба нэр хүндэд ч, хэрэглэгчийн эрүүл амьдрах нөхцөлд ч сайн боломжийг авчирж байгаа. XXI зууны борлуулалтын шилдэг суваг бол цахим худалдаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Бид худалдааны шударга системийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаагаа хэрэглэгчиддээ мэдрүүлэхийг илүү зорьж байна.

        -Монголчууд бид харьцангуй “онлайнжсан” хэдий ч худалдан авалт хийх зэрэгт итгэдэггүй хэвээр байна. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

      -Хэрэглэгчдийн итгэл муу байгаа шалтгаан нь онлайн худалдаа эрхэлж буй компаниудын үйлчилгээний чанар, стандарт хэрэглэгчийн шаардлагад хүрэхгүй, мөн цахим төлбөрийн системийн хэрэглээ хэрэглэгчдийн дунд тийм ч хангалттай түвшинд нэвтрээгүйтэй холбоотой байсан. Өнгөрөгч 2017 оны сүүлийн улирлын дүнгээр Монголд 6.4 их наяд төгрөгийн гүйлгээ цахим байдлаар хийгдсэн нь өмнөх жилийнхээс 71 хувиар өссөн  үзүүлэлт гарсан. Тэгэхээр хүмүүсийн эргэлзээ нь сэтгэл зүйн байдал, хандлагатай нь илүү холбоотой болов уу. Бид ирээдүйгээс зугтааж чадахгүй шүү дээ. Тиймээс “цахимжих” л хэрэгтэй.

          -Бахархалтайгаар үйлчилж буй танай хамтрагчид хэр зэрэг найдвартай үйлдвэрлэгчид вэ?

      -Нийлүүлэгчид маань дотоодын чанартай, эрүүл хүнс үйлдвэрлэгчид байдаг. Тухайлбал, Сэнжит Оюу ХХК-ийн Ц.Оюунгэрэл эгч агрономич мэргэжилтэй, хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль, бууцай, юуцай, салатны навч гэх мэтчилэн олон төрлийн нарийн ногоог тариалдаг. Химийн ямар ч бордоо хэрэглэхгүйгээр органик хөрсийг бий болгон тариалангаа эрхэлдэг. Мөн ШУТИС-ийн инновацийн бүтээгдэхүүний үйлдвэр, ХААИС-ийн Агро Парк зэрэг судалгаанд суурилсан байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Монголчууддаа хэдийнэ танигдсан Оргио тахианы хамт олон биднийг түншээрээ сонгосон. Нэгэнт бахархлыг амласан баг учраас бидний зүгээс хамтрагчиддаа өндөр шаардлага тавьдагт итгэж болно.

        -Хүнээ дээдэлсэн, тэднийхээ эрүүл мэндэд онцгой анхаардаг улс оронд суралцаж, ажиллаж байсны хувьд дэлхийн туршлагаас хуваалцаач? Уншигчдад өгөх шинэ мэдээлэл, мэдлэг юу байна?

       -Энэ төрлийн бизнесүүд дэлхийд олон бий. Францаас гаралтай ба Европын 9 оронд үйл ажиллагаа явуулдаг гарааны бизнес болох www.foodassembly.com, Англиас үүсэлтэй www.farmdrop.com зэргийг дурдаж болно. Дашрамд дурдахад би Францын Food Assembly компанид 4 жил ажилласан. Монгол шимийн үйлчилгээний талаар  www.mongolshim.mn сайтаас мэдээлэл авна уу. Мөн хүмүүст мэдлэг ойлголт өгөх видеонуудаас дараах хаягаар орж сонирхох боломжтой  https://vimeo.com/115343682#at=2, https://vimeo.com/181482590, www.youtube.com/watch?v=zfqZ6Oi20f4, www.youtube.com/watch?v=s_0jnnPgJcw,  www.youtube.com/watch?v=EfDXzRamZFk

           -Ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Бизнест тань амжилт хүсье?

        -Монголчууд эх орондоо дотоодын чанартай бүтээгдэхүүнээ хэрэглэхдээ үргэлж бахархах ёстой гэж бид үздэг. Биднийг дэмжиж, хамтарч ажиллаарай гэж хүсмээр байна. Танд баярлалаа.

                                                    Г.Солонго                  

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0