21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ХОЙМОР НУТГИЙН ХИЙМОРЬ ТЭТГЭСЭН БУЯНТ СҮРГИЙН ЭЗЭД

2019 оны 02 сарын 21 нд

      “AYANAGA.MN” сайт Хөвсгөл аймгийн хойд бүс, Чандмань-Өндөр суманд ажиллаж, хоймор нутгийн хөдөлмөрч түмний аж амьдрал, мал маллах арга ухаан, үүх түүх, амжилтаас сурвалжиллаа.

      Ийнхүү Хөвсгөл нутгийг онцлохын учир өнгөрөгч 2018 онд Хөвсгөлийн хөдөлмөрч малчид 5 сая 709 мянга 892 мал тоолуулснаараа улсдаа тэргүүлсэн юм. Мал сүргийнхээ тоогоор энэ жил Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг сумд аймагтаа хошуучилсан бол, 2012 он хүртэл Хөвсгөл аймаг улсад 10-аад жил тэргүүлсэн түүхтэй.

     Мөн энэ жил Чандмань-Өндөр сумын малчин түмэн ч чамгүй амжилтаар шороон гахай жилээ угтан ажил үйлсээ үнэлүүлжээ. Шороон гахай жилийн хаврын тэргүүн сард тус сумын Улаан-Асга багийн нутаг Хонгорын мухар хэмээх газарт өвөлжиж буй МЯНГАТ МАЛЧИН Р.Отгонбаярын хотонд дөрөө мулталлаа.

  

     Багийн засаг дарга Д.Гал-Эрдэнэ бидэнд газарчилж “шинэхэн мянгатын” хотонд хүргэх зууртаа “Манай баг энэ жил 15,563 толгой мал тоолууллаа. Ойрын жилүүдэд цас бага унаж, цаг агаар тогтуун сайхан өвөлжиж байна. Малчид маань ч нөр их хөдөлмөрийнхөө үр шимээр малаа дөрвөн төрлөөр сайхан өсгөж “Мянгат малчин”-аар Р.Отгонбаяр, “Аймгийн сайн малчин”-аар Д.Болормаа, “Сумын сайн малчин”-аар С.Баяраа, “Шилдэг залуу малчин”-аар Ц.Мөнх-Эрдэнэ нар шалгарсан. Улаан-Асга багийн маань нийт мал сүрэг өмнөх оныхоос 2488 толгойгоор өссөн чамгүй амжилтаар Гахай жилээ угтлаа” хэмээн хэлсэн юм.

 

Улаан асгат багийн МЯНГАТ МАЛЧИН Р.Отгонбаяр:

ИЛДЭН ЦАГААН УУЛАНД ЯМАА БЭЛЧЭЭХ НЬ ХӨРСӨНД ХАЛТАЙ

    -Сар шинийн босгон дээр МЯНГАТ МАЛЧИН болж сум орныхоо нэрийг өндөрт өргөн, өөрсдийн хүч хөдөлмөрөөр бусдад үлгэрлэсэн танай гэр бүлд баяр хүргэе. Танайх нарийн мал олонтой, ямаагаа түлхүү өсгөжээ. Энэ малын онцлог, газар усны зохицлын талаар бидэнд ярьж өгнө үү?

     -Гялайлаа. Ямаа бол хөдөлгөөн ихтэй, бэлчээрийн сорыг хөөж явдаг мал юм. Хониноос түрүүлж хөдөлдөг, хатуу туурайтай мал учраас бэлчээр талхлах гэмтэй. Тиймээс хад асгатай газар л ямаа зохицно. Хэрэв илдэн цагаан ууланд ямаа бэлчээвэл маш амархан гишгэдэл болно шүү дээ. Тиймээс бид бусад малынхаа бэлчээрийг талхлахгүйгээр хад асгатай бэлчээр дагуулж хонь ямаагаа малладаг. Манайх энэ өвөлжөөнд буугаад 11 жил болж байна. Үнэхээр ээл ивээлээ хайрласан сайхан нутаг. Хонгорын мухар нэртэй энэ газар ар талаараа “Найман овоот” гэж нутгийн олны шүтлэг тахилгатай, найман овоотой сайхан уултай. Урд талаараа харз устай. Та харж байгаа байх, Хонгорын уул хад асгатай учраас ямаанд зохимжтой юм.

      -Бод малын тухайд нарийн малтайгаа зэрэгцүүлээд өсгөх боломжтой юу. Малаа өсгөөд явахад эдийн засгийн хувьд дутагдах гачигдах нь бага биз?

      -Манай хязгаар нутагт бэлэн мөнгөний эргэлт хомс л доо. Гэхдээ өдөр тутмын амьжиргаанд хангалттай байлгүй яах вэ. Мал бол монгол хүний амьдралын эх үүсвэр. Монголчуудын амьдралын хэв маяг, уламжлалт аж ахуйн онцлог нь малчин хүн цаг хугацаа, өөрөөл бусдын ая данд баригдахгүй, харин малынхаа бас байгаль дэлхийн ааш аягт тааруулж хоногийн эргэлтэндээ зохицож амьдардаг онцлогтой. Манайх одоогоор зуугаад үхэр, хоёр азарга адуутай. Бод малыг нарын малтай зэрэгцүүлж, олноор өсгөх хэцүү. Аль нэгийг нь дагнах нь дээр байна.                  -Үүрийн шөнөөс үдшийн бүрий тасартал хөдөлмөрлөдөг малчин хүний аж амьдралын хүртээмжид хүн бүл их чухал. Танайхан мал ахуйгаа ямар бүлээр маллаж байна вэ?

     -Хоёр залуу туслах малчин, ах дүү нар маань бие биедээ тустай явдаг аа. Ямаа самнах үеэр нутгийн залуусаа ажиллуулж, зохих ёсны хөлс хөдөлмөрийг нь үнэлнэ. Хамгийн их ажил хавар ямаа самнах үеэр өрнөнө дөө. Манайх таван хүүхэдтэй, хүүхдийн тус гэдэг багаддаггүй. Түүнчлэн миний хань Д.Далайцэцэг үр хүүхдүүдээ өсгөх, мал ахуй, ар гэрийн бүхий л ажилд хүртээмжтэй, хөдөлмөрч сайхан бүсгүй байна даа.

     -Жилийн жилд, өвлийн өвөлд ийм хахир хүйтнээр /шөнөдөө -47 хэм байв/ мал дагаж амьдарна гэдэг суурин газрын бидэнд халгамаар ... Гэтэл та “Жаргаж хийдэг ажил аа” гэх...

     -Уйгагүй хөдөлмөр л ордог. Ганц удаа залхуурах шантрах, зоргоороо амарчихъя гэх эрх малчин хүн байхгүй л дээ. Гэлээ гээд энийгээ бид хүнд хүчир гээд орхино гэж юу байх вэ. Бидний аж байдал, уламжлал, соёл шүү дээ.

      Энэ завшааныг тохиолдуулан төрөлх нутгийн зон олон ахан дүүстээ, Монголынхоо нийт ард түмэнд түмэн сүрэг маань бум бумаар арвижин, төгөлдөр их үйлс нь өөдлөн дэвжихийн ерөөл өргөе.

Ярилцсанд баярлалаа.

AYANGA.MN 

Редактор Ю.Шүрэнцэцэг

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 2
Эрдэнэ-Очир 
/ 2019-02-21 14:34:35 /
"Мянгат малчин" болсон гайхалтай хичээнгүй хөдөлмөрч гэр бүлдээ баяр хүргэе.
Чулуунбаатар 
/ 2019-02-21 14:19:54 /
Мундаг хөдөлмөрч ах эгч 2 болон сэтгүүлчид сайхан бүхнийг хүсье