21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Цагдаа, хяналтынхан шалгаад ч Цэцэрлэгт хүрээлэн ХАР ЗАХ хэвээрээ л байна

2017 оны 06 сарын 17 нд

tsetserlegt hureelen

         Нийслэлийн иргэд машины утаанаас хол, ногоон байгууламжтай газарт гэр бүлээрээ салхинд гарч, амралт чөлөө цагаа өнгөрүүлэхээр том жижиггүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бараадах болсон. Гэвч жил бүр нэмэгддэг моддыг нь, цэвэр цэмцгэр орчныг нь, үр хүүхдээ алхуулах, дугуй машиныг нь унуулах зам талбай царайчлан очсон эцэг эхчүүд цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар ороод л сэтгэлд дундуур буцаж байна.

        Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орохын тулд юуны өмнө автомашин байршуулахаас асуудал эхэлнэ. Төрийн өмчийн, олон нийтэд зориулсан энэ байгууллага зогсоолоо үйлчлүүлэгчиддээ “зардаг”. Тодруулбал, нэг машин хоёр цаг нь 1000 төгрөг, хэрэв цагаасаа хэтэрвэл цаг тутамд 3000 төгрөгийн торгууль ноогдуулна. Мянгахан төгрөгөө төлөлгүй яахав гэж бодох хэдий ч өдөр бүр хүүхдээ салхилуулах гэж ирэхдээ ингээд л төлөөд байвал халаасан дахь хэдийгээ зогсоолд л зориулаад дуусах шинжтэй.

        Төлбөртэй зогсоолуудад машин сийрэг харагдаж, замын урд болон хойд талын нэгдүгээр эгнээгээр машинууд битүү байх юм. Явган хүний зам ч ялгаагүй, хүн алхахын эцэсгүй болтол нь машинуудаар дүүрчээ. Цэцэрлэгт хүрээлэнд ролик, дугуйгаа унах гэж ирсэн хүүхдүүд явган хүний зам дээгүүрээ ч явж чадахгүй, дайруулан алдаад л хэдэн машин тойрч яваа харагдана. Уг нь төрийн өмчийн газар болохоос, ашигтай ажиллах ёстой бизнесийн байгууллага биш тул ядаж л машины зогсоолоо орой үдэшдээ чөлөөтэй болгочихдог бол энэ хавийн түгжрэл багасч, нэгдүгээр эгнээ болон явган хүний зам эзэлсэн машинууд хумигдаж, эрсдэл багасна.

tsetserlegt hureelen

-ЧАНАР, БАТАЛГААГҮЙ ХҮНСНЭЭС НЬ ХҮН ХОРДВОЛ ЯАХ ВЭ-

         Хүүхдийнхээ дугуй, ролик зэргийг ачиж ирсэн машинаа энэ мэт асуудлуудыг үл ажран байршуулаад цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар орсон даруйд дараагийн асуудлуудтай нүүр тулна. Хэрэгтэй хэрэггүй бараа, хүүхэд хуурч анхаарлыг нь татах эрээн мяраан чанаргүй тоглоомнууд “нүүрэн дээр” байна. Усан буу, үрлэн сумтай буу, барби, сэлэм, онгоц, вагон, хөөс гээд л учраа мэдэхгүй хүүхдүүдийг уйлж унжиж, эцэг эхээ зовоох шалтгаануудыг эрийтэл өрж тавьсан байна.

         Цаашлаад эрүүл мэндэд хор болох хоол хүнсийг бужигнасан их шороон дунд ил задгай хийгээд л зараад байна. Дугуйн зам руу очих гэж нэг бүрийг нь 10 мянган төгрөгөөр зарах гэж утаа май болсон замыг туулна. Цаахантай нь мянган төгрөгийн ч шорлог байх л юм. Хуушуурнууд халиартай халиаргүйгээсээ шалтгаалаад 1000-1500 төгрөг байна, ундаа ус 1000-3000 төгрөг, халуун цай 1000 төгрөг, зайдас ороомог болон хөөсөн чихэр, зайрмаг тэргүүтэн мөн л 1000-3000 төгрөгийн хооронд худалдаалагдана.

           Саяхан энд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, МХЕГ-тай хамтран хяналт шалгалт хийж, зөвшөөрөлгүй чанар стандартын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа иргэдэд зохих журмын дагуу арга хэмжээ авсан гэх. Бодвол нэг удаа торгоод л өнгөрсөн байх. Гэвч өнөөдөр ч тэд худалдаа наймаагаа хийсээр байна.

            Зарим иргэд хоолоо олж идэх гэж ядаж яваа нэгнээ хөөлөө, торголоо гэх зэргээр шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ энд зарагдаж буй баталгаагүй, шалгалтгүй хоол хүнснээс хүмүүс хордох юм бол хариуцлагыг нь хэн хүлээж, хэн эрүүл мэндээрээ хохирч үлдэх вэ?'

tsetserlegt hureelen

-МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ГАЗАР МЭТ-

         Арай гэж чанаргүй тоглоом, эрүүл бус хоол хүнсний утаа майтай хэсгээс гарч, халаасан дахь хэдэн төгрөгөө хүүхдийнхээ гуйлт, шаналгаагаар хугасалсан эцэг эхчүүд мөрийтэй тоглоом, бооцоотой наргианы үе рүү шууд шилжинэ.

         Энд хүүхдүүдэд мөн л эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь үл мэдэгдэх ролик унуулж, дугуй машин тэрэгхэн 2-3 минут унуулан хэдэн төгрөг авна. Энэ хавьд бага насны хүүхдүүдийг тэвэрч л явахгүй бол газраар явуулбал хаанаас ч юм нэг гэрэл ассан машин, удирдлагагүй болсон дугуй ирээд мөргөчих янзтай.

          Бас нэг хадаасыг гурван удаа цохиод хадаж чадвал 10 мянган төгрөг өгнө, бэлэн байгаа турникээс хоёр минут зүүгдэж чадвал 20 мянга, эсрэг рультай дугуйгаар ганцхан метр газар явбал 10 мянга, сагсны шийдэнд гурав шидэхдээ гурав оруулбал таван мянга, гурван сумаар гурван шаар хагалбал таван мянга, 3D бодит киног тусгай төхөөрөмжөөр үзэхэд хоёр мянга гээд л энд бооцоотой, мөрийтэй тоглоомын хөнгөн хэлбэрүүд цэцэглэчихэж. Улаан хөлтнийг урдуураа гаргахгүй “Эмэгтэй хүн зоригтой бол оёдлын машин нь өөрөө юм оёно, эр хүний хийморь лундаагаа сориод нэг үзээч” гэх зэргээр уран үгсээр тойглоно. Хараад зогсохоор даалгавар биелүүлж буй 20 хүнээс нэг нь ч чадахгүй юм, хүн бүр 2000 төгрөг гэхээр 15 минутын дотор 40 мянган төгрөг бусдаас ядах юмгүйгээр, хөдөлмөрлөхгүйгээр олж болж байна.

-ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОХИР ЗАВААН БАЙХ НЬ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН 
УНДНЫ УСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ-

          Энэ мэт хүнд ямар ч хэрэггүй юмаар цэцэрлэгт хүрээлэн маань дүүрчээ. Юун нөгөө гүйлтийн зам, дугуйн зам, сагсан бөмбөгийн сайхан талбай. Наана нь байгаа хар зах, тоглоомын газрыг барах гэж явсаар гэр бүлээрээ ядраад явах цаг болчихно.

           Гүйлтийн зам дээр цөөхөн хэдэн хүн л гүйж яваа нь харагдана. Уг нь цэцэрлэгт хүрээлэн гэдэг худалдаа эрхэлдэг газар огт биш, иргэд ажлаал ядаргаагаа тайлж, гэр бүл үр хүүхдүүдтэйгээ цэвэр агаар амьсгалж, тайван намуун, цэвэр цэмцгэр орчинд зугаалж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг байх ёстой. Өлсөж цангахыг үгүйсгэхгүй, нэгэнт л гэр бүлээрээ явж байгаа юм чинь эрүүл хоолоо бэлдэж ирээд ногоон байгууламжийн ойролцоо суугаад идэж болно. Хүүхэд залуус ч найз нөхдөөрөө ирж мөрийтэй тоглох биш гүйлтийн болон дугуйн зам, сагс воллейболын талбайг зориулалтаар нь ашигладаг байх ёстой. Хамгийн чанаргүй, хамгийн хямдхан тоглоомуудыг ч цэгцлэх нь зүйтэй. Гэр бүлүүд худалдаа хийх бол худалдааны төвийг, хоол идэх бол ресторан зоогийн газрыг зорьж болно. Харин цэцэрлэгт хүрээлэнд бол өөр...

         Тэгээд ч энэ орчим газар Улаанбаатар хотын усны их ундрага, нөөц оршдог тусгай хамгаалалттай онцгой бүсд багтдаг. Бохир заваан байх нь нийслэлчүүдийн ундны усны аюулгүй байдалтай шууд холбоотой. Гэтэл оройжин холхисон, идэж уусан, тоглож наадсан хүмүүсийн хог маргааш өглөөжин, өдөржин хөглөрнө. Цэцэрлэгт хүрээлэн гэсэн том нэрэндээ зохицоогүй энэ төрийн өмчийн газар арилжааны наймааны газар мэт аашлахаа хэзээ зогсоох бол?

Б.ГЭРЭЛ

tsetserlegt hureelen

tsetserlegt hureelen

tsetserlegt hureelen

tsetserlegt hureelen

ЭХ СУРВАЛЖ: http://medee.mn/main.php?eid=94019



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0