21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ж.ДАВААДАМДИН: ОНГОДЫН ЦАГААН ХҮЛЭГ АМАА ХААШАА БУЛААЖ ДАВХИНА ТЭР ЗҮГТ НЬ ЖОЛООГОО ТАВЬДАГ ДАА

2019 оны 10 сарын 22 нд

 

 

Намрын уянгатай өдрүүд цаашилж буй цаг дор үе үехэн дуу аялан гэгэлзэж, үсээ илбэн, цувныхаа энгэр засан нааш цааш холхих онигор нүдтэй бор эрийн бүрх малгай нь шүхэр мэт элчтэй төөнөх намрын шаргал нарны туяаг халхлан магнайг нь сүүдэртүүлнэ. Хэнийг ч ялгалгүй найр тавин угтаж, ёс мэдэн мэндэлдэг зочломтгой зантай найрагч хүү бол Хоймор нутгийн ховор авьяастан. Ж.Даваадамдин ахын үг яриа бүр нь яруу, үйлдэл хөдөлгөөн бүр нь хөнгөн, санаж сэтгэхдээ өвөрмөц, санаа алдан гэгэлзэхдээ хүртэл уяхан юм. Басхүү найргийн мөрүүд шиг ээ цагаахан.  Тун удахгүй “Мөрөнгийн намар” уран бүтээлийн тоглолтоо Улаанбаатар хотноо үзүүлэх гэж байгаа. Түүний уран бүтээлийн тоглолтын бэлтгэл хангагдаж буй завгүй өдрүүдэд уулзаж ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дөрвөн улирлын нэгэн өнгө намар цаг таны онгодыг хэрхэн хөглөж байна даа.

-Сайн. сайн байна уу?. Намар гэдэг улирал өөрөө хүний сэтгэл бүү хэл араатан жигүүртэний хүртэл ааш араншинг хөдөлгөдөг, хөгөлдөг тийм долгионтой цаг хугацаа юм. Намрын тэнгэр дор Далай ээжийнхээ давалгааг харж долгисыг сонсож суух нь хүмүүний амьдралын нэгэн гэгээн агшин юм шүү дээ

... Буурал шаргал моддын цагаа элээсэн уйтгар

Буцах шувуудын зэл тэнгэрт татсан судалбар

 Бундан хонгор навчис нь газар аргадсан тайтгарал

 Буурал салхины үзүүр үнсэж ирдэг НАМАР ... энэ жилийн илүү сартай намрын ихэмсэг шаргал өнгө яагаад ч юм амар амгаланг авчираад байх шиг ээ.

 -Тун удахгүй “Мөрөнгийн намар” анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тийм ээ, МУГЖ Ч.Амаржаргалын ая дангаар дуун эгшиглэнд хувилсан “Мөрөнгийн намар”дууг минь, миний уран бүтээлийн эртний анд МУГЖ Л.Болдбаатар дуулаад хэдийнээ 3 дахь намраа үдэж. Ингээд өнөө жилийн өнгө тунамал урт намрын аяс аялагууг Мөрөнгийн намраараа чимэглэж, шүлгийн шад аа шүүдэр шиг хэлхсэн сэтгэлийн нандин бүхнээ баринтаглаж Монгол бөхийн өргөөнд 11 сарын 2-ны өлзий дэмбэрэл дор анхны бие даасан цэнгүүнээ өргөн барих гэж байна. Уг тоглолтод МУГЖ Л.Болдбаатар, Ө.Уянга, УВРТЮРА хамтлаг, МСТА Б.Батболд, О.Баянмөнх, Л.Чулуунбаатар, Т.Дэлгэрмөрөн, Г.Эрдэнэтунгалаг, Д.Хишигбар, Р.Дэлгэрмаа, Д.Амарсайхан, Ж.Солонго, Б.Буянжаргал, Т.Галсайхан, П.Бямбахүү, Я.Гэрэлчулуун, А.Хосбаяр, Э.Төрмандах, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Д.Найдандорж, Э.Чулуунчимэг, Э.Чинбаяр, Б.Эрдэнэхүү, Б.Гүрбадам, Д.Амартүвшин, Ц.Мөнхзул, Н.Эрдэнэсүх, Д.Баасанхүү, С.Төмөрбат нар дуулна. Тоглолтыг минь  аймгийн ИТХ-н дарга Л.Төмөрбаатар ах  санаачилж, дэмжиж, сэтгэлээ дэлгэж байгаад талархаж байгаа.

-Та төрсөн, өссөн нутаг, хүүхэд нас, аав ээжийнхээ тухай яриач?

-Би Хөдөө Монголын хөх очис

Хөвсгөл далайн цэнхэр эгшиг ...       дор морилон ирсэн хүний ганц хүү , хүлгийн цагаан тоос юм шүү дээ. Аав минь Заан Жамсран гэж, далайн захаар нутагтаа дархад зондоо нэртэй бөх хүн байлаа. ээж минь Тогооч Дулмаа гэж ард олон, хүүхэд багачууд хооллосон буянтай буурал байсан.  Энэ хоёр бурхны мутар дээр би гэдэг хүн нар зөв эрхэлж өссөн амны хишигтэй арвайн буудай нь билээ. Нанжин Хатгал хотын наран дэлгэр түмний үндэс үрийн үргэлжлэл нь. 3-р ангиасаа 10-р ангиа төгсөх хүртлээ аавынхаа алтан  сургаал, дэмээр Хатгал хотынхоо төрийн их баяр наадмын 6 насны морьдыг зуузай амраалгүй цоллодог хүү байсан.

-Анх яруу найрагт хэр татагдсан вэ, энэ замд алхан ороход хэн нэгэн хүн нөлөөлсөн үү. Хамгийн анх ямар нэртэй шүлэг бичиж байв?

- Гуравдугаар ангид байхдаа Жанжин Д.Сүхбаатрын төрсөн өдрөөр багш нартаа зориулж ханын сонин гаргадаг байлаа. Миний аавтайгаа хамт бичсэн АНХНЫ БАГШ шүлэг минь ангидаа түрүүлж тэр ханын сонин дээр гарч байсан.Энэ миний эхлэлийн шан татсан агшин байв.Тэгэхээр шүлэг, яруунайргийн анхны багш ААВ минь байсан. Тавдугаар ангидаа сургуулийнхаа ЦЭНХЭР СУВД яруу найргийн бүлгэмд элсэж, хэл уран зохиолын багш агсан Ч.Лувсандорж багшдаа шавь орсон юм. Энэ цагаас хойш өдгөө хүртэл 30 гаруй жил утга,уран зохиолд хайртай, тэмүүлж явдаг. Бас нэг мартагдахгүй дурсамж байдаг.

-Ямар дурсамж ?

Тэр цагийн Болор цомын эзэн Жирэмийн сүлжээ цуврал шүлгээрээ алдаршсанТангадын Галсан гуайд захиа бичиж хариу нь сар гаруй болж ирээд л... Лу багш / Ч.Лувсандорж / маань хөөрч сургуулиар нэг шуугиан тарьж билээ. /Инээв/

-Бага болон Их сургуулиа хаана дүүргэв ээ?

Зах зээлийн шилжилтийн эхлэл хамгийн хүнд цаг үед буюу 1993 онд Хатгал хотын 10-н жилийн дунд сургуулийг Ядамын Мөнхчулуун, Ядамын Чулуунбаатар гэж ах дүү 2 багшийн удирлага дор төгссөн. Тэр үед аав минь тэнгэр болоод / 8 - р ангид байх үед /ээж эгч бид 3, ээжийнхээ тэтгэвэрийн 5.000 төгрөгөөр амьдардаг байлаа. Ээж минь миний хүү хичээлээ л битгий хаяарай гэж үргэлж захидаг байсан. Учир нь тэр хүнд он жилүүдэд  хүүхдүүд сургуулиас их завсардсан. Ингээд 10-р анги төгсөх хавраа Улаанбаатар хотод очиж “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадамд оролцоод Үндэсний ТВ-ээр шүлгээ уншиж гарахыг ээж хараад баярлаад уйлсан гэдэг. Үүнийг эргэн бодоход сайхан дурсамж болон үлдэж дээ. /Санаа алдав/

1993 - 1998 он хүртэл ээжтэйгээ аавынхаа үлдээсэн хэдэн малаа маллаад далайн захын эрэг Ардагийн ам, Жанхай нутагтаа амар жимэр амьдарч, нуурынхаа эрэгт 4 цагийн аясаар шүлгээ тэрлэж явлаа. 1998 оны хавар Сумдын язгуур урлагийн наадам Хатгалд болж, Соёлын төвийн эрхлэгч С.Очирбат ах намайг түүнд хошин шогийн төрлөөр оруулж билээ. Би бүсдээ түрүүлж аймагт оролцож, аймагтаа түрүүлж 20.000 төгрөг, баярын бичгээр шагнуулж ээждээ дугуй булант цай, дүнсэн тамхи хоёртоо очиж байсан. Энэ үед ээж минь хүүгээ тэвэрч үнсэн, ихэд баярласан. Ээжийнхээ банштай цайгаар дайлуулж, тэр хавар манайх гэдэг айл мандаж өгсөн дөө. Удалгүй Хатгал тосгоны захирагч байсан Мижидоржийн Тогтохням дарга намайг дуудаж, талархал дэвшүүлээд, Их сургуулийн томилолт аваад ирвэл зардалыг нь гадаад хэлний  хоёр багшаар даалгана гэж хэлдэг юм байна. Би гэдэг хүн бөөн баяр болж ээжийнхээ хээлтэй гунжийг 50.000 төгрөгөөр зарж, зардал хийгээд Улаанбаатар хотыг зорьж Ардын жүжигчин Нэрт найруулагч Дэжидийн Жигжидийн нэрэмжит КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД элсэж УГЗ Б.Сумхүү гэж аугаа хүний отгон шавь болж байсан.

Одоо манай ангийн хүүхдүүд өнөөдрийн Монголын дэлгэцийн урлагийн тэргүүн эгнээнд зүтгэж явна. LOGIK FILM, UB FILM, HUMUUN FILM гээд дан кино продакшнууд байгуулаад багшийнхаа суу билгийн гэгээн жимээр гялалзаж байгаа шүү. Дээд боловсрол эзэмшсэнээс хойш 10 жилийн дараа Монголын соён гэгээрлийн их өргөө СУИС-н магистрын ангид элсэн орж Соёлын удирдлагаар магистрын эрдмийн зэрэг хамгаалсан.

-Маш олон шүлэг бичсэн ч ном гаргаагүй хүмүүс байдаг шүү дээ. Анхны шүлгийн номоо хэвлүүлсэн үү. Таны онгод хэрхэн төрдөг вэ?

-Шүлгийн анхны номоо баринтаглаж баринтаглаж энэ жилийн урт намраар  хэвлэх үйлдвэрийн ширээн дээр тавьсан.

Төрүүлсэн, өсгөсөн хоёр сайхан ээжтэй хүү,би

 Төөрөг заяаг минь зурсан бурхны хоёр мутартай хүн би ... тэнгэрийн оронд суугаа ижий бурхаддаа зориулж анхны ном "Хөх сувдын орон Ижий далай хоёр мину” номоороо суварга босгоё гэж бодож зорьж явна. Цэв цэнхэр тэнгэрийн дор, цэлгэр цэнхэр далай ээжийн хөвөө хязгаарт төрж өссөн хүн болохоор ч тэр үү хүүхэд байхаасаа л хөх усны хөг эгшиг анирдаж явсан нь өөрөө шүлгийн минь амин сүнс авшига онгод тэр юм. Яруу уянгын цацал дор онгодын цагаан хүлэг хаашаа амаа булааж давхина тэр зүгт нь л жолоогоо тавьдаг хүн дээ. Түүнээс өөр арга барил, аваа өгөө алга даа ахад нь. /инээв/

-Та олон сайхан дууны шүлэг бичсэн. Яруу найрагч, Хөгжмийн зохиолч, Дуучин гурав нэгэн цогц болж байж сайн уран бүтээл төрдөг юм шиг санагддаг. Энэ талаар?

Миний анхны дуу бол ээждээ зориулж бичсэн “ХАРАМЛАЖ ЯВДАГАА САЙХАН ИЖИЙГЭЭ”шүлгэнд минь УГЗ Т.Сэр-ОД ая хийж,  тэр цагийн СУИС-н Оюутан өнөөгийн СТА дуучин Я.Гэрэлчулууны анхны дуу нь болж байв.  Түүний дараа “Нанжин Хатгал”хот гэж нутаг ус, хангай дэлхий, зон олондоо зориулж бичсэн шүлгэнд мөнөөх л Сэрээ анд ая хийж жүжигчин СТА Л.Сөрөлт дүү анх дуулсан дуу нь тэр юм. Гурав  дахь дуу нь СТА Б.Пүрэвсүрэнгийн ая “Саяана” дууг бас л тэр цагийн СУИС-н оюутан байсан СТАБ.Буянжаргал дуулсан. МУУГЗ Д.Цэрээнравдан, Р.Ганбат, МУГЖ Ч.Амаржаргал, Бямбажав,... СТА Н.Баасандорж, Морин хуур наадмын хошой шагналт СТА Цэн.Эрдэнэбат гээд олон сайхан хөгжмийн зохиолч ая дангийн аваргуудтай 30 гаруй дууны уран бүтээл туурвисан байна. Мөн МУГЖ С.Жавхлан, Л.Болдбаатар бид гурав урлагийн амьдрал дунд хорин жил нөхөрлөж явна. Нутаг нугийн олон сайхан залуусаа дэмжиж түмэн олны хайртай дуучин болгохын төлөө цаашид ч сэтгэл чилээлгүй зүтгэх болно.

-Сүүлийн үеийн уран бүтээлээсээ дурсвал?

-Цэн.Эрдэнэбатын аялгуу МУГЖ Л.Болдбаатарын дуулсан “Ээжийнхээ буйран дээр” гэх дуу минь нэлээд олон хүний сэтгэлийн хойморт баяр, гунигийн баясгалант эгшиг болж дуурьсах болов уу гэж бодож байна.

-Энэхүү дуу төрсөн түүхээсээ хуваалцаач?

Энэ дуу төрсөн түүх нь их сайхан. 2016 онд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар ах ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж босгосон “Ээж суварга”-ын баярт намайг дагуулж явсан юм.  Яг тэр суварганы дэргэд би, ээждээ хайртай тэр хүүгийн нулимстай бор нүднээс энэ шүлгээ олж бичиж билээ.Түүнээс хойш 3 жилийн дараа буюу энэ жил Л.Төмөрбаатар ахын ээж Лханаагийн Дулам гэх буянт буурлын ургийн баяр дээр мөнөөх шүлэг дуу болон амилаж, эгшиглэсэн дээ. Энэхүү дуу ээждээ энэрэлгүй их хайртай хүмүүн бүхний зүрхний дуулал болоосой билээ гэж залбирч байгаа.

-Мөн та соёлын аялал жуулчлалын чиглэлээр магистр хамгаалж,  Хөх баавгай буюу Хөвсгөл нуурыг харах шинэ өнцгийг нээсэн. Энэ талаараа  ярьвал?

-СУИС-н магистр хамгаалсан эрдмийн ажлын минь нэг томоохон шалгуур бол Соёлын аялал жуулчлалын чиглэлээр шинэлэг зүйл санаачилж түүнийгээ иноваци буюу соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох даалгавар байлаа. Ингээд л эрэлд гарсан даа. Гэтэл миний эрэл дэргэд минь байсан Хөх сувдын орон, хөлгөн их онгод тэнгэр байж.

 1. Хөвсгөл нуурын өөрийнх нь бодьгал нь баавгайны дүрс бүхий 2. Баавгай гэдэг амьтан нь өөрөө Дархадын бөөгийн нэг онгод бүр тэр тусмаа буурал баавгай онгод гэж онцлон хэлсэн тамлага нь байна. 3.Дээрх хоёрын нийлбэрээс Хөх баавгай мэндэлсэн юм.Аймгийн аялал жуулчлалын бодлого зохицуулалтын дагуу боловсруулагдсан хөгжлийн хөтөлбөрт ХӨХ БААВГАЙ минь Аялал жуулчлалын лого болох байх гэж зорьж төлөвлөж, алсыг нь харж хийсэн бүтээл л дээ. Магадгүй миний амьдралын түүхэнд хэдэн зууны дараа ХӨХ БААВГАЙ минь л үлдэх болов уу гэж мөрөөддөг шүү.

-Та  Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын дарга. Сонирхоод асуухад  яруу найрагч байх, дарга байх хоёрын тухайд?

-Шүлэг яруу найраг, утга уран зохиол бол хүний сэтгэлийн долгионы долгисоор хөндөгдөж хөглөгдөж байдаг хүн төрөлхтөний оюун санааны гайхамшигт туурвил юм. Миний хувьд урлаг гэдэг энэ гэгээн гэрэлт ертөнцийн мэлмий өлмий хоёрт залбирч явдаг минь өөрөө хүн байгаль алив бүхнийг хайрлах хайрын ундарга. Тэр сэрэл мэдрэмжээр л анх тосгоныхоо зон олныг гэсэн хоёргүй сэтгэлээр улс төрийн хаалгыг ууртай татаж байсан. Иргэдийн итгэл, үнэмшилийг өвөрлөсөн төлөөлөгчдийн сэтгэл зүтгэлийг залж удирдах энэ эрхэм үүрэг бол өндөр их хувь заяа юм. Миний нэг хэлэх дуртай үг байдаг. Сайн дарга саар ламаас илүү буянтай шүү гэж. Удирдагч хүн хэлсэн амандаа хийдэг л байвал эх орон, элгэн түмэн чинь амар амгалан энх тунх амьдрана шүү дээ.  Миний хувьд сум,тосгон хоёрынхоо 6000 гаруй зон олны эв эе, ахан дүүсийн барилдлага, үзэл баримтлалын нэгдмэл эрх ашиг гээд олон зүйл дээр сэтгэлээ чилээж яваа жирийн л иргэн хүн.

Баярлалаа. Удахгүй болох тоглолтонд нь амжилт хүсье.

Эх сурвалж: EKHORON21.MN

Б.Гэрэлням



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0