Монгол, ОХУ-ын ерөнхийлөгч хоёр талын уулзалт хийлээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын хоёр талын харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ.
Мөн ОХУ-аас Монголд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ОХУ-тай тогтоосон харилцаа бүр сайн харилцаа байдаг. ОХУ-аас оруулсан хөрөнгө оруулалт бүр сайн хөрөнгө оруулалт байдаг. ОХУ-тай бид ямагт сайн харилцаатай явж ирсэн, ямар нэг асуудал энэ харилцаанд үүсэх ёсгүй” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр хоёр талын цаашдын харилцааны талбар, чиглэл өргөн гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: www.ugluu.mn