21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

19 боомтоор Монгол Улсын 77974 иргэн орж ирсэн

2020 оны 04 сарын 10 нд

Энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар Монгол Улсын нийт 19 боомтоор 77974 Монгол Улсын иргэн орж иржээ.  Үүнээс гадаад улсаас эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан нийт 6259 хүнийг зохион байгуулалтайгаар татан авч 4367 хүнийг тусгаарласан байна. 

Тодруулбал нэгдүгээр сард 3036, хоёрдугаар сард 934, гуравдугаар сард 1501, энэ сард 788, нийт 6259 Монгол Улсын иргэдийг /Буянт-Ухаа-1842, Булган-3, Шивээхүрэн-436, Гашуунсухайт-863, Ханги-10, Замын-Үүд-1919, Бичигт-404, Баянхошуу-18, Хавирга-329, Алтанбулаг-78, Арцсуурь-1, Ханх-7, Цагааннуур-344, Эрээнцав-3/ татан авчээ. 

Нийт есөн удаагийн захиалгат нислэгээр БНХАУ-ын Ухань хотоос 31, БНСУ-аас 766, ОХУ-аас 231, Япон улсаас 519, БНТурк Улсаас 252, Катар улсаас 43, татан авсан нийт 1842 иргэнийг Буянт-Ухаа боомтоор улсын хилээр хялбаршуулсан журмаар шалган нэвтрүүлсэн байна. 

Түүнчлэн энэ сарын 9-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ. Эдгээрээс дийлэнх нь БНСУ (2000 гаруй), АНУ (1270), Австрали (906), БНКазУ (560), БНЭУ (549), БНТУ (437), ИБУИНХУ (365), Япон (300) зэрэг улсаас байна.  

Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй  89, бусад 4413 байна. 

Гадаад харилцааны яам МИАТ болон арилжааны нислэг үйлддэг компаниудтай хамтран Европ, Австрали, Хойд Америкийн бүсээс монгол иргэдийг татан авах талаар судалгаа хийж байгаа гэдгийг Шадар сайд Ө.Энх-Түвшин хэллээ. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, зургаан аймгийн 52 байршил (эмнэлэг, сувилал, амралт, зочид буудал)-д нийт 1601 иргэн тусгаарлагдаж байна. 

Тусгаарлах байрт эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас нийт 416 алба хаагч томилогдон ажиглалтад байгаа иргэдийн биеийн халууныг хянах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байгаа юм.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0