21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Гадаадад үзэсгэлэнд тавигдаад эргэж ирээгүй соёлын өвийг эргүүлэн авчрахад анхаарна

2018 оны 10 сарын 25 нд

    Дуурь, бүжгийн эрдмийн теарт өчигдөр соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд уулзалдсан байна. Нийслэлийн соёл, урлагийн газар, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар хотын бүх музейн удирдлагууд болон холбогдох бусад байгууллагын төлөөлөгчдөд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Г.Мөнхцэцэг нар тус хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан "Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг танилцуулжээ.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос тогтоол гаргаж, тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөөд байгаа юм.

      Уг тогтоолд:

   -Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Музейн тухай, Киноны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх

      -Соёлын өвийг хамгаалах тухай хуульд Засгийн газраас батлахаар заасан журмыг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангах

      -Соёл, урлагийг дэмжих сан, Засгийн газраас баталсан соёлын хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардагдах санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлэх соёл, урлагийн салбарын санхүүжилтийг тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй байхаар төлөвлөж байх асуудлыг судалж танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгох зэргээр тусгасан гэжээ.

   Түүнчлэн Дуурь, бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театрын материаллаг баазыг бэхжүүлэх, музейн камержуулалт, үзмэрийн бүртгэл, ном, судрын хадгалалтад шаардлагатай зардал, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сангийн барилгын ажлыг дуусгах, Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Археологийн музей, Хүүхдийн төв номын сангийн шинэ барилга барих хөрөнгө оруулалтыг улсын төсвийн болон төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээс жил бүр, үе шаттай санхүүжүүлэх, үндэсний соёлын биет болон биет бус өв, түүх, соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалт газрыг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, гадаад дотоодод сурталчлах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тусгасан байна.

      Мөн хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгох үүднээс хүүхдүүдэд музейг үнэ төлбөргүй үзүүлдэг байх, хүүхэд, залуучуудын театр, хүүхэлдэйн театр, киноны хүрээлэн бүхий чөлөөт цагийн төв цогцолборыг байгуулах ажлыг эхлүүлэх, хилийн чанад дахь монгол хүүхдэд хэл, соёлоо өвлүүлэн үлдээх чиглэлээр гадаад, дотоодын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах, хууль бусаар улсын хилээр гарч алдагдсан, гадаад улсад үзэсгэлэнд тавигдаад эргэж ирээгүй музейн үзмэр, эд өлгийн зүйл, соёлын өвийг сурвалжлан олох, эргүүлэн авчрах талаар холбогдох байгууллагад чиглэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих, театр, музей, соёлын байгууллагын барилга байгууламж, газар, үл хөдлөх болон бусад хөрөнгийг бүртгэж, бүрэн бүтэн байдлыг хууль эрх зүйн хүрээнд судалж, баталгаажуулах ажлыг 2018 оны 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, тус Байнгын хороонд танилцуулахыг чиглэл болгожээ.

                                 Энэ талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс дэлгэрэнгүй мэдээллээ.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0