21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 01 сарын 25 нд

Монголын эмэгтэйчүүдийн холбооны 2019 оны Ерөнхий зөвлөлийн ээлжит хурал өчигдөр Чингис зочид буудалд зохион байгуулагдлаа. Энэ хурлаар тус холбооны өнгөрсөн жилийн ажлын үр дүнг хэлэлцэж, 2019 оныхоо ажлыг үр бүтээлтэй оновчтой төлөвлөх, тэдгээр ажлуудын нийгэмд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар хэлэлцсэн.

Уг арга хэмжээнд аймаг, нийслэл, дүүргүүдээс гишүүн байгууллага болоод орон нутгийн нийт 120 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн шинээр сонгогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, хойшид хэрэгжүүлэх зорилтын тухай илтгэлийг сонссон юм.

Түүнчлэн МЭХ-ны хяналтын хорооны дарга И.Гэрэлмаа тус хорооны тайланг нийт төлөөлөгчдөд танилцууллаа.

Үдээс хойших хурлаар МЭХ-ны гүйцэтгэх захирал Я.Ариунзул, гишүүн байгууллагуудын тайлан, ажлын үр дүн, МЭХ-ны 2019 онд хийж хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөлбөрүүд, бусад төлөвлөгөөт ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бол МЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа Стратеги, бодлогын баримт бичигт оруулах нэмэлт өөрчлөлтүүд болоод, шинээр тусгах шаардлагатай бусад асуудлуудын талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

2018 оны үйл ажиллагааны нэгдсэн дүнгээр Х.Даваахүү даргатай Завхан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, К.Майрагүл даргатай Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Н.Хандмаа даргатай Өмнөговь аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Ч.Уранчимэг даргатай Ховд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл тус тус шалгарсан.

Мөн энэ үеэр “Хүмүүнлэгийн сайн үйлстэн” номинацийн эзнээр “Шинэ хос-Номин оюу” ТББ-ын дарга Ц.Минжээ тодорсон бол, “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийг захиалахад хувь нэмэр оруулсан байдлыг нь үнэлж, “Эрдэнэт” үйлдвэрийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга З.Жаргалмааг, “Тэргүүний анхан шатны нэгж байгууллага”-аар Ж.Цэнгэл даргатай Налайх дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлийг шалгаруулан шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: МЭХ



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0