21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“АЛУНГОО-2018” оны эмэгтэйгээр 39 жил талбайн цэвэрлэгчээр ажилласан бүсгүй тодорлоо

2018 оны 12 сарын 21 нд

      Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ жил анх удаа хөдөлмөрлөхийн сайхны үр шимийг өөрсдийн нөр их хичээл зүтгэлээр бий болгож, нийгмийг соён гэгээрүүлэх, үлгэрлэн манлайлах үйл хэрэгт тууштай, хичээнгүй, үнэн цагаанаар түүчээлж ирсэн салбар, салбарын шилдэг эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлэх, үйл хэргийг нь олон нийтэд сурталчлан таниулах, үлгэр жишээ үзүүлэх зорилгоор оны эмэгтэйчүүдийг шалгаруулан урамшуулах “Алунгоо-2018” наадмыг өчигдөр /2018.12.20/ амжилттай зохион байгууллаа.

    Энэхүү ёслолын ажиллагаанд 350 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж “Алунгоо-2018” цомын эздээр тодорсон шилдэг 13 эмэгтэйн амжилт ололт, баяр бахархалыг хамтдаа хуваалцсан юм.

     “Алунгоо-2018” цомыг тэргүүн эгнээнд гардаж авсан хүн бол Нийтийн аж ахуйн салбарын оны эмэгтэй Б.Нарантуяа байв. Тэрбээр 16 наснаасаа эхлэн өнөөг хүртэл 39 жилийн турш нийслэлийн иргэдийг цэвэр цэмцгэр орчинд ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлж, Улаанбаатарчуудыг унтаж байхад үүрийн гэгээнээс, үдшийн бүрий тасартал зам талбай цэвэрлэх, арчлах амаргүй бөгөөд эрхэм үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж иржээ.

Оны малчин эмэгтэй – Д.Хорлоо. Тэрээр сүү цагаан идээ боловсруулах өөрийн арга технологиороо бусдыг манлайлсан, тэргүүний туршлагтай малчин юм.

Уул уурхайн салбарын оны эмэгтэй – А.Болормаа. Тэрбээр цахилгаан усаар нэвчүүлэгч оператор мэргэжилтэй. Энэ чиглэлээр 33 жил ажиллаж байгаа салбарынхаа шидэг эмэгтэй. Эрдэнэт үйлдвэрт Цахилгаан усаар нэвчүүлэгч мэргэжлээр олон жил ажиллахдаа өөрийн ажиллуулдаг тоног төхөөрөмжийн үр бүтээмжийг дээшлүүлэх санал санаачилгыг дөрвөн удаа дэвшүүлж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Тэрээр жил бүрийнхээ ажлын төлөвлөгөөг 103-105 хувиар давуулан биелүүлдэг ажээ.

Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй – О.Сэргэлэн. Хүний их эмч мэргэжлээр тус салбартаа тасралтгүй 35 жил ажилласан. Тэрээр Монгол Улсад төдийгүй олон улсад үнэлэгдсэн дэлхийн энэтэй чадварлаг эмч юм. УНТӨ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор, МУ-ын гавьяат эмч тэрээр “Эрүүл мэндийн салбарын 80 гаруй хувийг эмэгтэй эмч мэргэжилтнүүд эзэлдэг. Тэдний дундаас энэхүү нэр хүндтэй шагналыг хүлээж авч буйдаа баяртай байна. Бид хойшид ч эрүүл энхийн манаандаа соргогоор зогсох эрхэм үүргээ хариуцлагатай биелүүлсээр байх болно” хэмээн хэлсэн юм.

Иргэний нийгмийн салбарын оны эмэгтэй – Д.Мөнхөө. Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн, төр нийгмийн зүтгэлтэн тэрээр сумын эмчээс ажлын гараагаа эхлэн ЭМЯ-ны орлогч сайд, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүнээр сонгогдон олон түмний итгэл хүлээж явсан төрийн түшээ, эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан түүхтэй. Тэрээр “Энэ их хүндтэй шагналыг гардуулсан МЭХ, түүний тэргүүлэгчдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Монгол гэр бүл, эхчүүд эмэгтэйчүүд бүгдээрээ гэр бүлийн сайн сайхны төлөө хамтын хүчээр зүтгэхийг уриалж байна” гэв.

Боловсролын салбарын оны эмэгтэй – Ц.Тунгалаг. Тэрбээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад арга зүйч багшаар 40 гаруй жил ажилласан. “Энэ том нэр төртэй шагналаар шагнуулж Монголын мянга мянган багш нарын төлөөлөл болсондоо үнэхээр их баярлаж байна. Бид 42 жил хүүхдийн цэцэрлэгт ажиллаж, өнөөдөр ч ажлаа хийж байгаад л наашаа гарч ирлээ. Манай Налайх дүүргийн Эмэгтэйчүүдийн байгууллага өөрийн салбар зөвлөлийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдийн цэцэрлэгийг үнэ төлбөргүйгээр нээн ажиллуулна. Тэр ажилд шагналын мөнгөнийхөө 50 хувийг буюу 500 мянган төгрөгийг хандивлахаа нэр төртэйгөөр зарлаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Аж үйлдвэрийн салбарын оны эмэгтэй – С.Алимаа “Кашмер Холдинг” ХХК-ийн ерөнхий дизайнер, хөгжил хариуцсан захирал тэрээр механик инженер, загвар зохион бүтээгч мэргэжлээр салбараа манлайлж олон томоохон наадмуудаас удаа дараа тэргүүн байр эзэлж байжээ. Харин энэ өдөр ийнхүү оны эмэгтэйгээр тодорч “Манай Кашмер Холдинг компани хуучнаар бол ээрмэлийн үйлдвэр юм. Би энэ мэргэжлээрээ сургууль төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл энд ажилласан. Өнөөдөр МЭХ-ноос надад өгсөн энэ нэр хүндтэй шагналыг очийг үйлдвэрийнхээ эмэгтэйчүүдэд хүргэн, өгч гал болгон бадраах болно. Бид 900 гаруй ажилтантай, түүнээс 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Тиймээс энэхүү шагналыг и маш бахархалтайгаар хүлээн авч байна” хэмээн хэллээ.

Соё урлаг, үндэсний өв соёлын салбарын оны эмэгтэй – З.Цэнгэлсайхан. Уран хатгамлын өв соёлын түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэрээр хүний их эмч мэргэжилтэй, уран хатгамалчдын дэмжигч “Эгнэшгүй санаа” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. МУ-ын уран хатгамалч, үндэсний хэмжээний сургагч багш юм. Уламжлалт соёлын өвийг ур чадварын өндөр түвшинд өвлүүлэн үлдээхээр судалж, шинэ технологиор баяжуулан хөгжүүлж байгаа урлаач З.Цэнгэлсайхан багш шагналаа гардаж аваад “Соёлын өвийг бидэнд үлдээсэн өвөг дээдэстээ таархал илэрхийлье” хэмээн онцлон хэлсэн юм.

Спортын салбарын оны эмэгтэй – Г.Угалзцэцэг. Хүнс технологийн дизайнер мэргэжилтэй ч бие бядрын спортоор хичээллэн, тамирчин дасгалжуулагч болж хөгжсөн. Бодибилдинг, фитнесийн спортоор Монголд төдийгүй дэлхийн аваргын дэвжээнээ онцгой амжилтыг үзүүлсээр буй тэрээр ДАШТ-ээс өдгөө дөрвөн удаа алтан медаль хүртээд байна. Нөр их хөдөлмөр хичээл зүтгэл, хатуужил, тууштай чанараа дэлхийн түвшинд харуулж чадаж буй энэ бүсгүй “Би дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 12-р арын 19-ний өдөр ирсэн. Гэхдээ ийм нэр хүндтэй шагнал авна гэж төсөөлөөгүй. Үнэхээр их догдолж баярлаж байна” хэмээн хэлээд дараачийн арга хэмжээндээ яаран одсон.

Оны тариаланч эмэгтэй – Т.Баярхүү. Агрономич мэргэжилтэй. Энэ чиглэлээр 35 жил ажиллаж байгаа тэрбээр 2008 оноос эхлэн өвлийн хүлэмжид гүзээлзгэнэ тарьж нутагшуулан 2012 оноос зах зээлд нийлүүлсэн туршлагатай агрономич юм. “Алунгоо хэмээн нэрлэгдсэн энэ сайхан хүндтэй шагналыг авсандаа маш их баяртай байна” гэв.

Бизнес эрхлэгч оны эмэгтэй – Д.Долгормаа. Дархан-Уул аймгийн Орхон сумын зөгийчин, 30 гаруй жил ажиллаж буй арвин их туршлагатай. Зөгийн аж ахуй эрхлэхээс гадна 1990 оноос хойш төмс хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуй ч эрхлэх болсон байна. Өдгөө 60-120 бүл зөгийг өсгөн үргүүлж, амтат бал эко хүнсээр олон түмнээ хангасаар байна. 2002 онд Орхон суманд зөгийчдийн холбоо байгуулж, 170 гаруй хүнийг сургалтад хамруулсан бол, 60 гаруй шавь сургаж, дадлагажуулжээ.

Хэвлэл мэдээллийн салбарын оны эмэгтэй – Э.Энэрэл. “Чөлөөт эмэгтэйчүүд” телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч-орчуулагч мэргэжлээр 20 гаруй жил ажилласан. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон нийтлэл бүтээл туурвисныг нь үнэлж энэхүү шагналыг олгожээ. Тэрээр “Дэлхийн эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрхийн төлөө эвлэлдэн нэгдэж, хөдөлгөөн болж ажиллаж эхэлсэн нь 100 гаруй жилийн түүхтэй. Дэлхийн эмэгтэйчүүдтэй энэ зэрэгцэн Монгол бүсгүйчүүд 94 жилийн тэртээ анх эвлэлдэн нэгдэж МЭХ гэдэг том байгууллагыг байгуулжээ. Ийм том байгууллагын нэр хүндтэй шагналыг хүртсэндээ маш их баярлаж байна. Эмэгтэйчүүд бид хүчирхийлэлгүй нийгмийн төлөө, хүүхэд хамгааллын төлөө дуу хоолойгоо нэгтгэн илүү далайцтай ажиллах шаардлагатай цаг үе ирсэн. Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө хойшид ч хичээн ажиллах болно” хэмээн хэлсэн.

Шинжлэх ухаан, инновацын салбарын оны эмэгтэй – Тархан суурьшсан Монголчууд ТББ-ын Тэргүүн Ц.Санчир. Тэрээр Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр сүүлийн 15 жилийн хугацаанд 30 гаруй улсын 300 гаруй хот сууринд монгол судлалын чиглэлээр судалгаа хийн Ил хаадын үеийн хосгүй үнэт, ховор дурсгалуудаас 5 төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг сонгон “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” судалгааны бүтээлийг перс, англи, монгол хэл, бичгээр хэвлүүлж, Монгол Улсын их түүх, соёлыг дэлхий дахинаар сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

      Ийнхүү Монголын эмэгтэйчүүдийн холбоо жил бүр салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүдийг шалгаруулах уламжлал тогтоож буйгаа зарлалаа.

      Түүнчлэн тус холбоо 93 жилийн түүхтэй “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийг шинэчлэн хэвлэж, олон нийтийн хүртээл болгож буйгаа мэдэгдэн сэтгүүлийн тусгай дугаараар хүрэлцэн ирсэн зочид бүрт бэлэг барилаа.

      Үеийн үед Монголын эмэгтэйчүүдийн соён гэгээрлийн түүчээ болж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, тухайн нийгэм, олон нийтийг боловсруулах, бүсгүйчүүдийн эрхийг дээдлэх, жендрийн тэгш байдлыг бий болгох үйл хэргүүдэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн энэ сэтгүүл ийнхүү 94 жилийнхээ ойн босгон дээр дахин мэндэллээ. “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл хойшид сар тутам хэвлэгдэн гарах ажээ.

Ю.Шүрэнцэцэг.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0