АЖИГЛАГЧИД: Сонгуулийн сурталчилгаа сонгогчдын урмыг хугалсан гэжээ
Манай улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар гадаадын ажиглагчид мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцсон юм.
Тэд хурлын эхэнд сонгуулийн сурталчилгааны хууль тогтоомж авлигатай тэмцэх боломжийг олгоогүй байснаас гадна сонгуулийн үеэр нэр дэвшигчид бие биенээ авлига авсан мэтээр гүтгэж байсныг онцоллоо. Мөн санал авах өдөр олон улсын ажиглагчдын очсон цөөн тооны санал авах байрууд дээр санал хураалт, тоолох үйл явц эмх журамтай явагдаж байсан хэдий ч СЕХ дөнгөж нэгтгэсэн дүнг мэдээлснээр ил тод байдал зарим талаар хязгаарлагдсан гэж дүгнэжээ.
-Нэр дэвшигчид нэгнээ гүтгэсэн нь сонгогчдод ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛСЭН-
Энэ талаар Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене "Ил тод байдал, хариуцлагын талаарх сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг зохицуулсан хууль тогтоомжоор авлигатай холбоотой асуудлуудтай тэмцэх нөхцөл боломжийг олгоогүй байна. Энэ асуудлыг хөндөхдөө нэр дэвшигчид нь харилцан бие биенээ буруутгаж байсан нь сонгогчдод үнэмшихүйц мэдээлэл болж чадсангүй. Тиймээс сонгуулийн сурталчилгаа нь сонгогчдын урмыг хугалж, ялангуяа залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа. Нэр дэвшүүлэх талаар тавьсан хуулийн хоригууд нь жирийн сонгогчийг энэ сонгуульд идэвхтэй оролцоход тус болсонгүй" гэв.
ЕАБХАБ-ын Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики “СЕХ сонгуулийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу сайн зохион байгуулсан. Гэхдээ шүүхүүд дээр нэр дэвшигчидтэй холбоотой хэргүүдийг шалгаж байгаа тул иргэдэд сонголтоо хийхэд ихээхэн эргэлзээ төрүүлж байлаа. Нэр дэвшигч хуулийн дагуу ялалт байгуулж, албан тушаалаа авсан гэсэн итгэлийг сонгогчдод төрүүлэх ёстой байсан юм. Улс төрч хүний хувьд хэлэхэд энэ бол хамгийн том асуудал гэж харагдаж байлаа. Гэхдээ сонгууль нээлттэй боллоо. Удахгүй хоёрдугаар шатны санал хураалт болно. Тиймээс энэхүү санал хураалтыг амжилттай зохион байгуулахад олон нийт эрх бүхий байгууллагуудтайгаа хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн юм.
-Сонгуулийн сурталчилгааны үеэр ТААГҮЙ ЗҮЙЛ ИХ БОЛСОН-
ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс "Миний бодлоор хэдийгээр цөөн тооны алдаа дутагдал байсан ч, Монгол Улсын иргэд ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд жинхэнэ ардчилсан сонгуульд сонголтоо илэрхийлэх боломжтой байлаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болж байсан. Нэр дэвшигч нэг нэгнээ авлига авсан эсхүл гэмт үйлдэл хийсэн мэтээр гүтгэх тохиолдол байсан. Энэ нь иргэдийг сонголтоо хийхэд эргэлзээ төрүүлж байсан. Миний бие болон АИХЭГ-аас ирсэн хамтран ажиллагсад үлдсэн хугацаанд энэхүү сайхан, ардчилсан оронд үр дүнтэй ажиллана гэдэгт найдаж байна" хэмээн дүгнэлтээ хэлэв.
Үүнээс гадна гадаадын ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн гэж дүгнэж байна.
ЭХ СУРВАЛЖ: http://eagle.mn/r/31639