21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Я.Санжмятав: Сонгуулийн ирцийг буруулахад нөлөөлөх арга хэмжээг хойшлуулах хэрэгтэй байна

2017 оны 06 сарын 24 нд

               Сонгуулийн өмнөх өдөр /2017.06.25/  шоу цэнгээний арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг хойшлуулахыг шаардаж байгаа талаар АН-ын сонгуулийн штабаас мэдээллээ.

               Энэ талаар АН-ын Сонгуулийн штабын Ерөнхий менежер Я.Санжмятав "Боловсрол суваг ТВ, Номадс сүлжээ ресторантай хамтраад энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолтыг хийх гэж байна. Гэхдээ энэ сарын 25-нд 20.00 цагаас хотоос 53 км-т орших Горхи Тэрэлжийн цогцолборт газарт байрладаг “Мagic rock” жуулчны баазад зохион байгуулахаар зар тараасан байна. Сонгуулийн өмнөх өдрийн оройн 20:00 цагт эхэлсэн шоугаа сонгуулийн өдөр буюу тавдугаар сарын 26-ны 03.00 цагт дуусгахаар төлөвлөсөн байна.

               Бидэнд байгаа мэдээллээр тухайн газарт нь хоол, согтууруулах ундаагаар үйлчилнэ гэсэн. Сонгуулийн тухай хуульд Сонгууль өгөх өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Залуучуудад урлагийн арга хэмжээ хэрэгтэй гэдгийг би ойлгож байна. Түүнчлэн залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх арга хэмжээ дутагдаж байсан гэдгий ойлгож байна. Гэхдээ энэ нөхцөл байдлыг нь далимдуулаад сонгуулийн ирцийг буруулахад нөлөөлөхөөр арга хэмжээ болох гээд байна" гэв.  

             АН-ын сонгуулийн штабаас СЕХ болон холбогдох газарт уг шоу цэнгээний арга хэмжээг хуулийн хүрээнд хойшлуулах шаардлагыг хүргүүлэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Сонгуулийн тухай хуульд санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох ба хэрэгжилтэд нь аймаг, нийслэлийн Засаг дарга нар хяналт тавих ёстой гэсэн байдаг.

             Мөн  согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах асуудлыг хязгаарлах заалт байгаа. Түүнчлэн олон нийтийн хамарсан соёл урлаг, спортын арга хэмээ зохион байгуулахгүй байх, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг ажиллахыг хориглосон заалт байдаг. Мөн сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах тодорхой арга хэмжээг сонгуулийн төв байгууллага авч хэрэгжүүлнэ гэсэн заалтуудыг энэхүү шоу зохион байгуулагчид зөрчиж байгаа юм байна. Тиймээс СЕХ-оос энэ арга хэмжээг хуулийн хүрээнд хойшлуулах шаардлагатай байгаа талаар АН-ын сонгуулийн штабаас шаардлага хүргүүлсэн байна.

          “Яг түүн шиг” гала тоглолтыг зохион  байгуулах бэлтгэл ажилд хувийн компаниудаас гадна Батлан хамгаалахын яам оролцон гэх мэдээлэл байгаа гэнэ. Энэ талаар АН-ын Сонгуулийн штабын Ерөнхий менежер Я.Санжмятав “Уг нь төрийн тэргүүнээ сонгох гэж  байгаа сонгуулийн үед Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалахын яам харьцангуй хяналттай, тогтвортой ажиллах ёстой байдаг. Гэтэл энэ арга хэмжээг дэмжиж ажилласан байна.

            Учир нь АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах үеэр авсан хөгжмийн Батлан хамгаалахын яамны зөвшөөрлөтэйгөөр гаргадаг. Тэгвэл энэ хөгжим гарчихсан байхыг бодоход Батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн даргын шийдвэртэйгээр гаргасан байж таараа. Тиймээс энэ мэт асуудлыг холбогдох байгууллагууд нь шалгах нь зүйтэй байх” гэв.

           Түүнчлэн тэрбээр Улаанбаатар хотын сонгогчдын хувьд ирц их чухал байдаг. Сонгогчдын маань 62 хувийг залуучууд бүрдүүлдэг. Тиймээс сонгуулийн буюу залуусын ирцийг бууруулах, ирцэд нөлөөлөхүйц үйл ажиллагааг зохион байгуулахыг зогсоох шаардлагыг СЕХ, Улаанбаатар хотын захирагч, ЦЕГ, Налайх дүүргийн Засаг даргад хүргүүлж байна гэдгийг хэллээ.

 

АН-ЫН СОНГУУЛИЙН ШТАБ



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0