Нэр дэвшигчдийн мэтгэлцээн товлосон цагтаа эхлэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн мэтгэлцээн өнөөдөр 21.00 цагаас МҮОНРТ-д болно.
AYANGA.MN сайтын хэрэглэгч Гадаадад суугаа Монголчууд мэтгэлцээн болох эсэхийг тодруулж өгөхийг хүссэн тул энэ талаар МҮОНРТ-ийн 32-72-25 дугаарын программын албаны утсаар холбогдон лавлав.
Одоогоор нэр дэвшигчид мэтгэлцээнээс татгалзасан гэх мэдээ бидэнд ирээгүй. Товлосон цагтаа зохион байгуулагдана. Шууд дамжуулалт ТВ-болон Фэйсбүүкээр зэрэг цацагдах ч ЛАЙВ-т ирсэн асуултуудыг шууд асуух боломжгүй.
Учир нь 6-р сарын 23-ны 00:00 цаг хүртэл /өчигдөр/ иргэдээс асуултыг урьдчилан авсан хэмээн албаны хүн хариуллаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэг ч удаа мэтгэлцээнд оролцоогүй юм. Монголын Телевизүүдийн холбооноос өмнө нь хоёр ч удаа мэтгэлцээн товлосон ч нэр дэвшигчдийн санал зөрөлдсөнөөр цуцлагдсан билээ.
Харин өнөөдрийн Шууд мэтгэлцээн 120 минут үргэлжлэх бөгөөд эхний хэсэгт МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчид зөвхөн мөрийн хөтөлбөртэй холбоотой асуултад хариулна.
Хоёрдугаар хэсэгт тэд олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн, эргэлзээ төрүүлж буй олон асуултад хариулах боломжтой юм байна.
AYANGA.MN