21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Л.Мөнхнасан: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАХ БОЛОМЖ БИЙ

2019 оны 03 сарын 24 нд

        Дахин ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүний дэлгүүр гэх яриа сүүлийн үед сошиал орчинд давалгаалж байна. Энэ талаар судалж үзтэл байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлж, эх орондоо болон дэлхийд хувь хүний үзүүлж болох нөлөөг тодотгосон үйл ажиллагаа байв. Ингээд төслийн талаар тодруулахаар Хамтдаа Бүтээх Бидний Мөрөөдөл НҮТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Кориа их сургуулийн судлаач, профессор доктор Л.Мөнхнасангаас ярилцлага авсан юм.

-Dream project-2. Их өөдрөг нэртэй төсөл юм. Зорилго нь яг юу вэ?

-Өнөөдөр дэлхий дахинд 3R буюу Reuse (дахин ашиглах, сэргээн ашиглах), Recycle (дахин боловсруулах), Reduce (бууруулах) туршлагыг олон нийтэд түгээн таниулж, амьдралдаа хэвшил болгох үзэл хурдацтай түгэн дэлгэрч байна. Хаях гэхээр хайран, ашиглая гэхээр яг тодорхой хэрэгцээгүй эд бараа, материал хүмүүст байдаг. Бид тэдгээр эд зүйлсийг цуглуулж, засаж, цэвэрлэх, шошго наах замаар хэрэгцээтэй газар нь хямд үнээр худалдаалах, дахин хэрэглэх боломжгүйг нь өөр бүтээгдэхүүн хийх зэргээр ашиглаж “Мөрөөдлийн гэрэл” дахин ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүн худалдаалах эко дэлгүүртээ худалдаалах юм. Нэг удаагийн хэрэглээнээс бүрэн татгалзаж, шошгоо хүртэл дахин боловсруулсан цаасаар хийж байна. Америкийн GOOD WILL, Английн Oxfam, Солонгосын Beautiful store зэрэг дэлхийд алдартай сүлжээ дэлгүүрүүд яг ийм зарчмаар ажилладаг ба бид жишиг хувилбарыг Монголдоо тохирсон, систем, загвартайгаар бий болгохоор зориод ажлаа эхлүүлсэн. Гол зорилго маань байгальд ээлтэй амьдралын хэвшлийг олон нийтэд түгээн сурталчлах. Нэг ёсондоо тухайн бүтээгдэхүүнийг дахин сэргээн ашиглаж, эргэлтэнд оруулснаар байгалийн нөөцийг хамгаалах, хог хаягдлыг бууруулах байгальд ээлтэй хандлагыг бий болгож байна гэсэн үг.  Онцолж хэлэх нэг зүйл бол энэ бүх ажлыг хийх хүний нөөц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүд байх юм. Тэдэнд ажлын байр, тогтмол орлого бий болгож байгаагаараа төсөл маань ач холбогдолтой гэж хэлэх байна.

-Төслийн багаа танилцуулна уу? Та бүхэн ямар зарчмаар ажилладаг вэ?

-Төслийн Удирдах зөвлөл нь 8 хүнтэй, ихэнх нь БНСУ-д бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан. Биднээс 7 нь Солонгост мэргэжлээрээ, 1 нь эх орондоо ажиллаж байна. Төсөл эхэлсэн түүх Let’s Ko&Mong Network нэртэй солонгос-монгол оюутан залуусын нэгдлээс үүдэлтэй. Let’s Ko&Mong Network-ын тэргүүн Б.Урангоо маань Dream Project-1 төслийг санаачлан үр дүнд хүрсэн нь дараагийн төслөө үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Эхний төслөөрөө Улаанчулуутын хогийн цэгт амьдарч буй иргэдэд сайн дураараа тусалж байх үед энэ ажил маань хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээнд дасгаж байгааг анзаарсан. Тиймээс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжингээ байгальд ээлтэй, шинэ хандлага, соёлын эхлэлийг тавих нь зөв гэж шийдсэн юм. Аливаа ажил зохион байгуулахад албажуулах шаардлагатай учраас Let’s Ko&Mong Network (Хамтдаа Бүтээх Бидний Мөрөөдөл НҮТББ)-ыг үүсгэн байгуулж, одоогоор Солонгост 40 гаруй, Монголд 50 орчим сайн дурын гишүүдтэй болоод байна.

-Дэлхий даяараа эко хандлага руу хошуурч, хувь хүний нийгмийн хариуцлагын талаар ч их ярих боллоо. Төсөл нь нийгэмд эерэг нөлөө авчрах баталгаа нь юу вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хэт хэрэглээ, үйлчилгээний өсөлт, байгалийн нөөцийн хомсдол зэрэг нь дэлхийн улс орнууд оршин тогтноход эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхээр, хэрвээ яг энэ хандлагаар цаашид хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо 2 дахин давна гэж судлаачид үзжээ. Иргэн бүр ахуй амьдралаа “байгальд ээлтэй” хэв загварт шилжүүлэх шаардлагатайг НҮБ-аас уриалж эхэлсэн. Энэхүү уриалгын биелэл нь дээр дурдсан 3R-ын туршлага юм.

Хувь хүн өөрт илүүдсэнийгээ хэрэгтэй нэгэнд нь өгчихдөг, цэвэрлэх янзлах засварлах зэрэг техник ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйцэтгэх боломжтой байгаа нь өөрөө нийгэмд маш их эерэг хандлагыг авчирна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол Монголын бас нэг гол ажиллах хүч шүү гэдгийг батлан харуулж байгаа юм. Өөрт хэрэггүй л бол хаяж болно гэсэн ойлголтыг халж, байгалийн нөөц гэсэн үзлийг бүх нийтэд ойлгуулах гэж зорьж буй зорилго маань, хэдий хилийн чанадад амьдарч байгаа ч эх орныхоо төлөө хамтран ажиллаж болдгийг, иргэд өөрт илүүдсэн эд зүйлсээ авчраад өгдөг газар бий болж байгаа нь өөрөө соёл юм эдгээр нь  гол жишээ болох байх.

Бидний амьдралд хэрэглэж буй бүх зүйл байгалийн нөөц хамгийн энгийнээр бодоход л тухайн бүтээгдэхүүнийг хийхэд тог заавал хэрэглэнэ тогийг ялгаруулахад байгалийн нөөцийг ашиглана. Бид бүгдийн эргэн тойронд байгалийн нөөцийг ашиглаагүй ганц ширхэг ч эд юмс  байхгүй эргэн тойрондоо та нэг хараад үзээрэй энэ бүгдийг үйлдвэрлэхэд үндсэн материал нь байгалийн нөөц түүнээс гадна үйлдвэрлэхэд ус тог цахилгаан хэрэглэнэ цаашлаад үйлдвэрлэх явцад ялгарах хорт хийнүүд, тоосонцрууд бусад хүний үйл ажиллагаа нь дэлхийн дулааралтыг бий болгоод байгаа шүү дээ энэ нь дахиад цаашаа шууд бусаар нөлөөлж элдэв байгалийн гамшигт үзэгдэл, хүний эрүүл мэндэд ч нөлөөлдөг.

-Хуучин зүйлийг дахин ашиглах нь зөв гэж хэлээд байна уу та?

-Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэх давтамжийг багасгаснаар хог хаягдлыг бууруулж байгалийн нөөцийг хамгаалахад тус дэм болж байгаа юм. Энэ ажил маань байгальд шууд мэдэгдэхүйц өөрчлөлтийг богино хугацаанд авчрахгүй ч хүн бүр энэ хэвшилд хүрч чадвал амьдарч буй орчноо, нийгмээ эрүүл байлгах бүрэн боломжтойг баталж чадна. Өнөөдөр дэлхийн хүмүүсийн гол асуудал байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт л байна шүү дээ. Саяхан BBC-ээс мэдээлэхдээ хувцас үйлдвэрлэл бол газрын тосны дараа орох байгальд хамгийн хѳнѳѳлтэйг баримтаар дурдсан байсан.

-Төслөө хүмүүст хэр ойлгуулж чадаж байна вэ?

-Жишээ нь, бид монголчууддаа хандаж дахин хэрэглээ нь байгаль орчинд ээлтэй, байгалийн нөөцийг хамгаалахад ач тустай гээд ярихаар их гайхдаг. Тархинд өнгөц орж ирэх мэдээллээр хангагдаад, нөлөөлөх чиглэлд сайн ойлгодоггүй. Тийм болохоор нэг бүрчлэн тайлбарлаж өгдөг. Гэтэл гадны оронд томчуул бүү хэл хүүхдүүд ийм зүйлсийг багаасаа мэддэг болчихсон байдаг. Төлөвшил, хандлагын ялгаа анзаарагддаг шүү. Одоогоор Монгол оронд комиссын бараа, хуучин эд зүйлс хэрэглэхгүй гэсэн ойлголт түлхүү байгаа. Тэгвэл бид энэ ойлголтыг л өөрчилж, дахин хэрэглэж, эргэлтэнд оруулснаараа байгаль орчиндоо ээлтэй байж цаашлаад мөнгөө хэмнэх олон ач тустайг л иргэдэд ойлгуулж, хэвшүүлэх гээд л байна. Магадгүй бидний эхлэлд саад бэрхшээл их л гарах байх. Харин тодорхой цаг хугацааны дараа нийгэмд зөв зүйлийг хэвшүүлсэн нь харагдах болно. Бас нэг жишээ дурдахад, хувцас загварын H&M, GUESS гэх мэт брэндүүд өөрсдийн хуучин хувцсаа худалдан авч дахин ашиглах чиг хандлага руу шилжиж байгаагийн зорилго нь нөгөө л миний дээр ярьсантай адил шүү дээ.

-Төслийн мэдээллээс харахад санхүүжилтийн хувьд хандив, тусламжаас бүрдээд байх шиг. Танай үйл ажиллагаа хэр зэрэг “шилэн” бэ?

-Бид санхүүжилтээ бий болгохдоо тухайн хүнээс мөнгө авахыг урьтал болгоогүй. “I Love Mongolia” футболка гаргаж зарах, Солонгост Монгол номын “Book Bazaar” зарлах, Монголд үйлдвэрлэсэн гар урлалын бүтээгдэхүүн худалдаалах,  зэргээр хөрөнгө босгож байна. Хэрэв тухайн хүн өөрөө хүсвэл бэлэн мөнгөөр хандив өгч болно. Харин дэлгүүрт зарж байгаа бараа бүтээгдэхүүнийг бид 100% хандиваар бүрдүүлсэн. Асуудлын гол нь энэ их ажилд бид бэлэн юм шаардалгүйгээр, өөрсдийн хүч хөдөлмөрөө шингээсэн юм.  Дэмжлэг үзүүлсэн хүмүүсийг тухай бүрт онлайнаар нээлттэй зарлаж байгаа. Удахгүй вэб сайттай болж орлого зарлагын бүх мэдээллээ нээлттэй нийтлэхээр төлөвлөсөн.

-Төсөл хэрэгжүүлэх хугацаанд сайн, саар янз бүрийн тохиолдлууд гарч байгаа байх. Сургамж авмаар ч юм уу, эсвэл нийтэд хандаж анхааруулж хэлмээр зүйл юу байна?

-Яг эзэндээ очих уу, та нар яг юу хийж чадах юм, ийм ажлууд зөндөө л байдаг гэх мэт үл тоох хандлага их ирснийг нуугаад яахав. Эхний дэлгүүр маань нээгдчихлээ энэ бол тэдэнд хэлэх хариулт. Хамтдаа бүтээж байгаагийн баталгаа. Бид салбар дэлгүүрээ аймаг бүрт нээхээр төлөвлөөд ажилдаа орцгоосон. Төслийн явцад хувиасаа хоол, унааны зардал гаргадаг, 48 цаг нойргүй ажиллах зэрэг нь хэвийн үзэгдэл болж байна даа /инээмсэглэв/. Багийн гишүүн бүр тусдаа ажил төрөлтэй ч эх орныхоо хөгжлийн төлөө нэгдэж, эх орондоо сайн зүйлийн эхлэлийг тавихыг хичээцгээж байна.

-Хамтарч ажиллахыг хүссэн хүмүүст юу гэж хэлэх вэ?

-Танд илүүдсэн бүх зүйл байгалийн нөөц гэсэн нүдээр харж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр ажиллах гол хүч шүү гэдгийг л дахин дахин ойлгуулж, уриалах гэсэн юм Мөн төслийн тухай мэдээлэлд ач холбогдол өгч, сайтар танилцахыг хүсч байна. www.facebook.com/dreamprojectmongolia, www.facebook.com/muruudliingerelekodelguur пэйж хуудсаар зочлоорой.  Сүхбаатар дүүрэг, 13 хороо, Нуурын 9-13 буюу Дэнжийн мянгаас 32 тойрог явах замд 57 автобусны буудал чанх урд, 2 давхар шилэн байшинд байгаа дэлгүүрт очиж сонирхоорой. Асуух зүйл гарвал 98897525 дугаарт холбогдоорой.

Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0