21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ХОГ ХОВОРДСОН ӨДӨР 

2021 оны 05 сарын 30 нд

    "Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ны Сүхбаатар дүүрэг дэх салбар зөвлөлийн уриалгаар 2021 оны 05-р сарын 29-ний өдөр Туул голын ай сав газар БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Хар усан тохой” орчмын газрыг цэвэрлэх "Голоо ч цэвэрлэе-Дахивараа ч ангилъя" уриатай ажлыг сурвалжиллаа. Тус холбооны Сүхбаатар дүүрэг дэх салбар зөвлөлийн дэргэдэх Ерөнхий боловсролын 4-р сургуулийн "Сарнай" охидын клуб, Монгол 3-р сургуулийн "Оч" охидын клубийн сурагчид "Соёлыг түгээе" хөтөлбөрийн хүрээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байсан юм.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээ аяны хүрээнд, төр, төрийн бус байгууллагууд нэгдэн тусгай хамгаалалтын бүс буюу Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр "Цэнгэг усны нөөцийн газар"-т ажилласан.

Их цэвэрлэгээг нийт 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр, халдвар хамгаалын дэглэм баримтлан зохион байгуулж байлаа.

Ажлын үр дүнд нийт 21 тн хог хаягдлыг, ангилж ялган, ачуулсан. Үүнээс дахивар нөөцөд 1 тонныг илгээсэн юм.

Цэвэрлэгээний бүс газар тусгай хамгаалалтын газар тул олон нийт аялж зугаалах боломжгүйн хэрээр ус ундааны хуванцар сав, шил лааз зэрэг хог бага, харин барилгын хөөсөнцөр, гялгар уут болоод бусад төрлийн хог элбэг байв.   

Үйл ажиллаагааны ерөнхий зохион байгуулагчаар Төвшин сайхан төв, Түмэн тусч нөхөд ТББ, МЭХ-ны Сүхбаатар дүүрэг дэх салбар, Монголын бурхан шашинтны төв Гандан тэгчинлэн хийд ажиллаж залуу хойш үедээ экологийн боловсрол олгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах буян хийгээд, үүргийн талаар нэгдсэн ойлголт өгч, үлгэрлэл үзүүлэн, хог хэдий бохир ч 

-Ангилан ялгалт хийх

-Дахивар нөөц бэлтгэх 

-Дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх

-Эдийн засгийн эргэлтэнд оруулах 

-Хуримтлал үүсгэх зэрэг боломжууд байдгийг сурталчлан таниулахад ач холбогдол өгч байв.   

Мөн хүүхэд залуус гэлтгүй олон нийтийг зөв дадал хэвшилд уриалах, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг аливаа бохирдол, эрсдлээс хамгаалах, цэвэрлэх, ингэснээрээ Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь нягтран суурьшсан их хотынхон бүгд эрүүл, аюулгүй аж төрөхөд онцгой үүрэгтэйг зохион байгуулагч, оролцогч хамтрагчид, ивээн тэтгэгчид бүгд өөр өөрсдийн сувгаар нийтэд түгээх нэгдсэн үүрэг хүлээн, хамтын хүчээр нэг өдрийг хөдөлмөрлөх, хамгаалах, сурах, хөгжих боломжоор дүүрэн өнгөрүүллээ.  

Тус үйл ажиллагааг дэмжин, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээ аян, БЗД-ийн ЗДТГ, Сайхан төмөрт ХХК, Тэрэлж байгалийн эрдэст ус-Блү голд ХХК, Zero waste club, Мандуул хэвлэл, Зориг сангийн дэргэдэх "Байгаль орчны манлайлал" хөтөлбөрийн залуус хамтран ажилласан байна. 

Байгаль орчноо хайрлана гэдэг нь бүхнийг энэрэхийн ухаан билээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!


Сэтгүүлч: У.МАРАЛ



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0