МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын ЭНХБОЛД саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын ЭНХБОЛД гэргийн хамт 10 цагт нийслэлийн 23 дугаар сургууль дээр очиж саналаа өгсөн байна.
Тэрбээр “Би Монгол улсын иргэний хувьд үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуульд оролцож саналаа өглөө. Энэ жилийн сонгууль улс орны эдийн засаг, нийгмийг хямралаас гаргаж, иргэддээ ээлтэй эдийн засаг хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлнэ. Монголчууд төрийнхөө сонгуулийг хүндэтгэн, мориныхоо дэлийг засч, шинэ дээлээ өмсөж, сонгуульд саналаа өгдөг уламжлалтай ард түмэн. Би энэ удаагийн сонгуульд сонгогч иргэд олон түмэн сонгуульдаа идэвхтэй оролцоосой хэмээн уриалж байна.
Энэ сонгууль эвтэй сайхан сонгууль болоосой. Мөн сонгууль зохион байгуулж байгаа 20 гаруй мянган төрийн албан хаагчдадаа сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсэж, ажлын амжилт ерөөе” гэжээ.