21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Эрдэнэтийн 49 хувийн хувь заяаг дэнслэх сонгууль

2017 оны 06 сарын 19 нд

          Сонгогчидтой уулзалт хийхээр өнгөрөгч бямба гаригт Эрдэнэт хотод очсон Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг орон нутгийн иргэд жагсаал цуглаанаар угтан авсан мэдээ зураг хөрөг, бичлэгийн хамт интернэт сүлжээгээр тархаж байна.
Тэд “Эх оронч хүн эх орноосоо хулгай хийдэггүй”, “УИХ-ын шийдвэрт хандсан шүүхийн хуйвалдаанаа зогсоо”, “Төр бизнесийн үхлийн гурвалжин Женко, Сахал Эрдэнэбилэг, Элбэгдорж” гэх мэт эсэргүүцлийн уриатай Х.Баттулгыг угтжээ. 2012-2016 онд Засгийн эрх барьсан АН сонгуулийн санал хураалтын өмнө Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг УИХ-аас нууцлан худалдсан асуудлыг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа.
           Зэсийн үйлдвэрийг наймаалцсан дээрмийн ажиллагаа ямар зарчмаар явагдсан болох, үйлдвэрийн 49 хувь “дээрэмчид”-ийн гарт хэрхэн очсон болох нь өнгөрсөн хугацаанд хангалттай ил болсон. Өнгөрсөн дөрвөн жилд төрийн байгууллагууд эрх баригч Ардчилсан намын “моралийн элэгдэлд” орсон       фракцуудад бүрэн эзлэгдэн, төр засаглалын хямралд гүн автаад байсан юм.
         Энэ намын тэргүүлсэн Засгийн газар, түүний төлөөлөл болсон фракцийн удирдлагаас эхлээд төрийн дээд дунд шатны удирдлагууд төрийн өмчийг дур зоргоороо зарцуулах аянд мордсоны үр дүнд эдийн засаг “ёроол”-доо хүртэл унаж, иргэд одоо бүсээ чангалаад сууж байгаа.
          Ардчилсан намынхны төрийн санг дээрэмдэх ажил төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор зэрэг том том төсөл хөтөлбөрийн хөрөнгийг саах, Хөтөлийн цемент шохой гэх мэт улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах, Чингис, Самурай бондын мөнгийг бялуу болгон түгээх ажлаар үргэлжилж, сонгуулийн төгсгөлд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэд хэдэн хууль зөрчин “дээрэмдэх” ажлаар төгссөн. Тиймээс уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийнхэн Х.Баттулгыг дургүйцэл ихтэй хүлээж авах нь аргагүй.
Хаа сайгүй эдийн засгийн эмх замбараагүй байдал бий болсон засаглалыг эмхлэх ажлыг МАН-ын дарга М.Энхболд зоригтой эхлүүлж, “Эрдэнэт”-ийг хэн, ямар шалтгаанаар, хэрхэн худалдаж авав? Монголын хамгийн том үйлдвэрүүдийг худалдсан наймаанаас төрийн халаас, түмний өмчийг бодох юмгүй хоосолсон хүмүүс хожсон болохыг илчилсэн.
        “Монголын зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахдаа Худалдаа хөгжлийн банкин дахь данснаас нийт гурван удаагийн гадаад гүйлгээгээр 400.27 сая ам.долларыг ОХУ-ын “Альфа” банкинд шилжүүлсэн. Үйлдвэрийн хувийг худалдаж авсан Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Фортуна” Н.Батбаярын толгойлж байсан Эдийн засгийн хөгжлийн яамтай 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн хугацаатайгаар ашиглах концессын гэрээг байгуулсан.
          Энэ компанид Монголбанк 2014 болон 2016 онд тус бүр 100 тэрбум төгрөгийн зээл олгосон. Мөн тус компани бондын мөнгөнөөс 136 тэрбум төгрөгийн зээл авсан. Дээр нь Хөгжлийн банкнаас 2015 онд 71.3 сая ам.доллар, 2016 оны зургадугаар сарын 30-нд Монголбанкнаас 160 тэрбум төгрөгийн зээл авсан. Харин аж ахуйн нэгжүүдэд зээл олгодоггүй банкнаас Д.Эрдэнэбилэгт зээл өгсөн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.3олжаргал өнөөдөр гадаад руу ор сураггүй алга болчихоод байгаа.
            Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгох вэ гэсэн асуултыг иргэд өөр хоорондоо тавьцгааж байна. Харин иргэдийн дийлэнх нь “Хэрвээ Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдвол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг өөрийн найз Д.Эрдэнэбилэг болон Худалдаа хөгжлийн банк, Ц.Элбэгдоржид буцаан өгөх нь тодорхой” гэсэн байр суурьтай байна. Тиймээс Монголын ард түмний өмч хөрөнгөөр бий болсон газрын доорх баялаг, эдийн засгийн гол өмөг түшиг Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар хувьчилж авсан булхайг илрүүлсэн М.Энхболдыг дэмжиж байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0