21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“Дэлхийн ой тогтоолтын 16 төрлөөс тавыг нь би эзэмшдэг. Энэ амжилтыг одоогоор хэн ч эвдээгүй”

2020 оны 01 сарын 08 нд

 


Дэлхийн ой тогтоолтын Олон улсын их мастер Эрдэнэсайханы Пүрэвжавыг “Polit –ийн онцлох ярилцлагын зочноор урилаа. Энэ тухай дэлгэрэнгүйг Polit.mn цахим хуудаснаас уншина уу.

-БНХАУ-ын Жухай хотод болсон  Олон улсын ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шинэ оныг угтсан танд баяр хүргэе. Энэ тэмцээнд ямар төрлөөр  оролцсон бэ?
-
Баярлалаа. Олон улсын ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Жухай хотод өнгөрсөн сарын  эхээр зохион байгуулагдсан. Монгол Улсаа төлөөлөн оролцсон  манай  тамирчид багаараа аварга болсон.  Миний хувьд энэ тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд   7203 оноогоор хоёрдугаар байр эзэлсэн.

-Ой тогтоолтын спортын төрлүүдээс лав л  таван  дээд амжилтыг нь эзэмшдэг гэж өөрийн чинь тухай уншиж байлаа.Энэ амжилтаа ахиулсан уу?
-Дэлхийн ой тогтоолтын спортын үндсэн 10 төрөл байдаг. Үүнийг  дотор нь урт,  богино гэж  хуваахад нийтдээ  16  болдог юм.  Үүний 11-ийг нь Монголын тамирчид, үлдсэнийг   бусад улсын тамирчид эзэмшдэг. Энэ  11 төрлөөс миний хувьд дунд насны ангилалд  таван дээд амжилтыг  эзэмшиж байгаа.

-Одоо энэ амжилт хэвээр хадгалагдаж байгаа юу, эсвэл шинэ өрсөлдөгчид гарч ирсэн үү?
-Миний амжилтыг давтсан хүн одоогоор хараахан гараагүй байна.

-Тэр нь чухам ямар төрлүүд юм бэ?
-Энэ нь хөзөр, тоо, дүрс, хүний нэр, зүс царай, дуут цифр цээжлэх гэх мэт төрлүүдтэй. Миний хувьд тоо, хөзрийн төрөлд  дуртай.

-Өөрийн чинь хувьд өнөөдрийг хүртэл оюуны спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-Энэ спортод анх аав минь хөтөлсөн. Намайг наймдугаар анги төгсөх жил санал тавьж оюуны спорт руу  оруулсан. Өнөөдрийг хүртэл хичээллээд  зургаан жил болж байна. Энэ хугацаанд Оюуны спортын улсын аварга, Азийн аварга, Дэлхийн аваргын тэмцээнүүдэд амжилттай оролцсон.

Гэхдээ анх сонирхож хичээллээд тэмцээнд оролцож байхдаа  амжилттай оролцохсон, медаль авахсан гэж бодож байснаас аварга болчихно гэсэн төсөөлөл байгаагүй. Аавын маань хувьд хүүгээ хичээлдээ сайн болоосой гэхдээ оюуны спорт руу оруулсан байх.

-Богинохон хугацаанд улсынхаас эхлээд тив, дэлхийн аварга болоход  юу нөлөөлөв?
-Б.Баасандорж багшийн маань зааж зөвлөсөн, сургасан зүйлүүд маш их бий. Иймд багшдаа их баярладаг. Мөн байнгын дасгал, хичээл, зүтгэл чухал байдаг.

-Оны өмнөхөн “Гангар хун” гэж цомын эзэн болж байгаа харагдсан. Энэ ямар учиртай шагнал вэ?
-Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүр “Гангар хун” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, нутаг орынхоо нэрийг дуурсгаж, хөгжил цэцэглэлтэд нь хувь нэмрээ оруулсан хүмүүсийг алдаршуулдаг юм байна.Энэ жил миний гаргасан амжилтыг өндрөөр үнэлж “Гангар хун” цомын эзнээр тодруулан шагнасанд нь нутгийн зон олондоо маш их баярлаж байгаа. Дурсгалтай сайхан цом байдаг юм билээ.

Эх сурвалж: www.polit.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0