21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Г.Гүнжидмаа: МҮОНТВ-ээр өчигдөр орой гарсан нэвтрүүлгийн дагуу гомдол ирсэн

2019 оны 06 сарын 06 нд

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

       -МҮОНТВ-ээр өчигдөр Ц.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг олон нийтэд ил болголоо. Үүнийг ёс зүйн алдаанд тооцож үзэж ёстой гэх хүмүүс байна. Танай байгууллага энэ асуудлыг авч хэлэлцэх үү?
      -Өчигдөр орой гарсан “Үзэл бодол” нэвтрүүлгийн мөрөөр өнөө өглөө Хэвлэл мэдээллийн зөвлөлд иргэнээс гомдол ирсэн. Иргэд өөрсдөө хэвлэл мэдээллээр гарч байгаа сэтгүүл зүйн бүтээлд шууд хяналт тавьж ажиллах нь сэтгүүл зүйн контентын чанарыг сайжруулах гол механизм болж байгаа юм. Бидэнд төрийн биш иргэдийн хяналт ийм чухал. Түүнээс иргэдээс гомдол ирээгүй байхад Хэвлэл мэдээллийн зөвлөл өөрсдөө санаачилж, гомдлын хэрэг үүсгэн ажилладаггүй.

      -Иргэд энэ агуулгад ямар үндэслэлээр гомдол гаргав?
     -Иргэд “энэ бол хүүхдийн хувьд маш хүнд агуулга сэдэв байлаа. Гэртээ үзэж байсан эрчүүд нь үзэж чадаад, хүүхэд эмэгтэйчүүд маш их цочирдож хүлээж авлаа” гэсэн. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн зарчимд хүүхдийг хамгаалсан хэд хэдэн заалт бий. Хүүхдийг хэвлэл мэдээллээр хэрхэн гаргах вэ, хүүхдийн сэтгэл санаанд хүндээр нөлөөлөх, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлөх агуулгад мэдрэмжтэй хандах ёстой гэсэн заалтууд бий.

       -Танай дээр гомдол очсон юм байж. Одоо ямар үйл ажиллагаа явагдах вэ?

    -Бид гомдлыг хүлээж авсан. Одоо тухайн нийтлэл, нэвтрүүлгийг цацсан редакц руу хандаж, байр суурийг нь асуудаг. Бид хувь сэтгүүлч рүү ханддаггүй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд зааснаар хариуцлагыг тухайн редакц хүлээх ёстой. Редакцаас хариу тайлбар авах нь нөгөө талын байр суурийг сонсох боломж юм. Редакц “бид ёс зүйн хэм хэмжээнд ажилласан, энэ бол нийтийн мэдэх эрхийн асуудал” гэх мэтээр тайлбараа өгөх нь бид тухайн хэргийг хоёр талын байр суурьтайгаар харахад ихээхэн дөхөм болдог.

     Редакцын тайлбар ирсний дараа, шаардлагатай бүх баримтыг цуглуулж тухайн агуулга ёс зүйн код зөрчсөн үү үгүй юу гэдгийг Радио, телевиз хариуцсан ёс зүйн хороо хуралдаж шийдвэрлэнэ.

       -Хуралдаан нь хэзээ болох вэ?

     -Ёс зүйн хорооны хурал улиралд нэг удаа болдог. Энэ удаад зургаадугаар сарын 20-доос хойш болно. Гэхдээ энэ удаагийн гомдлын дагуу бид редакцаас хариу тайлбар авна, шаардлагатай материалуудыг цуглуулж, хуралд бэлтгэнэ гээд хугацаа нэлээд шаардагдана. Тиймээс энэ удаагийн хурлаар хэлэлцэгдэж амжихгүй болов уу.

      -Хүүхдийн эрхийг хамгаалсан ёс зүйн кодууд байдаг гэлээ. Саяхан есөн настай охин амиа алдсан талаарх мэдээллийг хохирогч охины зургийн хамт гаргасан. Энэ ёс зүйн код зөрчсөн тохиолдолд орох уу?

      -Энэ мэдээлэл тавдугаар сарын 1-нд цацагдсаны дараа тавдугаар сарын 3-ны өдөр манай зөвлөлд тухайн сумын төрийн албан хаагч, хохирогч хүүхдийн гэр бүлийг төлөөлж өргөдөл гаргасан. Суманд ажиллаж байгаа тэр иргэн мэдээлэл цацагдсан бүх сайт, телевиз гээд хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийг цуглуулсан байсан. Тэр иргэн ардчилсан нийгмийн төлөө, иргэдийнхээ төлөө тун сайн ажилладаг хүн юм байна даа гэж бодож байлаа. Ирэх долоо хоногт энэ гомдол хэлэлцэгдэнэ. Нийт 10 гаруй сайтад гомдол хаяглагдсан.

       -Сайтуудтай холбоотой гомдол нэлээд очдог юм байна. Зарим сайт огт хаяггүй байдаг. Энэ тохиолдолд та бүхэн яаж тухайн сайттай холбогддог вэ. Ийм асуудал бидэнд ч хүртэл тулгардаг. Жишээ нь, манай хөдөлмөр гаргаж хийсэн контентыг ямар ч хаяггүй сайт хулгайлаад нийтэлчихнэ. Эргээд холбоо барих гэхээр хаяг байхгүй. Энэ тохиолдолд яадгийг мэдмээр байна?

        -Бэрхшээл адилхан тохиолдож байна. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хувьд ширээний ард суугаад, юу дуртайгаа бичдэг сайтуудыг ил гаргах ажлыг хийж байна. Гомдол ороод ирж байгаа тохиолдолд бид ямар нэгэн аргаар холбогдоно. ХХЗХ, Хэвлэлийн хүрээлэн гээд байгууллагуудтай холбогдож байна. Тэгээд олж очно. Энэ нь нөгөө хүмүүст “би дураараа бичээд суугаад байж болохгүй юм байна, намайг хардаг шалгадаг газар байдаг юм байна, уншигч эрхийнхээ төлөө гомдол мэдүүлдэг юм байна” гэдгийг мэдэж байна. Энэ удаагийн 10 гаруй сайтад хаяглагдсан гомдол ч гэсэн бас хоёр нь ямар ч хаяггүй. Мөн бид албан тоотоор хариу авдаг. Энэ бол тухайн газрыг редакц байна гэдгийг илтгэж байгаа юм. Гэтэл “надад тамга байхгүй, би мэйл биччихье” гэх хүмүүс ч бий. Энэ бол мэргэжлийн сайтуудад халтай юм. Тиймээс бид “та хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа бол редакцтай бай, хариуцлага бүхий хаягтай байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол таныг мэргэжлийн редакц гэж үзэхэд хэцүү” гэдгийг хэлж байгаа юм. Үүнийг бид заавал хууль тогтоомжоор заахгүйгээр дотоод журмаараа, салбарын өөрийн зохицуулалт, салбар доторх уриалгаар зохицуулаад явах зүйл гэж харж байна.

        -Сэтгүүлчид өөрийн сошиал хуудсууд дээр сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулах боллоо. Хувийн сошиал аккаунт дээрх мэдээлэлтэй нь холбоотойгоор танай зөвлөлд гомдол гаргаж болох уу?

      -Энэ манай зөвлөлд хэлэлцэгдэж байгаа асуудал. Энэ бол нэлээд түгээмэл асуудал болоод байна. Сэтгүүлч хүн хоёр нүүртэй байж болохгүй. Телевизээрээ гарахаараа нэг нүүртэй, өөрийн сошиал хуудсанд өөр нэг нүүртэй байж болохгүй. Уншигч, үзэгчид аль нүүрэнд нь итгэх ёстой вэ. Сэтгүүлч хүнд хувийн амьдрал байж болно. Үүнийг нь хэн ч хориглохгүй. Гэтэл ажиллаж байгаа бүтээлтэйгээ холбоотой, эсвэл улстөрчид, компаниудын талаар нэр хүндэд нь халдсан, доромжилсон зэрэг нийтийн хамаарал бүхий сэдвүүд дээр хувийн үзэл бодлоо илэрхийлэх нь болохгүй зүйл юм. Тэгэхгүй бол сошиал медиа дээр иргэн, сэтгүүлч нь ялгарахаа байлаа. Эхний ээлжинд бид редакцын албан ёсны пэйж дээрх постуудтай холбоотой гомдлыг хүлээн авч эхэлсэн. Тун удахгүй сэтгүүлчидтэй холбоотой гомдлыг хүлээн авч эхлэх болно.

Жич: Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хорооны хурлын шийдвэр гаргалтад уншигчдын сэтгэгдэл нөлөөлөх магадлалтай гэж үзсэн тул сэтгэгдлийг хаав.

Эх  сурвалж: Сэтгүүлч О.Ариунбилэг | GoGo.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0