21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МЭТГЭЛЦЭЭН 2017 - ТОЙМ

2017 оны 06 сарын 25 нд

СҮҮЛИЙН ХОЁР МИНУТАД ХЭН ЮУ ХЭЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшиж байгаа юм. Гурван нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа хаахаас нэг цагийн өмнө мэтгэлцээнээ өндөрлүүлэв.

Мэтгэлцээн дуусахаас өмнө нэр дэвшигчид дараах байр суурийг илэрхийлсэн юм.

 

Х.БАТТУЛГА

-Улс төрийн мэтгэлцээн дуусч байна. Би нэг зүйлийг шууд хэлмээр байна. Мэтгэлцээний хэлбэрээ гадныхныг дуурайх байдлаар явуулж байна. Ийм юм аа болих хэрэгтэй. Өнөөдөр улс төрийн нөхцөл байдлыг дүгнэж ярих хэрэгтэй. 2012 оноос хойш Ардчилсан нам дангаараа төр барьсан, МАН-тай хамтарч барьсан. Гэтэл М.Энхболд өнгөрсөн дөрвөн жилд арай хэтэрхий байсан гэж байсан. Өнөөдөр Монгол Улсыг 20,30 гэр бүл барьж байна. Бүх зүйлд хар пайз зүүсэн. МАН-ын хуйвалдааныг ярих гэсэн боловч цаг хүрсэнгүй.

 

 

 

С.ГАНБААТАР

-Монголын ард түмэн, 60 мянган бизнес эрхлэгчийн төлөө зүтгэж байхад ямар ч бизнес эрхлэгч саад болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад, зах зээлийн нөхцөл байдалд анхаарах ёстой. Зүгээр нэг олигархын төлөө зүтгэж явдаг ажил биш. Хотон дахь хонио маллаж байгаа ажлынхаа шагналд Москва явсан жишээ бий. Миний хөдөлмөр зүтгэл Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг авч ирлээ.

 

М.ЭНХБОЛД

-Эрхэм сонгогч та үр хүүхэд, эх орноо бодож сонголтоо хийнэ биз ээ. УИХ, Засгийн газартай нэгдмэл байдлаар ажиллах, иргэдийн амьдралыг өөрчлөх мөрийн хөтөлбөрийг би гаргаж тавьсан. Өнгөрсөн дөрвөн жилд Засгийн эрх барьсан нөхдүүд эдийн засгийг ямар байдалд хүргэснийг та бүхэн мэдэж байгаа. Хямрал, хагарал хоёр Монголын дайсан юм. Тиймээс би эвтэй монгол гэдэг уриаг дэвшүүлсэн. Би монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намайг дэмжсэн хэн бүхний итгэлийг бүрэн дүүрэн дааж чадна. Би энэ сонгуульд намайг дэмжээгүй иргэдийн итгэлийг даахын төлөө ажиллана. Энэ сонгууль бол зөвхөн Ерөнхийлөгчийг сонгох биш ирээдүйгээ сонгож байгаа сонгууль шүү. Эвтэй Монгол бол эрх чөлөөт Монгол. Та ирээдүйгээ сонгож байгаа сонгууль юм. Энэ сонгуульд би эвтэй монгол ялна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.

23:20 2017-06-24

С.ГАНБААТАР: ФЭНГ-ШҮЙ БОЛ БАЙГАЛИЙН УХААН

-Та фэнг-шүйг яагаад Монголд оруулж ирсэн бэ?

С.ГАНБААТАР

-Монгол оронд өнөөдөр фэнг-шүйгээс чухал юм бол 60 тэрбумын бичлэгийг ил болгох. Авлигын тухай гоё хуулийг баталсан л гэнэ, жинхэнэ оффшорчдын толгойг илж, хулгай хийхийг өршөөсөн хууль шүү.

Фэнг-шүй гэдэг бол байгалийн ухаан. Зүг чигийн ухаан. Шашин биш. Ерөнхийлөгчийн сонгуульд ийм юм ярьж байгаадаа хүлцэл өчье.

Баабар тэргүүтэй шүтэн бишрэгчид, Рио Тинтогийнхон намайг үүгээр шүүмжилдэг.

-Д.Хишигжаргал гэж хүн таныг Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Хятад улсаас хөлдсөн шүлхийн вакциныг сайд байхдаа оруулж ирсэн гэсэн?

Х.БАТТУЛГА

-Д.Хишигээ гэж хүнтэй мэнд устай явдаг. Хурдан морь луу орсон байна лээ. Вакцинтай холбоотой бизнес хийдэг байсан юм билээ. Их ам муутай байсан.

Надад вакцин оруулдаг компани байдаггүй.

-60 тэрбумын бичлэгийн талаар тайлбарлахыг хүсэж байна?

М.ЭНХБОЛД

-60 тэрбумын асуудлыг гурван сонгууль дамжуулж ярьж байна. Сөрөг хүчин байхад гаргаж ирж, төрийн албан тушаал зарлаа гэсэн. Хууль хяналтын байгууллага шалгаач ээ, эвлүүлэг байна гэдгийг хэлж байсан. Нэг биш хууль хяналтын байгууллага эвлүүлэг байна гэдгийг хэлж байгаа. Шүүх шинжилгээний байгууллага хянаж үзээд өнгөрсөн оны сүүлээр шалгах шаардлагагүй, дөрөвдүгээр сард шүүх энэ асуудлаар шийдвэрээ гаргасан, эвлүүлэг гэдгийг тогтоосон.

Нэр дэвшигч Х.Баттулгын өгсөн өргөдлийн дагуу Авлигатай тэмцэх газар 200 шахам хүнийг шалгаж, үзээд ямар нэг үндэслэлээр тогтоогдох зүйл байхгүй байна гэдгийг тогтоогоод прокурорын байгууллага руу шилжүүлсэн.

Эвлүүлэг хэрээс хэтэрсэн. Ерөнхийлөгч дээр хүртэл эвлүүлэг хийсэн зүйл байгаа. Би энийг хариуцлагатайгаар хэлж байна.

23:01 2017-06-24

Х.БАТТУЛГА: ХУУЛИЙНХАН ЗАРИМ АЖЛЫГ ИХ ШУУРХАЙ ХИЙХ ЮМ

-Та МАН-ын даргаар хоёр удаа сонгогдсон. Танай намд өөр хүн байдаггүй юм уу?

М.ЭНХБОЛД

-МАН бол Монгол Улсыг дархлан бүтээсэн, ард түмнийг эрүүлжүүлсэн, улс орноо НҮБ-д бүртгүүлсэн нам. Би хоёр удаа намын даргаар сонгогдон ажилласан. Энэ нам боловсон хүчний дутагдалд ороод ингэсэн юм биш. Манай нам дотроо ардчилалтай, асуудалд олон талаас нь ханддаг.

-Таныг дээд сургууль төгсөөгүй, боловсролын талаар худлаа мэдээлсэн гэж байна. Энэ талаар?

С.ГАНБААТАР

-Би боловсролын асуудалд чин үнэнээр ханддаг. Тэгэхээр мушгидаг. Би долоон сургууль сурч, боловсрох гэж зүтгэж байсан. Өнөөдөр сурах хүсэл байвч мөнгөгүй айлын зовлонг би ойлгоно. Өнөөдөр би зургаан дүүгээ боловсролтой болгох гэж зүтгэж байсан. Оюутан цагийн хүнд бэрхийг давах гэж зүтгэж байсан маань намайг С.Ганбаатар болгосон. Миний өөдөөс дайрдаг хүмүүс дотоодын сургуулийг үнэлдэггүй. Би 90-ээд оны эхэн үеийн бүтээгдэхүүн. Ядарч явсан хүний нэг юм.

-Сонгуулийн санал хураалтыг худалдан авах гэсэн компани тантай холбоотой гэх юм. Та хар машинаар яах гэж байсан бэ?

Х.БАТТУЛГА

-Хуулийнхан зарим ажлыг их шуурхай хийх юм. Хар машинтай холбоотой асуудал их инээдтэй юм болсон. Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших сонгуулийн саналыг гараар тоолох нь бэрх юм байна. Тиймээс хар машинаар тоолох санал гаргасан. Энэ асуудлыг сүржигнээд байх юм.

Шинэ Яармаг төслийг надтай холбоотой гэдэг. Энэ бол сонгуультай холбоотой гүтгэлэг.

-Авлигатай тэмцэх чухал арга юу вэ?

С.ГАНБААТАР

-Авлигатай тэмцэх чухал арга бол нэг нэгнийгээ элдэж хөөгөөд байх биш. Аюултай бүлэглэлд хяналт тавих механизм үгүйлэгдэж байна. Авлигатай тэмцэх эхний асуудал бол оффшорын эсрэг гэдэг ч оффшорчидтой сүлбэлдсэн нөхдөд хариуцлага тооцох ёстой. Өнөөдрийн хууль, шүүхийн байгууллага нөгөө хэдээс хэтэрхий хараат болчхоод байна.

-Авлигатай тэмцэх чухал арга юу вэ?

Х.БАТТУЛГА

-Олон арга бий. Нэг нь улс төрөөс хараат удирдлагатай байх ёстой. Нас тогтсон нам бус хүн байх ёстой. Хоёрдугаарт, АТГ-ын мөрдөн байцаагч нарын сэдэв, хөтөлбөрийг уншсан байх гэж найдаж байна. Энэ хөтөлбөрийг зогсоосон хүмүүсийг учир шалтгааныг олох хэрэгтэй.

-Авлигатай тэмцэх чухал арга юу вэ?

М.ЭНХБОЛД

-Энд нэр дэвшсэн гурван хүн гурвуулаа УИХ-д суусан. УИХ-д сууж байхдаа авлигатай тэмцэх талаар ямар хууль санаачилж байсан юм бэ? Монгол Улс Авлигатай тэмцэх хөтөлбөртэй болсон. Авлигын гэмт хэрэгт оногдуулах хууль эрх зүйн орчин бий болгосон. Цаашид илүү их арга хэмжээг авах ёстой. Авлигатай тэмцэх гол арга хэмжээ бол соён гэгээрүүлэх юм. Үнэнийг хэлэхэд бизнес эрхлэгчид дарамт учруулдаг байсан. Өнгөрсөн дөрвөн жилд нэлээд хэдэн аж ахуй нэгж хаалгаа барьсан.

22:58 2017-06-24

М.ЭНХБОЛД: ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ НЬ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГАА

-УИХ-ын гишүүнээр 12 жил, Засгийн газрын гишүүнээр 2 удаа ажиллалаа. Батлуулсан ямар хууль байна вэ?

Х.БАТТУЛГА

-УИХ-д гурван удаа, Засгийн газарт хоёр удаа ажилласан. 20 орчим хуулийг батлуулсан. Шинэ сум, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг батлуулсан. 21 аймгийг Улаанбаатар хоттой холбох хуулийг батлуулсан. Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг батлуулсан. Ихэнх нь хэрэгжээд явж байгаа. 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, батлуулж байсан юм билээ. Бүтээн байгуулалттай холбоотой хуулиудын ихэнхийг сайд байхдаа батлуулж байсан.

-Та эрх баригч намын дарга, УИХ-ын дарга, зайлшгүй Ерөнхийлөгч болохын шалтгаан нь юу юм бэ?

М.ЭНХБОЛД

-МАН 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч, олон түмнийхээ итгэлийг хүлээсэн. Энэ өндөр итгэл найдварын ард өндөр хариуцлага бий. Амласнаа бодитой ажил болгох, иргэдийн амьдралд ахиц гаргах, урьд гаргасан алдааг засаж залруулах бол зайлшгүй хийх ёстой ажил. Тийм учраас төр засгийг нэг зүгт харсан, зөрчилгүй, тодорхойлсон бодлого дээрээ үр дүн гаргадаг байх, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чухал зорилт юм.

Олон бололцоотой хүмүүс байсан, судалгаа хийж, өрсөлдөөний зарчмаар сонгуульд нэр дэвшүүлсэн. Хувь нэр дэвшиж байгаа гэхээсээ илүү үүрэг хариуцлага гэж ойлгож байгаа.

-МАХН-д та хэзээ элссэн бэ?

С.ГАНБААТАР

-МАХН-д би сар орчмын өмнө элссэн. Элсэхэд гайхахгүй байх. МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад дундаж давхаргаа хүчирхэг болгоё, түрээс маш их зовоож байна гэдгийг хэлж байсан. Жирийн хөдөлмөрчин түмний нам учраас бидний үзэл санаа ижилхэн. Үйлдвэрчний эвлэлийг хүчтэй дэмжсэн том заалт МАХН-ын дүрэмд бий. Энэ заалтуудыг нь дэмжиж ажилладаг. Энэ утгаараа МАХН-ын олон гишүүн нэр дэвшүүлсэн.

22:35 2017-06-24

Х.БАТТУЛГА: БОЛОВСРОЛЫН САЛБАР БОЛ ЧУХАЛ

-Та хөл дээр нь босгосон байгууллагаа хэлэхгүй юу?

С.ГАНБААТАР

-Шударга ёсны талаас хэлэх юм бол М.Энхболд бид хоёрт эвтэйхэн асуулт ирж байна. Харин Х.Баттулгад хүнд асуулт ирж байна.

Монголын үйлдвэрчний холбоо мянга мянган хүний хөдөлмөр эрхлэх . Дархан-Уул аймгаас сонгогдоод цэцэрлэг, эрүүл мэндийн асуудлыг шийдэж байсан.

-Өмч хувьчлалаар төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан гэдэг. Үүнд тайлбар өгөөч?

Х.БАТТУЛГА

-Өмч хувьчлал иргэдийг өмчтэй болгох гол зорилго байсан. Мах Импекс компанийн 51 хувь нь төрийн өмчид байсан. Баянгол 34 хувийг авсан. Талх чихэр компанийн зарим хувьцааг худалдаж авсан хүмүүс өрөө төлж чадахгүй байсныг би авсан юм. Энэ үйлдвэрийн хувьцааг өмнө нь эзэмшиж байсан хүмүүс одоо ч эзэмшиж байгаа. Тухайн үед би үйлчилгээний салбарт түлүүлж орсон учраас өмч хувьчлалд оролцсон.

-Хүүхдийн мөнгийг 40 хувь хүргэсэн. Амлалтаасаа ухарлаа.

М.ЭНХБОЛД

-Засгийн газар ямар арга хэмжээ авах вэ гэж нэлээд сайн хэлэлцсэн. Ингээд ОУВС-гийн тусламжийг авахаар болсон. Энэ хүрээнд нэлээд хэдэн өөрчлөлт хийх шаардлага байна гэж үзсэн. МАН-ын бүлэг аль болох цөөн хүнд хамаарах, илүү орлоготой хүнд хамаарах байдлаар асуудлыг зохицуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд арга буюу арга хэмжээ авсан. Тэгээгүй бол Монгол Улс дампуурлын ирмэг дээр байсан. Гэхдээ улс орны эдийн засаг нааштай болбол бид гаргасан шийдвэрээ эргэж харна.

-Боловсролын тогтолцоонд ямар өөрчлөлт хийх вэ? Чанаргүй сургалт их байна.

Х.БАТТУЛГА

-Боловсролын салбар бол чухал салбар. Харамсалтай нь дампуураад удаж байна. Өнөөдөр боловсролын бодлого байнга өөрчлөгдөж байна. Хонхны баярын дараа нийт төгсөгчдийн 80 хувь нь ажилгүй болдог. Боловсролын бодлогоо Монгол орны хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах ёстой.

-Боловсролын тогтолцоонд ямар өөрчлөлт хийх вэ? Чанаргүй сургалт их байна.

М.ЭНХБОЛД

-Монгол хойч ирээдүй болсон асуудал юм. Хувь хүн өөрийн үнэ цэнийг боловсролоор таниулдаг. Тиймээс багшийн асуудалд анхаарах ёстой. Энэ талаар миний мөрийн хөтөлбөрт туссан. Бусдаар чанартай сурч байгаа оюутанд тэтгэлэг олгодог байх ёстой. Багшийн чанар мөн адил чухал. Багш нарын нэр төрийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой, багшийн хөдөлбөрийн үнэлэмжийг дээшлүүлэх ёстой. Энэ тал дээр би онцгой анхаарч ажиллана.

-Боловсролын тогтолцоонд ямар өөрчлөлт хийх вэ? Чанаргүй сургалт их байна.

С.ГАНБААТАР

-Боловсрол бол хүч юм. Зарим хүмүүс их дээд сургууль ямар олон юм бэ гэж байна. Тиймээс их дээд сургуулийн чанарыг сайжруулах ёстой. Өнөөдөр сургалтын чанар гэхээр бүлэглэл саад болж байна. Энэ салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай. Өнөөдөр гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль бий. Хамгийн хэцүү нь цэцэрлэгийн багш юм. Энэ асуудлын төсвийг шийдэх ёстой. Үүнийг шийдвэрлэхийн тулд төр хулгай хиймээргүй байна.

Хоёрдугаарт, боловсролыг ашиглаж мөнгө хийдэг байх ёстой.

Гуравдугаарт, дээд боловсролын удирдах зөвлөлд бизнесийн байгууллагаас төлөөлөл оруулж байж гарч байгаа боловсон хүчин зах зээлд хэрэгцээтэй болно.

22:25 2017-06-24

С.ГАНБААТАР: ТӨРӨӨС ХҮНСЭНД ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ

-Хүн амын хүнсний хангамж гадаадын улс орнуудаас ихээхэн хамааралтай болж байгааг хэрхэн даван туулах вэ?

С.ГАНБААТАР

-Хүн амын хүнсний хангамж ноцтой байдалд байгаа. Урьд хожид сонсогдоогүй өвчин сонсогддог болсон, хавдар залуужсан. Ээлжилж эрх барьсан энэ хүмүүсийн балгаар ийм байдалд хүрсэн. Төрөөс хүнсэнд хяналт тавих ёстой. Энэ хяналтын механизм бизнес эрхлэгчдийг зовоодог сүлжээ болсон. Орлогогүй, ажилгүй цалин олигтой биш учраас маш хямд аюултай хүнс оруулж ирж байгаа. Үүнээс гарах арга бол ард түмэнтэйгээ байгуулсан гэрээндээ би хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тулгуур болгоно гэж заасан. Газар тариалан, мал аж ахуйдаа хөрөнгө оруулъя гэж байгаа. Ингэж тусгаар тогтнолоо баталгаажуулна. Малчид бол өв соёл, хүнсний аюулгүй байдлын баталгаа. Мал аж ахуйгаа тэргүүлэх салбар болгоно.

Х.БАТТУЛГА

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр байнга яригдаж байх ёстой асуудал. Хүнсний салбар дээр би мэдлэгтэй, хуучин социализмын үйлдвэрийг босгоход их ажилласан.

Хүнс хөдөө аж ахуйн сайд байхдаа хүнсээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг байх ёстой гэж үзсэн. Израйл улсын жишээг авсан. Хүлэмж төслийг эхлүүлсэн. Харамсалтай нь, энэ хөтөлбөр дээр ажилласан залуусыг ял тулгах зэргээр өч төчнөөнөөр хүндрүүлж зогсоосон. Ерөнхийлөгч болбол хүнсний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж ажиллана.

М.ЭНХБОЛД

-Хүнсний аюулгүй байдал бол хүн ам эрүүл мэнд, аюулгүй байдал, тусгаар тогтнолтой ч холбоотой асуудал. Гаднаас орж ирэх хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулахын тулд лабораторийг хөгжүүлэх, энэ салбарыг хөгжүүлэх шаардлагатай.

Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх ёстой. Манай нам Атрын гуравдугаар аяныг хэрэгжүүлж, улаан буудайгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байсан. Стратегийн бүтээгдэхүүндээ дэмжлэг үзүүлж байсан. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд энэ арга хэмжээг хэрэгжүүлээгүй. Малаа эрүүлжүүлэх, мал эмнэлгийн шинэ бүтэц бий болгох, малаа чанартай вакцинаар эрүүлжүүлэх ёстой. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд хяналт тавих ёстой.

22:14 2017-06-24

Х.БАТТУЛГА: МИНИЙ АРД ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ БҮХ ЗҮЙЛИЙГ ХИЙЖ БАЙНА

-Монгол Улсын эдийн засгийн талаар?

М.ЭНХБОЛД

-Эдийн засгийн нөхцөл байдлыг хямралд оруулсан асуудлыг ярих ёстой. Харамсалтай нь хариуцлага тооцож чадахгүй байна. Таван жилийн турш төсвийн орлого биелэхгүй байсан. Тэгвэл одоо төсвийн орлого биелж, эдийн засагт эерэг мэдээ сонсогдож байна. Тодорхой хугацааны дараа эерэг үзүүлэлт гарна. Эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд би Засгийн газартай хамтарч ажиллаж чадна.

С.ГАНБААТАР

-Монгол Улсад эвтэй бай гэдэг асуудлыг ярих болжээ. Өмнө нь шударга байя гэдэг асуудлыг ярьдаг байсан. 60 мянган аж ахуй нэгжийн оролцоог тэгш хангаж, 3 сая иргэдийн оролцоог хангаж байж Монгол Улсад боломж олдоно. 328 мянган хүн өнөөдөр ажилгүй байна. Нийт хүн амын дөрвөн хувь нь ядуу байна. Энэ тоо баримт эдийн засгийн хамгийн эрсдэлтэй орны тоонд оруулж байна. Өнөөдөр 25 тэрбум ам.долларын өрөнд орж байна. Үүнд хариуцлага тооцох ёстой.

Х.БАТТУЛГА

-Монгол орны эдийн засаг бол их энгийн. Өнөөдөр 20,30 хан гэр бүл монгол орны өрмийг авсан. Эдийн засаг энгийн зүйл дээр тогтож байна. Их хэмжээний ам.долларын зээл авдаг. Үйлдвэрээ дэмжихгүй байгаа. Энэ бол хоёр намд байдаг 20,30 өрхийн үйл ажиллагааны илрэл юм. Өргүй монгол хүн байхгүй байна. Баялаг бүтээгчдийг дэмжих бодлого яваагүй. 20,30 гэр бүлийн дэмжих бодлого явсан. тиймээс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг дэмжих хэрэгтэй. Энэ талаар би ярьсан. Харамсалтай нь 20,30 гэр бүл тас зохисон.

-Таныг Улаанбаатар хотын хамаг газрыг зарсан гэдэг . Үүнд тайлбар өгөөч?

М.ЭНХБОЛД

-Би Улаанбаатар хотын захирагчаа долоон жил ажилласан. Миний ажиллаж байх хугацаанд газрын тухай хууль гарсан. Аж ахуй нэгж байгууллага өөрсдийн ашгаар орон сууцны хороолол барих, бүтээн байгуулалт хийх сонирхолтой байсан. Тиймээс би хотын өнгө төрхийг өөрчлөхөд тодорхой хувь нэмэр оруулсан. Өнөөдөр хотын өнгө төрхийг танихааргүй болоход хувь нэмэр оруулсан.

Миний олгосон газар дээр, орон сууцны хороолол, том том барилга боссон. Газрын наймаачин гэдэг нэрийг улстөржиж өгсөн. Харин газрын наймаачин гэж доромжилсон асуудлыг шүүх цагдаад хандаад, шийдүүлж байсан.

-Та улс төрийн хариуцлагыг өөрийн намынхандаа тооцож чадах уу?

С.ГАНБААТАР

-Чадна. МАХН-тай хариуцлагын гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу ажиллана. Хариуцлагатай байснаар ажлын байр нэмэгдэнэ. Дээр нь Тавантолгой ард түмний дундын өмч болно. Монголын хөдөө аж, ахуй эдийн засгийн тулгуур багана болно. Оюутан сурагчдыг төрөөс үнэ төлбөргүй төрөөс даадаг болно. Уул уурхайн баялаг монголын ард түмэнд ашигтай байх ёстой.

-Та гэр бүлээ танилцуулаач?

Х.БАТТУЛГА

-Гэр бүлийн хүний тухай нэлээд яригдаж байгаа. Гэр бүл хамгийн нандин зүйл. Би олон хүүхэдтэй. Миний хүүхдүүд 8-35 насны хүүхэд байдаг. Сая миний гэр бүл рүү дайрсан довтолгоо явсан. Үүнийг болиоч гэж хэлмээр байна. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн заавал гэр бүлээ танилцуулна гэдэг юм байхгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай оронд Тэргүүн хадагтай гэж байдаг. Өнөөдөр манай парламентын засаглалтай. Би миний гэр бүл тийм, ийм гэж яримааргүй байна. Өнөөдөр миний хүүг хар тамхины хэрэгт холбож гүтгэсэн. Үүний уршгаар миний хадам ээж өөд болсон. Миний ард хүчирхэг эмэгтэй бүх зүйлийг хийж байгаа. Гэр бүл бол үнэт зүйл.

22:06 2017-06-24

М.ЭНХБОЛД: ЗАСГИЙН ГАЗРЫГ УДИРДАХДАА ТЭТГЭВЭР, ЦАЛИНГ 3 ДАХИН НЭМСЭН

-Та 2013 онд МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ аваргыг боловсролгүй гэж хэлж байсан. Өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боловсрол хамаагүй болдог, өрөөл нэр дэвшихээр боловсрол чухал болдог хэрэг үү?

Х.БАТТУЛГА

-2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас одоогийн Ерөнхийлөгч, МАН-аас Б.Бат-Эрдэнэ нэр дэвшсэн. Тэр телевизээр яригдсан асуудлын тухайд боловсролгүй гэж яриагүй. Тамирчин хүний хувьд боловсрол эзэмшинэ гэдэг хэцүү, гадагшаа дотогшоо явдаг учраас хэцүү гэж ярьсан.

Би 4 удаа их сургуульд сурсан, хамгийн их хоног сурсан нь 45 хоног.

“Монгол тулгатны 100 эрхэм”-д Б.Бат-Эрдэнийг Монгол улсын аварга гэдгээр нь оруулахдаа энэ явдлыг уучлаарай, юм боддоггүй биз дээ гэж хэлсэн. Улс төрийн намын төлөөллийн хэлсэн үг юм шүү, ойлгоорой гэж хэлсэн.

-М.Энхболд та дөрвөн намын төлөөллөөс бүрдсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг удирдаж байсан. Алдаа, оноо юу байсан бэ?

М.ЭНХБОЛД

-2006 оны нэгдүгээр сараас 2007 оныг дуустал ажилласан. Улс төрийн таван нам оролцсон Засгийн газар байсан. Цаг үе нь ингэж ажиллахыг шаардсан. Нэгдэж, тодорхой ажлуудыг хийж амжуулж чадсандаа нүүр бардам байдаг. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг гурав дахин нэмэгдүүлсэн. 100 орчим сумыг цахилгааны эх үүсвэртэй болгосон. Аймаг, орон нутгийг Улаанбаатар хоттой авто замаар холбох Мянганы замын эхлэлийг тавьсан.

Ардчилсан нам хүүхдэд 10 мянган төгрөг амласныг хийсэн, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Оюутолгой, Тавантолгойн гэрээ хэлцлийг хийж байсан.

Олсон орлогоороо нийгмийн асуудал, бүтээн байгуулалтыг хийж байсан. Эвлэж ажиллавал ихийг бүтээж чаддагийн нэг жишээ болсон.

-С.Ганбаатар та БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан нь үнэн үү, үнэн бол ард түмнээсээ уучлал гуйна уу?

С.ГАНБААТАР

-Энэ бол маш үндэслэлгүй гүтгэлэг. Энэ хоёрын хэн нь хийснийг мэдэхгүй. Хэн нь яаж дэгээдэх вэ гэдэг уралдаанаа зогсоо.

Сонгуулийн ерөнхий хороонд би гэмтэй, хандив өгсөн, уучлал гуйж байна гээд бичиг ирүүлсэн гэж байгаа. Маргааш та бүхэн С.Ганбаатарыг татсан гэдэг сурталчилгаа хийж татах гэж байгаа. Бүлэглэл, оффшорчдод хариуцлага тооцох ёстой.

Би ард түмнээсээ анд нөхдөөсөө хандив авч байгаа. Энэ утгагүй гүтгэлгээ зогсоо.

21:56 2017-06-24

М.ЭНХБОЛД: ТАВАНТОЛГОЙГ АВЧ ИРЭХЭД БИ Ч ОРОЛЦСОН

-Мүүний шашны тухай хуралд суугаа таны бичлэг байна. Та мүүний шашны номлогч уу, шүтэгч үү? Одоо шүтэж байгаа юу?

С.ГАНБААТАР

-Миний бие мөнх тэнгэрийн шүтлэгтэй. Миний аав буддын шүтлэгтэй. Монгол Улсын хөгжлийн талаар ярих гэж байхад ийм арчаагүй юмаа болих хэрэгтэй. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг явуулсан. Тэр урт нэртэй байгууллагыг үтэр түргэн хөөж явуулаач гэж. Ганцхан Д.Дорлигжав сайд хариу өгсөн. Энэ арчаагүй мүүн зүүн гэдэг юм аа үтэр түргэн хөөж гаргах ёстой.

-Тавантолгойн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

Х.БАТТУЛГА

-Тавантолгойн асуудлыг надтай холбож байна. 2007 онд Ардчиллын партизанууд тэмцэж байж Тавантолгойн 96 хувийг Монгол Улсад авч ирсэн. Гэтэл С.Баярын Засгийн газар 100 хувь гадаадад өгсөн байсан. Ингээд 96 хувийг Монголын талд өгсөн удирдагчдын нэг нь би байна. Газрын баялаг гэдэг бол ард түмний өмч. Ардчилсан нам засаглаж байхдаа 1072 ширхэг хувьцааг тараасан. Миний гол зарчим бол ард түмэн баялгаас хувь эзэмшдэг байх ёстой.

-Таныг аядуу тайван хүн гэдэг. Улс төрд таны энэ зан зөөлдөхгүй юу?

М.ЭНХБОЛД

-Улс төрд хүний хувийн зан чанар нөлөөлдөг. Би бол эцэг эхээс заяасан зөөлөн аядуу хүн. Аль болох асуудлын эвийг олох байр сууринаас ханддаг. Эвдрэлцэж байгаа хүмүүсийг эвлэрүүлэх талаас нь ханддаг. Би өөрийн зан чанарыг эрхэлж байгаа ажилдаа зөөлдөнө гэж бодохгүй байна. Асуудлыг чанга байснаар шийднэ гэж бодохгүй байна. Хамтарч ажиллаж байгаа нөхдөдөө хамтрах боломжийг олгох нь чухал. Би бол хамтарч ажиллаж байгаа хүмүүстээ хариуцлага тооцдог байх ёстой гэж боддог. Хариуцлагын хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой. Манай нам хариуцлагын тогтолцоог улам чангаруулах ёстой.

Мэтгэлцээний үеэр гурван нэр дэвшигчээс дараах асуултыг зэрэг асуув.

-Эх орноо гэсэн сэтгэл, эх оронч үзлийг юу гэж боддог вэ?

Х.БАТТУЛГА

-Тавантолгойн ордыг 100 хувь гадаадад өгсөн байсныг би 96 хувийг Монголдоо авч ирж байсан. Монголын төр 37 оноос хойш таван хүнийг буудаж алсан эмгэнэлт хэрэг гарсан. Тухайн үед би жүдогийн холбоогоор дамжуулж эвлэрэл авч ирсэн. Мөн төрт ёсны 800 жилийн ойд зориулан хөшөө босгосон гэдгээрээ бахархаж явдаг.

М.ЭНХБОЛД

-Эх орныхоо нэр хүндийг гадаадад өргөх асуудал чухал юм. Тиймээс олон зуун жилийн турш салшгүй холбоотой байсан морьтон Монголчуудыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг хийсэн. Нөгөө талаар би үндэсний их баяр наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ёстой гэж боддог. Сүхбаатарын талбайг төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй, талбайг засах ажил хийсэн. Би 2007 онд олимпын зардал 50 сая төгрөг байхад 1 тэрбум гаруй болгосон. Тавантолгойн 14 хувийг эзэмшдэг байхад Монголын талд 96 хувь авч ирэх асуудлыг шийдэж байсан. Энэ бол нэг хүний ажил биш. Засгийн газрын кабинетын ажил юм.

С.ГАНБААТАР

-Тавантолгойн 96 хувийг авч ирэхэд олон хүний оролцоо байгаа. Тэр үед хамгийн гол оролцсон хүн Н.Энхбаяр юм. Луйврын асуудлыг Монголын ард түмэнд танилцуулах нь эх оронч үзэл гэж бодож байна. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг үйлдвэрчний эвлэлээр дамжуулж хөндөж тавьдаг байсан. Одоо бэлчээрийн асуудлыг хуульчлах нь чухал байна.

21:42 2017-06-24

С.ГАНБААТАР: АЛАГЧИЛДАГГҮЙ ШҮҮХТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Ерөнхийлөгч хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг томилдог, санал оруулдаг бүрэн эрхтэй. Та шударгаар томилж чадах уу гэсэн асуултад нэр дэвшигчид дараах хариулт өглөө.

С.ГАНБААТАР

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээс томилдог бол УИХ-ын даргыг нам, УИХ-аас томилдог. Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог.

Ерөнхийлөгч төсөвт зарцуулалтад оролцдоггүй. Мөнгө зарцуулж байгаа хоёр субъектийг хянахын тулд Ерөнхийлөгч томилгоо хийдэг. Энэ утгаараа хууль шүүхийн байгууллага намчирхалаас, эрх баригчдаас ангид байх ёстой. Ард түмнээс шууд сонгогддог учир нь энэ.

Хууль шүүх ард түмнийг алагчилдаггүй байх ёстой.

Х.БАТТУЛГА

Шүүх эрх мэдлийн тухай ярьж байна. Шүүгчийн Шүүхийн зөвлөл хуралдаад өргөн мэдүүлдэг, үүнийг Ерөнхийлөгч хянаж үзээд санал оруулдаг. Шударга шүүхийн тухай байнга яригддаг, мөнхийн сэдэв.

Шүүгч нарыг УИХ-аас хараат байлгах асуулт бол шүүх, прокурорын цалин төсөвт ороод ирдэг. Шүүгч нарын цалин УИХ-аар ороод ирэхээр тануулахгүй байх талаар лобби явдаг. Шүүх прокурорын цалинг багцаар нь шийдэж өгч байж, дотроо яаж хуваарилах тухай ярих ёстой болов уу.

Сүүлийн үед шүүх, прокурор улс төржсөн шийдвэр гаргаад байгаа, энэ бол Ерөнхийлөгчтэй холбоотой болов уу.

М.ЭНХБОЛД

Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, шударга ёс тогтоож чадахгүй байна гэдэг санал гомдол их ярьж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн шийдвэрлэх ажлын хүрээнд байдаг шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газарт үнэлэлт дүгнэлт өгч, алдаатай үйл ажиллагаа явуулж байвал хариуцлага тооцдог санаачилгыг Ерөнхийлөгч гаргадаг байх ёстой. Үнэлэлт дүгнэлт өгдөг орчныг бий болгох ёстой.

Шүүхэд шинэчлэл хийсэн, гэхдээ бодитой шинэчлэл хийж чадаагүй. Төв банк, Хөгжлийн банкны үйл ажиллагаа, Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн боловч, бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа. Шүүхэд жинхэнэ шинэчлэлийг хийх ёстой.

21:33 2017-06-24

МЭТГЭЛЦЭЭН ЭХЛЭХИЙН ӨМНӨХ АГШИН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.ЭНХБОЛД: ХОТЫН САНААГ ЗОВООЖ БАЙГАА АСУУДАЛ УТАА МӨН

-Улаанбаатар хотын утааг таныг бий болгосон мэт зарим нь улстөржүүлдэг. Утааг бууруулах талаар та ямар дорвитой арга хэмжээ авах ёстой гэж боддог вэ?

М.ЭНХБОЛД

-Улаанбаатар хотын санааг зовоож байгаа асуудлын нэг бол утаа. Бид энэ асуудлыг олон жил ярьсан. Багагүй хэмжээний мөнгө зарсан. Үр дүнд хүрч чадахгүй байгаа. Энэ бол гэр хороолол өргөжиж байгаатай холбоотой. Цаашид гэр хорооллыг барилгажуулах, иргэдийг орон сууцтай болгох чиглэлээр ажиллах ёстой гэж боддог. Би өмнө нь Засгийн газарт ажиллаж байхдаа “100 мянган айлын орон сууц” төсөл хэрэгжүүлж, амжилттай хэрэгжсэн. Иргэдийг орон сууцтай болгож байж утаа багасна. Харамсалтай нь, “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүүг нэмэгдүүлэх, нөхцөлийг өөрчлөх мэтээр цаашид явах боломжгүй болгосон. Одоо Засгийн газар орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний үр дүнд утаа арилна.

-Та гэр бүлийнхээ талаар тодорхой танилцуулна уу?

С.ГАНБААТАР

-Сайхан асуулт байна. Би гурван охинтой, ханьтайгаа хамт амьдардаг. Өмнөх амьдралын миний охин ижийтэйгээ хамт Лондонд амьдарч байгаа. Би юм нуухгүй. Тэгэхээр би дөрвөн охинтой. Би сайхан Монгол орныхоо төлөө зүтгэж байгаа. Миний хань Архангай аймгийн хүн, эдийн засагч мэргэжилтэй. Гэртээ сайхан амьдрахаас илүү хүүхдүүдийн минь ирээдүй, ядууралгүй, ажилгүйдэлгүй гоё нийгэмд амьдармаар байна. Хүүхдүүдийн минь ирээдүй санаа зовсон асуудал. Бүх монгол аав нийт хүүхдүүдийнхээ эрх ашгийн төлөө зүтгэж байна.

-Билли Лин гэж Сингапурын иргэншилтэй иргэнийг та хэр таних вэ? Таны компанийн гол эзэн гэж хэвлэлээр яваад байна. Үүнд хариулт өгөөч?

Х.БАТТУЛГА

-Билли Лин-ны тухай асуулт Ерөнхийлөгчид орж ирж байгаа нь сонин байна. Хятадын иргэн гэж орж ирж байх шиг байна. Энэ хүнтэй Сингапураас ганзагын наймаа хийж байхдаа танилцсан. МАН-ын олон сайд хамтарч ажилладаг. БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил гэх мэт. Билли Лин Баянгол зочид буудал жижиг гуанз ажиллуулаад олон жил болж байгаа. Энэ хүн Монгол орныг аялал жуулчлалын бүс болоосой гэж боддог жирийн бизнес мэн юм.

21:22 2017-06-24

Х.БАТТУЛГА: МАНАЙ НАМ ШИНЭЧЛЭЛЭЭ ХИЙСЭН

Мэтгэлцээнд оролцогчид Улс төрийн намуудын талаар та ямар байр суурьтай байдаг вэ гэсэн эхний асуултад 2 минутад багтаан хариулт өглөө.

 

 

 

М.ЭНХБОЛД

-Монгол Улс олон намын тогтолцоотой, 20 гаруй жилийн өмнө баталсан Улс төрийн намын тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа. Улс төрийн намуудын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод болгох зэрэг ажил анхаарал татаж байгаа. Ийм учраас Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, улс төрийн намуудын санхүүгийн үйл ажиллагаа ил тод, сонгуульд адил тэгш эрхтэй оролцдог хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд үйлчилсэн хуулийн сайн талыг авч, алдаатай зүйлийг засаж залруулж, парламентын засаглалтай улс төрийн намын тогтолцоо улам боловсронгуй болох ёстой гэсэн байр суурьтай байдаг.

 

С.ГАНБААТАР:

-Манай хоёр нэр дэвшигч энэ олон жил энэ бүхнээ хийхгүй яасан юм бэ. Өнөөдрийн ажилгүйдэл, ядуурлыг эднүүсээс өөр хэн хариуцах юм. Улс төрийн намууд мухардалд орсон. Мөнгө шүтсэн хүмүүсийн барьцаанд орсон байна. МАН, АН хэзээ ч ярьсан зүйлүүдээ хэрэгжүүлэхгүй байгаа. Ажилгүйдэл ядуурлыг бууруулах, намчирхдаггүй баймаар байна. Бодлогын нам баймаар байна. Хариуцлага тооцдог, эрх баригчдыг хянахын тулд хариуцлага тооцохын т улд Монгол Улсын Ерөнхийлөгч нам бус байдлаар шууд сонгогддог байх ёстой.

 

Х.БАТТУЛГА:

-1990 оноос хойш олон намын тогтолцоонд шилжсэн. Манай намын хувьд 2016 онд шинэчлэлээ хийсэн. Намын даргаа бүх гишүүдээрээ сонгодог болсон. Намын дарга болох зорилготой хүн байвал гишүүдтэйгээ нүүр тулан уулзаад сонгогддог болсон. Манай нам түрүүлж шинэчлэлээ хийсэн. 2016 оны сонгуулийн өмнө МАН 60 тэрбум төгрөг гэдгийг босгож, улс төрийн луйвар хийсэн. Энийг шүүх цаг болсон гэж иргэд ярьж байна. Нам ийм байдлаар албыг зараад байх юм бол бусад намуудад үлгэрлэхгүй гэхийн баталгаа байхгүй. Бүх гишүүдээрээ намын даргаа сонгодог, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сонгодог байх ёстой. Үүнийг манай нам эхлүүлсэн.

ЭХ СУРВАЛЖ: https://www.news.mn/?id=3732



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0